XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан баялаг бүтээгчдэдээ төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэхүү арга хэмжээгээр "Юргана Индастри" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдуламыг эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагналаа.
Тэрээр "Юргана Индастри" ХХК-г 2022 онд үүсгэн байгуулж ургамлын гаралтай органик бүтээгдэхүүн гарган, борлуулж байгаа бөгөөд өдгөө түүний компани 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ажээ. Дотоодын зах зээлд байр суурь нь хурдацтай тэлж байгаагаас гадна зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ Хятад, Казахстанд нийлүүлж байгаа амжилттай яваа бүсгүй юм.
Олон улсын харилцааны мэргэжилтэй, Америкт бизнесийн удирдлагаар суралцсан түүнийг хилийн чанадаас өндөр цалинтай ажилд урьсан ч Urgana брэндийнхээ үнэ цэнийг хэдийнэ мэдэрсэн учраас зуун дамжсан үнэт жороо орчин үеийн техник технологи, мэдлэг боловсролоор баяжуулан дэлхийд танигдах монгол брэнд хөгжүүлэх ажилдаа тэрбээр ханцуй шамлан оржээ. Одоогоор түүний компанид 70 орчим хүн ажиллаж, түүхий эд бэлтгэхээс эхлээд хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүхий л шат дамжлагад гар бие оролцож байна.