Ээжийгээ гэнэтийн явдлаар алдсан Б.Отгонбаярын гэр бүлд туслах аян нэг хоногийн дотор 459 сая төгрөг хүртэл цугларч, хүүхдүүд дулаан байртай болох боломжтой болжээ.
Тиймээс хүүхдүүдийн аав Б.Отгонбаяр хандивын аянаа зогсоож, түмэн олондоо талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
Тэрбээр “ Миний хүсэл хүүхдүүдээ дулаахан байшинтай болгох байсан. Тиймээс манай найз нөхөд бидний нөхцөл байдлыг цахим орчинд түгээж, хандивын аян эхлүүлж өгсөн. Нэг хоногийн дотор 459 сая төгрөг цуглалаа. Монголын ард түмэн үнэхээр цайлган цагаан сэтгэлтэй юм. Одоо хандивын аянаа зогсоохгүй бол санаа минь зовж байна. Олон олон байгууллага тусламжийн гараа сунгасан. Хувь хүн "Hyundai Sonata-6" машин бэлгэлсэн. Өөрөө "хоёр машинтай тул нэг машинаа бэлэглэж байна" гэсэн. Энэ мөнгөөр орон сууц авахаар төлөвлөсөн. Хүүхдүүдийн сургуультай ойр нисэх орчим байр найз нөхөд маань судалж байгаа. Мөн хадам ээждээ мөнгөнөөсөө өгнө. Хандивын аян өрнөсөн гэж хадам ээж маань мэдээгүй байгаа. Хөл муутай хөгшин байдаг.
459 сая гэдэг бага мөнгө биш. Тиймээс ард түмэндээ баярласан талархсанаа илэрхийлж байна" гэжээ.