МСБХ-ны Үндэсний дээд лигийн "Бүх одод 2024" холимог оддын тоглолтод эх орныхоо нэрийг Европ тивд хөлбөмбөгийн спортоор дуурсгаж яваа Ганболдын Ганбаяр сонгогдон ирж тоглолоо. Тэрээр Словакийн хөлбөмбөгийн лигийн Комарно клубт тоглодог билээ. Г.Ганбаяр холимог оддын тоглолтод талбай дээр 14 минут тоглохдоо сагсан бөмбөгийн авьяас ур чадвартай гэдгээ харуулан тус өрсөлдөөнийг чимлээ.
Түүний ганган чамин довтолгоо, амжилттай шидэлт, самбараас бөмбөг авах, оновчтой дамжуулалт гээд багтаа бүх л байрлалын үүргийг гүйцэтгэсэн нь үзэгч олны нүдийг баясгаж, баяр бахархлыг төрүүлж байлаа. Холимог оддын тоглолтын бас нэгэн ганган залуу "ОД" нь Г.Ганбаяр байсныг онцлоё.
Мөн тэрээр холимог оддын тоглолтод цагариган дээр довтлох тэмцээнд оролцож, мэргэжлийн тамирчдаас дутахааргүй, онцгой содон үзүүлбэрүүдийг үзүүлж, аваргаар тодорсон юм. Өдгөө Г.Ганбаяр Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогчоор тоглодог билээ. Хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчны амжилтуудыг үзүүлж яваа ч өөр нэгэн багийн спортод тэр дундаа сагсан бөмбөгт гоц авьяас, чадвартай чамгүй тамирчин гэдгээ харуулаад авлаа.