Дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил эхлэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
2023 онд батлагдсан Улаанбаатар хотод дүүжин тээвэр ашиглалтад оруулах төслийг Францын "Пома" компанитай хамтран хийж байгаа бөгөөд хүн амын нягтаршил, замын хөдөлгөөн ихтэй зэрэг олон шалтгааныг харгалзан зураг төслийг гаргасан гэв.
Дүүжин тээвэр нь 4,250 метр урт зайд явах ба 19 цамхагтай, эхний цамхагаас эцсийн цамхаг хүртэл нийт 11 минут зарцуулна. Нэг бүхээг нь 10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Нэг талдаа 2,500 зорчигч тээвэрлэнэ гэлээ.
Төслийн нарийвчилсан зураг төсөл дээр Францын "Пома" компани ажиллаж байгаа бол Нийслэлийн удирдлагууд дүүжин тээврийн буудлууд баригдах зай талбайг чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Эхний байдлаар дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ. Туршилт, тохируулга 2025 онд хийгдэж, тус оны арванхоёрдугаар сард бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна гэлээ.