Нийслэлийн ЗДТГ-аас Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хэрэглэгчдийг харин үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу-2024” сар шинийн баяр угтсан үзэсгэлэн худалдаа “Шинэ зуун айл” худалдааны төвд болж байна.
ЧЕНЖИЙН ГАРААС БИШ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНЭЭР АВАХ БОЛОМЖ
“Шинэ зуун айл” төв нь түм түчигнэж, бум бужигнаж байдаг их хөлийн газар буюу Дүнжингарав худалдааны төвөөс 1.8 км-ын зайд байрлах бөгөөд тэнд 10 мянган метр.кв талбайд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 2000 гаруй ЖДҮ эрхлэгчид 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэжээ. Цагаан сар дөхсөн учраас үзэсгэлэн худалдааг зорин ирэх иргэдийн хөл хөдөлгөөн ч нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт ч тэр хэрээр эрс сайжирчээ. Үзэсгэлэн худалдаа хүнс, үндэсний дээл хувцас, бэлэг дурсгал гэсэн гурван хэсэгт төрөлжсөн байлаа.
Гадаа талбайд хонины гулууз мах, үхрийн өвчүү, төрөл төрлийн хөлдөөсөн жимс, жимсгэнэ худалдаалж байсан юм. Нэг дороос олж авч чадахааргүй үндэсний үйлдвэрлэлийн бүхий л бүтээгдэхүүнийг энд нэгтгэн цуглуулжээ.
Хамгийн гол нь ченжийн гараас биш үйлдвэрлэгч, баялаг бүтээгчийн гараас шууд худалдан авалт хийж буй нь үнийн хөөрөгдөлгүй байх давуу тал үүсгэж, худалдагч, худалдан авагч хоёр үнэ хаялцан хямдралтай үнээр хүссэн бараагаа авах боломжийг бүрдүүлчихсэн хэрэг.
Хүнсний тасагт тавгийн идээ засах шар тостой, өрөмтэй ул боов, гүрмэл, мушгиа гэх мэт төрөл бүрийн боов, Архангайн Тамир сумын сүүн ааруул, хорхой, бөөрөнхий ааруулаас эхлээд гараар татсан махтай бууз, жимсний өтгөрүүлсэн шүүс, дархлаа дэмжих бэлдмэл, цай, шоколад, овьёостой чихэр гээд урд өмнө нь олж харж байгаагүй үндэсний үйлдвэрийн амттан тэргүүтнийг нүд баясгам эрээлжлүүлэн дэлгэн тавьжээ.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ЭРЭЛТТЭЙ БАЙНА
“Монголчууд ямар ч юмыг хийж чаддаг болжээ” хэмээн хижээл насны ах хүү Монголд үйлдвэрлэсэн шоколадтай чихэр зарж буй лангууны хажууд зогсоод бахархан ярихтай тааралдав. Импортын бүтээгдэхүүн гэж бодож явсан “Банкя” жигнэмэгээс гадна олон янзын амтат чихэр дэлгэж тавьсан тус лангуу нь “Клоун Ах” ХХК-ийн “Сэвгэр” брэндийн бүтээгдэхүүнүүд ажээ.
Швейцарь технологиор үйлдвэрлэж, ISO9001 чанарын гэрчилгээгээр баталгаажсан 14 нэр төрлийн бүтээгдэхүүнээс гадна гурван бэлгийн багц бүтээгдэхүүнийг тэд хэрэглэгчдэд санал болгож байв. Тус компани бүтээгдэхүүнийхээ орцыг импортоор хүлээн авч, дотооддоо чанаж боловсруулдаг учир үнийн хувьд харьцангуй хямд, сахарын хэмжээ багатай гэдгээрээ давуу талтай аж.
Бэлгийн гоёмсог савлагаатай багцдаа өөрсдийн үйлдвэрийн гурван нэр төрлийн бүтээгдэхүүнийг багтааж 12500-17500 төгрөгөөр борлуулж байсан бөгөөд 1000 төгрөгийн вафли ч зарагдаж байлаа.
