Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой асуудлаар Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа. Тэрээр гадаадын иргэнд газар ашиглуулах тухай заалтыг буруу ойлгож, улс орны хөгжилд хэрэгтэй чухал хуулийг боомилох гэж байна гэдгийг онцоллоо.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн төсөлд танай байгууллагаас ямар саналууд хүргүүлсэн бэ?
-Манай танхимаас энэ хуулийн төсөлд 80 орчим санал хүргүүлсэн. зарим саналууд маань тусаж орсон байна. тухайлбал, 100 мянган долларын босгыг болиулъя. Гадаадын хөрөнгө оруулагчдад ийм илүү саад тотгор шаардлагагүй. Мөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагаа сайн биш байна. үүнийг хуульчилж өгвөл үйл ажиллагаа нь илүү идэвхтэй байх болов уу гэсэн саналууд байсан. Маргаан таслах талд ялангуяа татварын, бизнесийн маргаантай асуудал шүүхээр шийдэгдэхгүй их удаж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд энэ асуудлыг хөндөж, аль болох хоёр талаас эвлэрдэг байх. Ингээгүй учраас цаашаа арбитрт хэрэг нь шилжиж, түүнээс шалтгаалан хөрөнгө оруулагч, засгийн газрын нэр хүндэд халтай асуудлууд болох учраас наана нь эв зүйгээр шийдвэрлэдэг болъё гэдэг саналуудыг өгсөн. Эд нар маань тодорхой хэмжээнд туссан.
Зарим нэг тусгагдаагүй саналууд ч бий. Тухайлбал, хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын орчноос өрсөлдөхүйц бусдаас илүү таатай нөхцөл бий болгохын тулд янз бүрийн урамшууллуудыг олгох хэрэгтэй. Ялангуяа татварын урамшуулал. Одоогийн 2013 онд батлагдсан хөрөнгө оруулалтын хуулиар тодорхой тооны хөрөнгө оруулагчид нанотехнологи, барилгын салбарт хөрөнгө оруулалт татсан тохиолдолд барилгын ажлынх нь явцад гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ заалтуудыг шинэ хуулийн төсөлд байхгүйгээр буюу нийтэд нь татварын хуульд оруулна гэсэн шалтгаанаар авсан. Үүнийг үлдээх шаардлагатай. Учир нь хөрөнгө оруулалты орчноо сайжруулж, хөрөнгө оруулагчдыг татъя гэвэл бусдаас илүү таатай нөхцөлийн бий болгох ёстой гэдэг саналыг хэлж байсан.
-Одоогийн хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна вэ. Юуг нь сайжруулах шаардлагатай вэ?
-Одоогийн хөрөнгө оруулалтын орчин хөрөнгө оруулагчид харзнасан, хүлээсэн байдалтай байна. Цар тахлын дараа маш олон бизнес хэцүү байдалд орсон. Дэлхий даяар хөрөнгө оруулалтын салбар харзнасан, хүлээсэн байдалтай байна. Манай улсын хөрөнгө оруулалтын орчны хувьд сайжруулах шаардлагатай зүйлс бий. Тухайлбал, яригдаад буй энэ хуулийг баталж гаргах шаардлагатай. Тэр дундаа энд дурдаж буй шүүхээр аливаа асуудлыг удаан хугацаанд шийддэг. Бусад орнуудтай харьцуулахад татварын орчин таатай бус. Мөн авлига хээл хахуулийн асуудал бий. Аливаа нэгэн бизнес эрхлэхэд заавал гар хүндрүүлэх гэх мэт алхмуудтай тулгардаг. Тухайн хөрөнгө оруулагч монгол түншүүддээ ямар нэгэн хэлбэрээр хуурагддаг, хохирдог, дээрэмдүүлдэг, дарамтад ордог гэх мэт тохиолдлууд бий. Тиймээс үүнийг өөрчлөхийн тулд хууль эрх зүйн орчныг таатай, тогтвортой болгох шаардлагатай.
