Нэгдүгээр сарын 7-ны өдөр таксинд явж байгаад замын хажууд төрсөн залуу ээж Д.Насанжаргалтай ярилцлаа. Тэрээр ажлаасаа тараад, эмнэлэг явж байх замдаа гэнэт өвдөж, төв шуудангийн уулзвар дээр анхны хүүгээ өлгийдөн авчээ.
Тэрээр “Би төрөх арай болоогүй байсан. Ажил дээрээ байтал гэнэт өвдөөд байхаар нь ажлынхандаа ч хэлэлгүй гараад такси бариад эмнэлэг явах гэж байсан. Такси барих гээд эвхрээд сууж байтал нэг ах ирээд 5000 төгрөг миний халаасанд хийгээд, ах нь такси бариад өгье гээд тэр таксины ахтай таарсан. Такси зогсоод л “хаана вэ, юу болсон бэ, яасан бэ” гээд л. Өвдөөд, хэлж чадахгүй “би жирэмсэн” гэтэл “Эх нялхас явъя” гэхээр нь “Би Эх нялхас орохгүй ээ. Нэгдүгээр төрөх эмнэлэгт хүргээд өгөөч” гээд явсан.
Замд явж байтал яг бие засах гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд л такси гэрлэн дохио дээр зогсохоор нь шууд буугаад, бие засах гээд зогсож байтал таксины ах “Суучих ахын дүү” гээд. Би суухгүй гээд л. Нурууны хойд хэсгээр их өвдөөд байсан. Тэгээд л толгой нь гарчихлаа гэтэл таксины ах куртикээ бариад л, хажуугаар явж байсан хоёр эгч ирж тусалсан. Тэгээд л төрсөн дөө.
Би дөнгөж төрөөд, цасан дээр хэвтэж байсан хэр нь “Би яах вэ. Миний хүүхэд л. Миний хүүг л битгий дааруулаарай” гээд их уйлсан. Хүн хэчнээн өвдсөн ч хүүхдээ хараад л баярладаг юм билээ.
2750 гp хүүтэй болсон. Эмнэлэгт ирсэн хүн бүр баяр хүргээд их гоё байсан. Одоо бид хоёр биеийн байдал сайн байна.
Таксины жолооч ах үнэхээр мундаг хүн байсан. Хүү бид хоёрын амийг аварсан. Үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Хэрвээ тэр хүн зогсоогүй эсвэл намайг буусан байхад хаяад явсан бол юу ч болох байсан юм билээ. Маш их баярлаж байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.