Эсрэг талд харин үндэсний үйлдвэрлэгч “Golden gobi” брэндийн үзэмтэй үрэл, шоколадуудыг зарж байлаа. Тус компани нь 50 гаруй нэр төрлийн бараатай үзэсгэлэнд хүрэлцэн иржээ. “Баяр дөхөөд хөл хөдөлгөөн ихэслээ.
Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. Бид ч гэсэн харьцангуй хямд үнээр зарж байгаа. Эргэлт ч маш хурдан байна” хэмээн тус лангуунд ирсэн иргэдэд бүтээгдэхүүнээ тайлбарлах бүсгүй ярив.
Тус компанийн шоколад 3000 төгрөгөөр зарагдаж байсан юм. Сар шинийн баяр дөхмөгц хадгалах хугацаа нь дуусаж, гаднах нь цайрчихсан импортын шоколадыг бөөний үнээр хэмээн 3000 орчим төгрөгөөр зарах тохиолдол их бий.
Гэтэл “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаанд ердөө нэгдүгээр сарын 29-нд үйлдвэрээс гарсан буюу савлагдаад гуравхан хоносон шинэхэн шоколадууд импортын шоколадаас ч хямд үнээр зарагдаж байсан юм.
Жижиг гонзгой 24 ширхэгтэй шоколад 12500 төгрөг. Уг лангуунаас худалдан авалт хийсэн залуу гэр бүл “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд үрэлнээс нь авлаа. Үнэ маш боломжийн байна” хэмээн талархсан сэтгэгдлээ бидэнтэй хуваалцав.
Тэгвэл сар шинийн баярын өдрүүдийн хамгийн эрэлттэй барааны нэг болох тавгийн ул боовны тухайд ширхэг нь 4500-аас эхэлж байлаа. Орц найрлагаас хамаарч үнэ нь өөр, өөр. Мөн тавгийн ааруул кг нь 35000 төгрөг бол Архангайн сүүн ааруул кг нь 40000 төгрөг. “Гараар татсан махтай, ганган сайхан бууз кг-ыг нь 10 мянгад авлаа” хэмээн хошигнох залуу ч бидэнтэй таарсан бөгөөд тогооч нь жигнэж өгөөд амтлуулаад буузаа түүнд борлуулжээ.
ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖСЭН БОДИТ АЖИЛ БУЮУ ТҮРЭЭСИЙН ХӨНГӨЛӨЛТ
Хүнсний тасгийн үүдэнд нэгэн бүсгүй олон үйлчлүүлэгч ширээ тойруулан суулгаад цайгаар дайлж байхтай тааралдав. Тэрбээр, Налайх дүүргийн “Городок”-оос цайны “Хур” брэндээ “өвөртөлсөөр” үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа нь тэр аж. Тэрбээр, “Манай үйлдвэр “Городок”-т байдаг юм. Урд нь манай цайнуудыг нутгийн хүмүүс л мэддэг байлаа.
Үзэсгэлэн худалдаанд оролцсоноор нийслэлчүүдэд таниулж чадлаа. НЗДТГ-аас урсгал зардал, түрээсийн төлбөрийг дааж байгаа нь үнэхээр их дэм болж байгаа. Манайх чага мөөг болон нохойн хошууны цайнаас гадна 250 граммын савлагаатай өрөмтэй, ааруултай цайгаа авчирсан. Өдөрт дунджаар 100 хүнд амталгаа хийлгэлээ. Иргэд маш их сонирхон худалдан авалт хийж, тэр хэрээр орлого ч овоо орлоо. Бүр нэрийн дэлгүүртэй болооч гэсэн хүсэлт ирсэн шүү. Ирэх жил Улаанбаатарт нэрийн дэлгүүртэй болно доо” хэмээн инээмсэглэн ярив.
