54 дэх удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулган Швейцарын Давос хотноо энэ Даваа гарагаас эхэллээ. Тус чуулган энэ сарын 15-наас 19-ний хооронд “Итгэлцлийг сэргээх нь” гэх уриан дор зохион байгуулагдаж байна. Энэ жилийн дэлхийн эдийн засгийн чуулганд нийт 2800 элч, төлөөлөгчид оролцож байна.
Тодруулбал, 1600 гаруй бизнесийн салбарын манлайлагид, мөн 60 гаруй улсын төр, засгийн газрын тэргүүн болон салбар салбарын онцлох хүмүүс багтаж байгаа юм.
“Дэлхийн эдийн засгийн чуулган 2024”-т олон онцлох зочид оролцож байна. Тухайлбал, БНХАУ-ын ерөнхий сайд Ли Чян Давост ирсэн нь БНХАУ 2017 оноос хойш анх удаа төрийн өндөр албан тушаалтны хэмжээнд оролцож буй үйл явдал болж байна. Тэрбээр өчигдөр Дэлхийн эдийн засгийн чуулганы индэр дээрээс улс орнуудад хандаж, Хятадын холбогдох салбар дахь байр суурийг илэрхийлсэн илтгэл тавьлаа. Хятадын ерөнхий сайд нэн тэргүүнд хурдтай хөгжиж буй технологийн инновацийг бусад улс орныг хязгаарлахад ашиглаж болохгүй талаар дурдсан юм. Харин эрүүл өрсөлдөөнийг бий болгох, технологийн хөгжлийг улам нэмэгдүүлэхэд инновацийн хамтын ажиллагааг чухалчлах нь цорын ганц зөв арга зам гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ хязгаалалт гэдэгт тэрбээр аль нэг улсыг нэр цохож дурдсангүй. Хятадын хувьд өөрсдийнх нь компаниудад тавьсан Америкийн хориг арга хэмжээг цуцлахыг удаа дараа хэлсээр ирсэн юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ Хятадыг хиймэл оюунд ашигладаг хагас дамжуулагчаас салгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн байдаг. Илтгэлийнхээ дараа Хятадын ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, санаачлагч Клаус Швабтай ярилцах үеэрээ хиймэл оюуны эрсдэл, боломжуудын талаар ярилцсан байна. Тухайлбал, хүний бүтээсэн машинууд хүн төрөлхтнийг бус, хүмүүс өөрсдөө эдгээр машиныг удирдах ёстой ба үүнд тодорхой зааг, хязгаар тавьж өгөх шаардлагатайг сануулсаэ юм. Open AI компанийн CHAT GPT жил гаруйн өмнө хэрэглээнд нэвтэрснээсээ хойш дэлхий даяар хэдэн зуун сая хэрэглэгчтэй болсон. Гэхдээ энэ чатбот нь Хятадад нэвтрээгүй байгаа юм. Харин Baidu, Alibaba зэрэг Хятадын компаниудын төстэй чатботууд тус улсад ашиглагдах эрхээ эрх баричгдаасаа өнгөрсөн зун авсан билээ.
Эдийн засгийн тухайд, Хятадын ерөнхий сайд Хятад улс нь олон талт байдлыг дэмжигч хийгээд олон улсын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийг уриалсан юм.