Израиль Газын зурвас дахь байлдааны эрчийг бууруулж эхэлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Гэхдээ энэ нь Израилчууд Газын зурвас дахь Хамас бүлэглэлийг бүр мөсөн устгах зорилгоосоо ухарч байна гэсэн үг биш аж. Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр байлдааны стратегиа өөрчилж, өргөн цар хүрээг хамарсан бус илүү нарийвчилсан дайралтуудыг хийж эхлэхээр болж байгаа гэв.
Ингэхдээ явган цэргүүдийнхээ тоог бууруулж, оронд нь агаарын дайралтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн юм. Өнгөрсөн хугацаанд Израилын цэргүүд тун өргөн цар хүрээг хамарсан дайралтуудыг хийж байсан нь энгийн иргэд олноор амь үрэгдэхэд хүргэсэн юм. 10-р сарын 7-ноос хойш Газын зурвас дахь 22 мянган энгийн иргэн амь үрэгдсэн гэх харамсалтай мэдээ бий. Нөгөөтээгүүр зарим шинжээч Израилын засгийн газар Газын зурвасаас цэргүүдээ татаж эхэлсэн нь Хезболла зэвсэгт бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна.
Сүүлийн үед Хезболла бүлэглэл Ливанаас Израилын хойд бүс нутаг руу агаарын дайралтууд өгч байсан нь даамжирч талуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэхэд хүрээд байгаа юм.