Бид их хэмжээний газ тээвэрлэж явсан машинаас үүдэлтэй дэлбэрэлтийн үйл явцыг хоёр өөр салбарын мэргэжилтнүүдээс тодрууллаа. Тэдний хэлж буйгаар агаарт тарсан газ галын дэмжлэг авсан буюу машины яндангаас үсэрсэн очноос үүдэн дэлбэрсэн байх боломжтой юм.
ХАБЭА-н мэргэшсэн мэргэжилтэн, ХАБЭА-н удирдлагын докторант О.Одбаяр "Нэгдүгээрт, тэр жолооч өөрөө урт тэргээр аюултай ачаа тээвэрлэж явж байсан. Эргэлт хийхэд нь давхар машин орж ирсэн. Олны яриад байгаа толинд харагдахгүй сохор бүс мэдээж байдаг. Тэр бүсээр жижиг тэрэг орж ирсэн юм шиг байгаа юм. Машинд шахагдаад, тодорхой хавиралт үүсэхэд зогсолт хийсэн. Машин хавиралдах үед магадгүй газаа савладаг, шахдаг хоолой нь гэмтсэн. Түүний улмаас газ алдагдаж байгаа юм. Бичлэгээс харахад их хэмжээний цагаан утаа тархаж байгаа юм шиг харагдаж байгаа. Энэ нь газ агаарт нэгдээд шууд хийн хэлбэрт орж байна гэсэн үг. Газ их хэмжээгээр алдагдчихсан үед хавиралтаас үүссэн оч эсвэл машины яндангаас үсэрсэн оч галын эх үүсвэр болж, үүний улмаас дэлбэрэлт болов уу гэж харж байгаа"
НЭМҮТ-ийн хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин: "60 тонн LPG буюу Liquefied petroleum gas агаарын атомоос хүнд учраас доош тархсан. Тухайн үед гадаа -20 градус байсан. Дулаан үед газ өөрөө дэлбэрэх эрсдэлтэй байдаг бол гадна орчинд ялангуяа хүйтэнд бусад эх үүсвэр буюу галын дэмжлэг авсны улмаас шатаж, гал гардаг. Та бүхэн харсан байх. Газ хэр их зайд тархсан тэр болгоныг тооцож, шинжилж байгаа. НЭМҮТ-ийн лавлагаа лабораторийн зөөврийн багажаар үзэхэд агаар дахь газны хэмжээ хэвийн хэмжээнээс доогуур буюу аюулгүй хэмжээнд байгаа гэсэн дүгнэлт гарсан. Хэрвээ органик хийд хордсон тохиолдолд хордсон хүний биед хариу урвал үзүүлнэ. Өөрөөр хэлбэл гар салганах, бөөлжих, толгой эргэх гэх мэт шинж тэмдгүүд үзүүлнэ. Хэрвээ эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд та бүхэн яаралтай түргэн тусламжийн тасагт хандаарай" гэлээ.