
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Улсын даян аварга Б.Орхонбаяртай үзүүр түрүү булаалдан хүч үзэн барилдаж ес даван үзүүрлэж Улсын арслан цол хүртсэн Б.Бат-Өлзийн сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
Б.Бат-Өлзий нь 1992 оны 6-р сарын 8-ны өдөр олон ястны өлгий Ховд аймгийн Зэрэг суманд мэндэлжээ. Түүний хувьд анхны цолоо Ховд аймгийн Чандмань суманд зохион байгуулагдсан Сумын заан цол олгох тойргийн барилдаанд зодоглож дөрөвдүгээр байрт шалгарч Сумын заан цол хүртэж байсан түүхтэй.
Түүний дараагийн хүртсэн цол нь 2013 оны Бүх цэргийн наадамд одоогийн Улсын начин А.Алтанхуягаар тав давж Цэргийн начин тэр ондоо Ховд аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Аймгийн харцага, 2014 онд Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэж Аймгийн заан, Заан цол хүртээд хоёр хоногийн дараа болсон Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байдаг.
Б.Бат-Өлзийн арслан 2016 оны Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд одоогийн Улсын начин Д.Анараар зургаа давж Улсын харцага цол хүртэж түүнээс хойш зургаан жилийн дараа 2022 оны Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Улсын харцага Н.Золбоогоор долоо давж Улсын заан цол тус тус хүртэж байжээ.
Б.Бат-Өлзий арслан заал танхимын түрүүлж үзээгүй томоохон барилдаан байхгүй гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Тодруулбал, Цагаан сарын барилдаанд 2019, 2023 онуудад хоёр түрүү, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд 2019, 2021 онуудад хоёр түрүү, Харцага цолны хүндэтгэлийн барилдаанд нэг түрүү Улс тунхагласны барилдаанд нэг түрүү тус тус хүртэж байсан. Түүний хувьд заал танхимын 34 барилдаанд түрүүлсэн амжилтаар бөхийн чансаанд тогтмол тэргүүн эгнээнд бичигдсээр байна.










