ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО СУРВАЛЖИЛГААС ҮЗНЭ ҮҮ
Дөн өвлийн хүйтэнд автобус хүлээн цаг гаруй зогсож буй иргэд “үгээ хэлж” бухимдаж буй юм. Сүүлийн жилд парк шинэчлэл хийж, автобусны хүрэлцээг сайжруулсан гэж сайрхах эрх баригчид, нийтийн тээврийн хүрэлцээ хийгээд түгжрэлийн асуудлаа анхаарах шаардлагатай байгааг олон нийт онцолж байна.
Тэд ярихдаа,
- Өчигдөр оройн 18 цаг 30 минут минутад МУБИС-ийн буудал дээрээс 21 дүгээр хороолол чиглэлийн автобусанд суулаа. 2 цаг 30 минут орчим түгжирч байж, зорьсон газраа хүрлээ. Энэ хооронд автобусан дотор "Хүүе, урагшаа хойшоо яваад өгөөч ээ. Алив жаахан шахаадхаач. Ямар мал ачиж яваа биш дээ. Малыг ч ингэж ачихгүй дээ. Арай дэндүү юм" гэх зэргээр унаандаа багтаж явах гэсэн "их тэмцэл" зогссон буудал болгонд өрнөдөг. Товчхондоо, хуучирч муудсанд автобусандаа багтахгүй хэвээр л байна. Шинэ автобуснууд нь хаана ч байгаа юм. Хажууханд зогссон хоёр сурагч охин хошигноод ярьж байсан. "Гадаа машин нь зам дээрээ багтахгүй. Дотроо хүмүүс нь түгжрээд багтахгүй. Орой очоод юун гэрийн даалгавар. Шууд л ядраад унтаад өгдөг. Хаа сайгүй түгжрээ" гээд. Гүрийхээс өөр аргагүй асуудал болоод байна. Хэлэх үг ч алга.
- Өвлийн хүйтэнд, бараг цаг гаруй автобус хүлээж байна. Нэг ирсэн автобусанд нь хүмүүс багталцаж ядаад, сууж чадалгүй хоцрох нь их. Би ч яах вэ гэхэд, надтай хамт олон бага насны хүүхдүүд үлддэг нь үнэхээр хэцүү.
- Би өглөө ажилдаа 5:50 минут гэж гардаг. Ажлаасаа хоцрохгүйн тулд шүү дээ. Гэсэн ч 6:20-6:30 хүртэл автобусаа хүлээгээд зогсоно. Гуйж байж л автобусандаа сууна шүү дээ. Араас нь гүйгээд л. Нийтийн тээврийн оргил ачааллын үе биш хэдий ч автобусны буудал автобус хүлээсэн хүмүүсээр дүүрэн байдаг. Хүрэлцээ муу, дээр нь түгжрэлийн асуудал үнэхээр аймшиг.
АВТОБУСНЫ ЭРГЭЛТ САЙН БАЙГАА Ч ХҮНЭЭ ДИЙЛЭХГҮЙ БАЙНА ГЭВ
Иргэд бухимдахдаа байр сууриа ийнхүү илэрхийллээ. Бид үргэлжлүүлэн автобусны жолоочоос байр суурь болон нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
Жолооч: Өглөө оройдоо автобус хангалттай явж байгаа. Гэсэн ч хүнээ дийлэхгүй байна. Урд өмнө жилүүдэд ч ийм байгаагүй санагдах юм. Жолооч бидний хувьд ч үнэхээр хэцүүхэн байна. Автобусны буудал дээр хүн үлээхгүй байхыг хичээгээд чихээд л суулгадаг. Багтахгүй үлдээх тохиолдол багагүй гардаг нь нуух асуудал биш гэлээ.
Х.НЯМБААТАР ДАРГА АА, АЖЛАА ХИЙ !!!
Өнгөрсөн оны сүүлээр 35 шинэ автобус үйлчилгээнд оруулсан. Хэдийгээр парк шинэчлэлээ зах зухаас нь хийж буй нь сайн хэрэг ч, асуудлыг шийдэх хэмжээний ажил болж чадсангүй. Иргэд ажил, сургуульдаа явах гэж цаг гаруй автобус хүлээж түгжирч явсаар хичээлдээ, ажилдаа хоцорч ирнэ. Ингээд орой гэртээ харих гэсээр мөн л хөлдөж үхэхийн эрмэг дээр гэрийн бараа хардаг олон нийтийн “өвлийн зовлон” нимгэрэхгүй явсаар олон жил тойрлоо. Жил бүр энэ асуудал хөндөгдөж, уур уцаараа барьж ядсан иргэдийн бодит байдлыг харж шийдээч Х.Нямбаатар дарга аа!!!