БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кион Хи нэгэн пастораас “Dior” брендийн цүнх авч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Тус бичлэг нь удахгүй болох БНСУ-ын парламентын сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй байна.
Тухайн бичлэгийг бэлэг өгсөн пастор нууцаар хийсэн бөгөөд тэргүүн хатагтайд гурван сая вонны үнэ бүхий цүнх бэлэглэсэн аж. Ким Кион Хи түүний бэлгийг хүлээж авахдаа “Та яагаад надад бэлэг сэлт өгөөд байдаг юм бэ” гэж хэлсэн нь бичлэгт үлджээ. Тус бичлэг нь 2022 онд хийгдсэн байх өндөр магадлалтайг хэвлэлүүд онцолж буй.
Урьдчилсан санал хураалтаар сонгуулийн насны иргэдийн 69 хувь нь ерөнхийлөгчөөсөө тайлбар хүсэж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн сард явуулсан санал асуулгаар оролцогчдын 53 хувь нь тэргүүн хатагтайн үйлдлийг “ёс бус” байсан гэж үзжээ. Учир нь ийм үнэтэй бэлэг пастороос авна гэдэг авлигын асуудалтай холбоотой гэж ард иргэд нь хардаж байгаа аж. Энэ асуудлын сөрөг хүчний нам ч гол сэдэв болгон сонгуулийн өмнө ашиглаж эхэлжээ.