Нийтэлсэн:
Админ 2024.01.21 10:35
Боловсролын зээлийн сангаас 1993 оноос 2016 оны хооронд дотоодын их сургуульд суралцагчдийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн зээл олгож байв. Энэ хугацаанд сургалтын төлбөрийн зээл авсан иргэд зээлээ төлөөгүйгээс 13264 диплом барьцаанд хадгалагдаж байгаа аж. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгч Б.Амарсанаа: "Мэдээж тухайн зээл нь гаргасан хууль тогтоомж дүрмийн дагуу тодорхой нөхцөл, шалгуураа хангасан хүмүүст олгогдсон байна. Гэтэл одоог хүртэл бүрэн төлөгдөж дуусаагүй. Тус зээл нь нийт мөнгөн дүнгээр 14.6 тэрбум төгрөгтэй дүйцэж байна. Барьцаанд тавьсан хамгийн хуучин диплом нь 1998 онд хамаарагдана. Тиймээс одоо энэ барьцаанд байгаа дипломын эзэд нь харж байвал төлбөрөө төлөн, дипломоо буцааж аван өр төлбөрөө барагдуулна уу. Нэгэн цагт та бүхэн улсаасаа зээл аваад өөрсдийн амьдрал ахуйгаа дээшлүүлэх алхмаа эхлүүлсэн бол одоо яг энэ санхүүжилт дутагдаж байгаа хэн нэгний боломжоос хойш таталгүйгээр хариуцлагаа ухамсарлана уу" гэлээ.