АНУ-ын Alaska Airlines компанийн Boeing 737 Max 9 нисэх онгоцны хажуугийн хэсэг нислэгийн үеэр салж унасан хэрэг энэ сарын эхээр болсон. Тэгвэл АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа Boeing онгоцны өөр загварыг шалгах хэрэгтэй талаар мэдээлжээ.
Тодруулбал, тус захиргаанаас 737-900 ER загварт шалгалт хийх хэрэгтэйг сануулж, уг загвар нь 737 Max 9-тэй ижил хаалга хэрэглэдгийг анхааруулжээ.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ заавал авах шаардлагатайг хэлсэн юм. Хэдий 737-900 ER-тай холбоотой ямар ч асуудал гараагүй боловч урьдчилан сэргийлэх нь юу юунаас илүү чухал гэдгийг мэргэжилтнүүд мөн онцолж байна.
Энэ сарын 5-нд Орегоноос Калифорни явж байсан Alaska Airlines-ийн онгоцны хажуу хэсэг салж унаснаас болж тус захиргаа ижил загварын онгоцуудын нислэгийг зогсооход хүрсэн. Түүнчлэн Боинг компанийн хувьцаа энэ хэргийн дараа чамгүй унасан. Одоогоор нислэгийг нь цуцалсан 40 гаруй онгоцонд шалгалт явуулж дууссан ба хэзээ эргэн ажиллагаанд оруулах нь тодорхойгүй байна.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа Боинг компанийн үйлдвэрлэлийг хянан судалж байгаа ба тус салсан хэсгийг ханган нийлүүлдэг Spirit AeroSystems-ийг мөн шалгаж байгаа аж.
Энэ хэрэг болсны дараа Боинг компани үйлдвэрлэлийнхээ хяналт шалгалтын чанарыг нэмэгдүүлнэ гэсэн юм. Хяналт шалгалтад оруулах хэрэгтэй гэж үзэж буй 737-900ER загварууд нь шинэ үеийн 737 Max 9 шиг осол авалгүйгээр 11 сая цаг нислэг үйлдсэн аж.