“Хүчирхийлэл гэдгийг би аав, ээж жаахан чанга дуугаар хашхирхыг хэлдэг гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ үнэхээр аймшигтай зүйл байсан. Зодох нь байтугай бараг алахын наагуур болдог гэдгийг “Ээж” ОАК-нд тоглоод, ойлгосон” гэж ярих охиныг Б.Эгшиглэн гэдэг. Тэрээр дэлхийн найман оронд өөр өөр хувилбараар үзэгчдэд хүрсэн, хүүхдийн хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болж буй тус киноны гол дүр болох Хулан гэх охины дүрийг бүтээж, үзэгчдээс магтаал, сайшаалыг хүртээд буй.
Тэрээр “Мэргэжлийн жүжигчин биш болохоор олон ангит киноны гол дүр бүтээхэд хэцүү байсан. Надаас миний чадахгүй жүжиглэлтийг шаардахад шантармаар санагдаж байсан. Харин бусад жижиг сценүүд дажгүй байсан. Би өмнө шторк, реклам зэрэгт дүр бүтээж байсан болохоор гайгүй байсан.
Киногоо үзэхэд гоё бас аймар санагдаж байна. Анх удаа кинонд тоглоод, зурагтаар гарч байгаа болохоор киногоо үзэж чадахгүй. Киногоо үзэхдээ хөнжлөө тэврээд хэвтээд үздэг. Яг өөрийнхөө хэсэг гарахаар ичээд байдаг болохоор хөнжлөө нөмөрчихдөг. Гэхдээ өөрийгөө гол дүр бүтээгээд, зурагтаар гарч байна гэж бодохоор их гоё байна.
Манай аав мэргэжлийн жүжигчин болохоор миний чадахгүй зүйлийг зааж, туслаад “үүнийг ингэдэг, ингэж уншдаг” гээд л. Би анх зохиол гэж мэдэхгүй. Зүгээр л унш гээд өгч байгаа юм болов уу гэж бодтол “үүнийг уншаад жүжиглэлтдээ бэлддэг” гээд л аав надад маш олон зүйл зааж өгсөн.
Манай аав кинонд ч, амьдралд ч миний төрсөн аав. Кино үзсэн хүмүүс “аавдаа гомдсон уу, дургүй хүрсэн үү” гэж их асуусан. Би аавыгаа хараад “Энэ яг амьдрал дээрх миний аав мөн үү” л гэж бодсон. Хүчирхийллийг харуулдаг сценүүдэд ааваас их айсан.
Би хүчирхийлүүлдэг охины дүр бүтээсэн. Хүчирхийлэл гэдэг маш харгис гэмт хэрэг. Биднийг аав, ээж зүгээр л сайхан загинадаг. “Чи ингэ, тэг” гээд. Хүчирхийлэл гэхээр иймэрхүү л байх гэж бодож байсан. Ээж, аав нь жаахан чанга хашхираад л. Гэтэл үгүй байсан. Бараг алах шахуу болдог юм билээ. Хүүхдээ хайрладаггүй эцэг, эх байдаг гэдгийг л мэдсэн.
Би аав, ээж хоёрынхоо амь нь. Аав, ээж хоёрыгоо байнга л хайрлана. Намайг төрүүлж, өдий болтол өсгөж, хайрлаж, хүчирхийлэлгүй, аз жаргалтай байлгадагт баярлалаа гэж хэлмээр байна.
Би мэргэжлийн биш ч ааваасаа их зүйл сурдаг. Манай аав Аглуу энтертайнментийн жүжигчин. Би хошин шог үзэх дуртай болохоор аавын хажууд дандаа хамт байж тусалдаг. Тэнд олон мундаг жүжигчин байгаа ч миний аав илүү мундаг жүжиглээд, илүү гоё гоцолж харагддаг. Аав, ээж хоёр хоёулаа жүжигчин болохоор үлгэр дуурайлал авдаг.
Би чөлөөт цагаараа усанд сэлдэг. Чингэлтэй дүүргийн усанд сэлэх спортын шигшээгийн тамирчин. Одоо гуравдугаар сард болох Өсвөрийн УАШТ-д бэлдэж байна. Би сэлж байхдаа тайвширлыг мэдэрдэг. Уурласан үедээ бассейн руугаа явъя л гэж боддог. Орон дээрээ доошоо харж хэвтээд уурлаж байснаа нээрээ бассейн руу явъя гэж бодоод, хувцсаа баглаад очиж, бассейндаа хэдэн цаг сэлээд, буцаж ирэхдээ гоё гэгээрлийг мэдрээд ирдэг.
“VOO”, "Green show production", “Lebu Мotion Рictures”-ийн хамтын бүтээл "Ээж" ОАК Боловсрол телевизээр амралтын өдрүүдэд 22 цагаас, Voo- зургаадугаар анги хүртлээ орсон байгаа аж.
Энэхүү кино нь бэрхшээлтэй тулгарсан хүүхэд бүрийг энэрэн нигүүлсэхүй, хамгаалалт, болзолгүй хайрын халуун дулаанаар хүрээлүүлсэн ертөнцийг бий болгож, чимээгүй байдлын мөчлөгийг эвдэж, тэдний гэнэн цайлган сэтгэлээр дүүрэн ирээдүйг төлөвшүүлэхийн төлөөх тэмцлийг өгүүлэх юм.