Энэ нь зөвхөн хөрөнгө оруулалтын асуудал биш. Цогцоор нь шийдэх ёстой. Ашигт малтмалын тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийн асуудал, шүүхийн шийдвэр үйл явцын асуудал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, бүртгэлийн албанд бүртгэхдээ хэрхэн тооцох вэ, татварын алба гээд цогцоор нь шийдвэрлэж байж хөрөнгө оруулалтын орчин таатай болно.
-Гадаадын хөрөнгө оруулагчдад газар эзэмшүүлэх нь буруу гээд хүмүүс жагсаж байсан. Энэ заалтууд нь хуулийн төсөлд бий юу?
-2013 онд батлагдсан хуульд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэдэг заалт нь бий. Шинэ хуулийн төсөлд ашиглуулах гэж орсон байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байгаагаас илүү дордуулж, эрхийг нь хасаж байна гэсэн үг. Үүнийг улс төржүүлж, гадаадынханд 100 жилээр газар эзэмшүүлэх гээд байна гэдэг асуудал ярьж байна. Энэ нь худал мэдээлэл. Хүмүүсийн дунд төөрөгдөл бий болгож, эмх замбараагүй байдал үүсгэж байгаа нь тодорхой хэмжээгээр сонгуультай холбоотой байх. Улс төрийн асуудал болгож, улс төржүүлж байна.
Манайхан хөрөнгө оруулалтын тухай хуулиа батлангуут л хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд эхэлнэ гэж буруу ойлгож болохгүй. Энэ нь цогц тогтолцоо учраас цогцоор нь хийж байж хөрөнгө оруулалт татна. Мөн Монголд хөрөнгө оруулалт хийх гээд хөрөнгө оруулагчид оочирлож байгаа зүйл байхгүй. Аль болох таатай газар хөрөнгө оруулах гээд судалж байгаа. Бид тэдэнтэй өрсөлдөж, хөрөнгө оруулалт татаж “Манайд ийм сайхан орчин байна. Манайд ийм урамшуулал, боломжууд олгож байна. Газраа ашиглуулах гэж байна. Та нар ирж ашиглаач” гэж хандах ёстой. Гэтэл бид дийлэнхдээ “Биднийг хүлээж байна. Энэ хуулийг батлангуут л хүмүүс ороод ирнэ” гэсэн буруу ойлголттой байна.
Иргэд эзэмшүүлэх, ашиглуулах гэдэг хоёр үгийг л ялгаж ойлгохгүй байна. Ашиглуулах гэдэг нь тухайн ашиглаж буй газраа барьцаанд тавьж болохгүй. Хэн нэгэнд эрхээ шилжүүлж болохгүй эрх. Харин эзэмшүүлэх эрх нь зөвхөн Монгол улсын ААН, иргэнд хамаатай асуудал. Өмчлөх гэдэг нь бүр тусдаа Монгол улсын иргэн газар өмчилж, түүнийгээ хэн нэгэнд зарах, захиран зарцуулах, шилжүүлэх бүх эрх нь бий. Гэтэл ашиглуулах эрхэд тийм зүйл байхгүй. Мөн ямар нэгэн тусгай зориулалтаар тухайн газрыг улс өөртөө авахад нөхөн төлбөр олгохгүй эрх.
Хөрөнгө оруулагчид ямар нэгэн үйлдвэр байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явууллаа гэхэд газар ашиглана. Нэгэнт газар аваад явж болохгүй учраас үүнийг зөвөөр ойлгуулахгүй бол улстөржүүлж, улс орны хөгжилд хэрэгтэй хуулийг боомилох гээд байна.
-Манай байгууллага АНУ-ын талаас хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт оруулъя гэсэн сонирхол байна. Бид АНУ-ын Элчин сайдын яамтай хамтраад хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулагчдын уулзалт хийх, монгол авч ирж, таниулах ажлыг намар хийхээр төлөвлөж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.