
The New York Times сонин өнгөрсөн ням гарагт “Путин хэрхэн Японыг тагнуулчдын үүр болгосон бэ” нэртэй эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийг нийтэлжээ. Уг нийтлэлд Москва Япон улсын тагнуулын салбарын хууль эрх зүйн орчны сул байдлыг ашиглан тус улсыг тагнуулын мэдээлэл цуглуулах гол төвөө болгож, Украины эсрэг дайнд хэрэглэгдэх технологио тус улсаас худалдан авсаар байгааг онцолжээ.
The New York Times сонинд бичсэнээр Япон дахь Оросын тагнуулын үйл ажиллагааг Токио дахь Оросын төрийн өмчит “Аэрофлот” агаарын тээврийн компанийн төлөөлөгчийн газрын ажилтан гэсэн халхавчийн дор ажиллаж байсан Оросын тагнуулын ажилтан удирдаж байсан аж.
Түүнчлэн олон улсын хоригуудын улмаас ОХУ Японоос шууд худалдан авалт хийх боломжгүй тул ОХУ-ын тагнуулчид зуучлагч компаниуд эсвэл Вьетнам, Узбекистан, Шри Ланка зэрэг гуравдагч орнуудыг ашиглаж Японд үйлдвэрлэсэн эд анги, сэлбэг зэргийг худалдан авсаар байгаа аж.
Украины засгийн газрын мэдээлснээр ОХУ-ын пуужин, дронуудын 90 хувь нь Япон улсад үйлдвэрлэсэн эд ангитай аж.
2022 онд ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор барууны орнуудын хоригт орсон Оросын олон зуун тагнуулчдын дийлэнх нь Япон улсад суурьшсан болохыг The New York Times онцолжээ.
Япон улсын засгийн газрын төлөөлөгч Минорү Кихара Япон улсад сөрөх тагнуулын үйл ажиллагаагаа тэр дундаа Япон улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн чухал мэдээллийг олж авах явдлыг сайжруулах шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, Токио уг асуудлыг маш нухацтай авч үзэх хэрэгтэй гэжээ.