Тэгвэл “Нийслэлийн Жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын Хэлтсийн дарга Л.Цолмонтуяа “Нэг дороос маш олон үндэсний брэндийг иргэдэд сурталчлан таниулах боломж бүрдүүлж байгаагаараа манай үзэсгэлэн худалдаа маш том ач холбогдолтой. Өнгөрсөн жил цехийн хэмжээнд байсан ЖДҮ эрхлэгч өнөө жил ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлж, компани болон өргөжин үзэсгэлэнд оролцож байна шүү дээ. Ийм байгууллагууд олон ирсэн. Түүнчлэн, хамтын хоршоод ч үүссэн байгаа. Тэднийхээ талархлыг хүлээж аваад сууж байгаадаа туйлын баяртай байна” хэмээн ярилаа.
Анх удаа “Амар байна уу”-д ирсэн гэх “Эрүүл Өргөө” ХХК гэхэд л зөвхөн нэг нэр төрлийн бүтээгдэхүүнтэй зорин иржээ.
Цэвэр жимсний чанамал үйлдвэрлэдэг тус компани өмнө нь ресторан, зочид буудлуудад бүтээгдэхүүнээ том савлагаагаар нийлүүлдэг байсан бол анх удаа сар шинийн баярт зориулан 10 ширхэгтэй бэлгийн багцаа 6000 төгрөгөөр худалдахаар ирсэн байлаа.
Иргэдэд чанарын баталгааг амлах үүднээс нөгөөтээгүүр эрүүл чанартай бүтээгдэхүүнийг хүргэх зорилгынхоо хүрээнд зохион байгуулагчид Мал эмнэлгийн зөөврийн лаборатори хүртэл ажиллуулж байсан юм.
ДЭЭЛ 200 МЯНГААС ЭХЭЛЖ БУЙ БОЛ ХОНИНЫ МАХ КГ НЬ 8000 ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА
Үндэсний хувцас, бэлэг дурсгалын тасаг ч Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнээр дүүрчээ. Арьсан тэлээ, цүнх, гутал, түлхүүрийн оосор, толгойн шанх, загварлаг дээл гээд хүний хэрэгцээ тэнд цөм бүрэн. Нярай хүүхдийн биеийг нухахгүй зөөлөн даавуун дотортой “Нархан” брэндийн дээл, том хүний торгон дээл, бүс малгай ч төрөл төрлөөрөө байна билээ.
Материалын хийц, үнээс шалтгаалж барааны үнэ өөр, өөр. Даавуун дээл 200 мянгаас эхлэх бөгөөд үнэтэй торгоор хийсэн, материал нь чанартай байх тусмаа үнэ нь өндөр. Тэндээс худалдан авалт хийж байсан нэгэн иргэн “Манай залуус дээлийг маш гоё урлаж чадаж байна. Тансаг, загварлаг дээл хувцас олон байх юм. Хараад л явж байна” хэмээв. Мөн өвөө, эмээгээ дагуулсан залуус тус тасагт зөрөх зайгүй холхино.
Нэг павилонд гэхэд л 3-5 ЖДҮ эрхлэгч гэр бүл дээл хувцсаа эгнүүлэн өлгөчихөөд худалдан авагчдад үйлчилж байлаа. Харин гадна талбайд Сүхбаатар, Хэнтийгээс ирсэн малчид хонины гулууз, үхрийн өвчүүгээ зарж байв. Гулууз махны хувьд кг-ыг нь 8000-8500 төгрөгөөр зарах бөгөөд жингээс хамаарч үнэ хэлбэлзэх аж.
“Би Хэнтий аймгаас ирсэн малчин хүн. Ер нь хоосонгүй шүү. Өдөрт багадаа хоёроос гурван ууц зарж байгаа. Цагаан сар дөхөөд өнөөдрөөс иргэдийн урсгал нэмэгдлээ. Тарга, тэвээрэг мэддэг хүн л манайхаас авч байна даа. Манайх илүү нугаламтай барга хонины гулууз. Энгийн хониноос урт гэсэн үг. Хамгийн бага нь 27 кг, хамгийн том нь 46 кг татсан. Тарга, тэвээрэг, килограммаасаа хамаарч үнэ өөр байгаа” хэмээн малчин залуу хуучлав.
