"Парис 2024" паралимпын зуны XVII наадам 8-р сарын 28-наас 9-р сарын 08-ны өдрүүдэд болно. Спортын 22 төрөлд 4400 тамирчин 11 өдрийн турш хурд хүч, бэлтгэл сургуулилтынхаа түвшингээ сорин өрсөлдөнө.
Монголын Үндэсний Паралимпын хорооны зүгээс пара шигшээ багийн спортын төрлүүдийн дасгалжуулагч нартай уулзалдаж, 2024 онд эрх авах болон эрхээ албан ёсоор баталгаажуулах, паралимпт хэрхэн ямар шатлалаар бэлтгэх талаар сургалт орж, танилцуулга хийлээ. Бид энэ үеэр тус хорооны албаны төлөөлөлтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
"Ханжоу-2022" Азийн паралимпын наадмаар орон орны баг тамирчид бэлтгэлжилтийнхээ түвшинг шалгасан. Олон улсад ямар түвшинд явж буйгаа сорьсон том наадам болсон учраас тамирчдын ур чадвар ч тодорхой хэмжээнд ахисан байх?
Монголын Паралимпын Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Ж.Тунгалаг
Ханжоугийн наадмаас хойш тамирчид ангиллаа тогтоолгосон. Тэгэхээр одоо паралимпын наадамд тамирчид эрхээ авахын тулд энэ оны 5, 6 сар хүртэл тэмцээнүүд байгаа. Эдгээр тэмцээнүүдэд амжилттай оролцуулах гол үүрэгтэй байна. Хоёрдугаарт Паралимпын хороо өнөөдөр медаль авах мөн спортын төрлүүдээ нэмэх, хичээллэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх, орон нутагт шинэ залуу үеэ бэлтгэх ийм том орилго тавьсан ажиллаж байгаа. Манай паралимпын эрхийг авахын төлөө тамирчид паралимп хүртэл ерөнхий ямар дүрэмтэй, ямар удирдамжаар явах юм бэ гэдгээ танилцуулсан. Тамирчид маань өнөөдөр нэгдсэн бэлтгэл сургалтандаа гарах, эрхээ авах гээд бүх төлөвлөгөөнүүдийг одоо яг 230 хоногийн дараа болох хоногоор нь, цагаар нь, цаг уурынхаа хаана болох уу, хаана бэлтгэл цугларалтаа авах уу, хаана тэмцээнүүдэд яаж оролцох уу гээд бүх төлөвлөгөө зорилтоо урьдчилан яриад цаашдаа үйл ажиллагаа эрчимтэйгээр явна.
Он гараад спортын төрлүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд эхэлж байна. Хамгийн эхний дотоодын тэмцээн ямар төрлөөр эхлэх вэ?
Монголын Паралимпын Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Ж.Тунгалаг
Манай тэргэнцэртэй сэлэмний УАШТ нэгдүгээр сарын 24-нөөс эхэлнэ. Ингээд дараагийн төрлийн өрсөлдөөн байт харваагаар үргэлжилж бусад нь цувруулаад болох гэж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн гэдэг маань тухайн холбоо тухайн жилдээ хичнээн олон тамирчинтай болсон байна, тэндээс шилдгүүд нь яаж гарч байна, мөн тэндээсээ залгамж алаа нь ямар байна, өнөөдөр паралимпын эрх авах гэж байгаа тамирчид дотоодын тэмцээнд оролцож, өөрсдийнхөө чансаа, ур чадварыг бас шалгана.
2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар паралимпын эрхийн болзол хангасан тамирчид:
1. Э.Содномпилжээ
2. Л.Туруунаа /дэлхийн чансаагаар/
3. Г.Болор-Эрдэнэ /дэлхийн чансаагаар/
4. У.Сүрэнжав /дэлхийн чансаагаар/
5. Ц.Баттулга /шидэлтийн төрлөөр А норматив биелүүлсэн/
6. Байт харваа
Тухайн сургалтын үеэр пара байт харвааны төрлийн эрхийг авч Парисыг зорихоор бэлтгэж буй шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоотой уулзлаа. Түүний хувьд "Бээжин 2008" паралимпын байт харвааны аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавын хүү юм. Байт харвааны спортоор аавыгаа дагаад олон жил хичээллэж ирсэн. Одоо пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө байт харвааны төрөлд эрх аваад буйд нь баяр хүргэе. Паралимпт өрсөлдөх эрхийг Олон улсын паралимпын хорооноос тухайн нэг тамирчинд эсвэл улсад нь өгдөг үү?
Пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоо
Манай төрөл дээр Олон улсын хорооноос зөвхөн улсад нь эрх өгдөг. Хэн нэгэн тамирчны нэр зааж өгдөггүй. Одоогоор эмэгтэй дээр нэг эрх авчихсан байгаа гэсэн үг. Ингээд тухайн эрхээ долдугаар сарын 1-нээс өмнө албан ёсоор баталгаажуулж паралимпт оролцох тамирчныхаа нэрийг өгнө.
Пара байт харвааны шигшээ баг дээр одоо нийт хэдэн тамирчин байна вэ?
Пара байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоо
Шигшээ баг дээр хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй гээд дөрвөн тамирчин байгаа. Нэгдүгээр сарын 24-26-ны хооронд улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Степпе арена болон Буянт-Ухаа цогцолбор хоёрт болох юм. Тэр тэмцээний дараа гуравдугаар сарын 03-наас АНЭУ-ын Дубайд олимпын эрхийн хамгийн сүүлийн тэмцээн байгаа. Тэр тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тамирчид бүгд орсон сүүлийн эрх авах боломжтой тэмцээн болох юм. Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилт одоо ерөнхий хүчний бэлтгэл, ерөнхий техникийн бэлтгэл дээрээ анхаараад ажиллаж байна. Хэрэглэл материал гэвэл бид нар сая 2023 оны сүүл, 2024 оны эхэнд шинэ нум сумнуудаа аваад тэрнийхээ тохиргоо, тамирчин дээр хэрхэн таарч байна, таарахгүй байгаа зүйлүүд дээрээ анхаарал хандуулаад ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Пара байт харвааны шигшээ багийн тамирчдыг танилцуулъя.
Эрэгтэй тамирчин:
П.Мөнхбаатар
А.Амарбаясгалан
Б.Жавхлантөгс
Эмэгтэй тамирчин:
Б.Оюун-Эрдэнэ
Д.Сэлэнгэ нар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Баг тамирчиддаа өндөр амжилт хүсэн ерөөе.