Монгол орны ихэнх нутагт цас зудтай нөхцөл байдал хүндхэн байгаа ч малчид өөрсдийн өсгөж бойжуулсан мал, махныхаа үнийг тогтвортой төвшинд барьж худалдаж байгааг зохион байгуулагчид ч онцолж байлаа.
Тиймээс нийслэлчүүд ширээнд тавих ууц, өвчүүгээ малчдын гараас бусад бараа бүтээгдэхүүнтэйгээ адил нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлсэн тус үзэсгэлэн худалдааг цаг гарган зориод очиход гэмгүй болов уу. Үүнээс гадна бүтээгдэхүүн эрүүл чанартай гэдгийг амлах Мал эмнэлгийн явуулын лаборатори ч ажиллаж байгааг өмнө нь дуулгасан шүү дээ.
ЖДҮ ЭРХЛЭГЧИД ХОЁР ДАХИН НЭМЭГДЭЖ, БОРЛУУЛАЛТ НЬ 48 ТЭРБУМЫГ ДАВАХ УУ
Өнгөрсөн жил анх удаагаа зохион байгуулагдсан “Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаагаар үндэсний үйлдвэрлэгчид 48.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж байсан бол өнөө жил тус амжилтаа давуулан биелүүлэх зорилго тавьжээ. Энэ удаагийн үйл ажиллагаанд оролцох оролцогчдын тоо ч хоёр дахин нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл 45 мянгад хүрсэн гэх тооцоог албаныхан гаргасан байв.
Л.Цолмонтуяа хэлэхдээ “Нээгдсэн цагаас эхлэн худалдан авалт сайн байгаа. Гараас гарт үйлчилгээ бол бидний үйл ажиллагааны гол зорилго юм. Манайд 69000 төгрөгийн ааруул гэж байхгүй. Ченжийн нэмэгдэлгүй борлуулж байна гэсэн үг. Амт чанарын хувьд өргөн сонголттой байгаа. Хамгийн хямд үнийг санал болголоо. Нэг ч ЖДҮ эрхлэгчээс талбайн түрээс авдаггүй. Түрээсийн дарамтгүй учир хямд үнийн бодлого баримталж байна.
Нийслэлд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаагаар ЖДҮ эрхлэгчид аль болох олон бараа бүтээгдэхүүнээ худалдаж чадвал тэр л бидний баяр бас амжилт.
Бид ядаж саван, чихэр, жимснийхээ хэрэглээг 100 хувь дотоодоосоо хангадаг болчихвол ЖДҮ эрхлэгчид маань ч сэргээд ирнэ.
Өнөө жил борлуулалтын орлогоо маш өөдрөгөөр харж байгаа. Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан. Энэ жил хоёр дахин өсгөх хүлээлттэй байна. Төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байсан ч өнгөрсөн жилийн борлуулалтыг давна” гэлээ.
Төгсгөлд нь дуулгахад, “Шинэ зуун айл” төвд Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, Голомт банк, Бизнес инновац хөгжлийн газар, Мал эмнэлгийн явуулын лабораториос эхлээд хэв журам, нийтийн тээвэр, тээврийн цагдаа, зам арчилгаа гэх мэт нийслэлийн салбар байгууллагууд энэ өдрүүдэд ажиллаж иргэдэд хүрч үйлчилж байсан нь олон ч худалдааны төвд явагдаж буй үзэсгэлэн худалдаанаас ялгарах том давуу тал байсныг онцлох нь зүйн хэрэг.
Хүний хэрэгцээ цөм бүрэн гэгчээр иргэн танд хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дор цогцлоож чадсан байна билээ. Биднийг үзэсгэлэн худалдааг орхин гарахад ажлын цаг дуусаж байсан ч зорин ирэх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байв. Гэлээ ч тэдэнд зогсоолгүйн зовлон байсангүй. Бас сонголтгүй гэж гомдоллох шалтгаан ч байхгүй.