Хориглосон жагсаалтад багтсан бодисыг "допинг" гэж нэрлэнэ
Тамирчид болон бусад хүмүүс спортын ур чадвараа зохиомлоор нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг хориглосон бодисын жагсаалтад багтсан бодисыг допинг гэнэ.
Допинг хэрэглэсний үр дагавар
- Допинг нь анагаах ухаанд янз бүрийн өвчнийг эмчлэх зориулалттай эмийн төрөлд багтдаг боловч эдгээр бодисуудыг эрүүл хүн зориудаар өндөр тунгаар, удаан хугацаанд давтамжтай хэрэглэх нь хүний эд, эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй. Улмаар өвчин үүсгэж, зарим тохиолдод амь насанд ч хохирол учруулах эрсдэл дагуулдаг.
- Эдгээр эмийн бодисууд эхний үед эрүүл хүний эд эрхтний үйл ажиллагааг зохиомлоор нэмэгдүүлдэг. Энэ нь шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг спорт, олимпизмын үзэл санаанд хашилдаг. Хамгийн гол нь тамирчин бүр тэгш бөгөөд шударга өрсөлдөх ёстой.
Допингтой яагаад тэмцэх ёстой вэ?
- Тамирчин допингийн эсрэг дүрэм зөрчих нь ялан дийлэх нэр алдар, өндөр шагналтай холбоотой байдаг аж. Гэвч тамирчны эрүүл мэндийг хамгаалах, тамирчин бүр спортын талбарт шударга өрсөлдөх ёстой гэсэн зарчмыг дээдлэх зорилгоор допингийн хэрэглээг зогсоохын төлөө улс орон спортын холбоод тууштай тэмцдэг.
- Иймээс Дэлхийн Допингийн эсрэг байгууллага нь олон улсын спортын холбоо, Олон улсын Олимпын хорооны гишүүн улсуудыг допингтой тэмцэх өөрийн дүрмийг батлах, мөрдөх шаардлагыг тавьдаг билээ.
Дэлхийн допингийн эсрэг агентлагаас 2024 оны шинэчилсэн жагсаалтад ямар бодисыг хориглов
Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гаас жил бүр хориотой эм бодисын жагсаалтыг шинэчлэн батлан гаргадаг. Тодруулбал хориотой эм бодисын жагсаалтыг жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс тогтмол шинэчилдэг. Энэхүү баталсан жагсаалт нь тухайн жилийн нэгдүгээр сарын 01-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй хугацаанд үйлчилдэг гэсэн үг.
WADA-гаас 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр батлан гаргасан жагсаалтад "Трамадол"-ыг хэрэглэхийг хориглов. Трамадол нь дунд болон хүнд хэлбэрийн өвдөлтийг эмчлэхэд ашигладаг синтетик опиоит өвдөлт намдаах үйлдэлтэй эм юм. Энэ нь заримдаа тамирчдын спортын гэмтлийн улмаас өвдөлтийг эмчлэхэд ашиглагддаг. Мөн хориотой жагсаалтын “Хар тамхины” ангилалд багтдаг.
Трамадол нь олон янзын найрлагад байдаг бөгөөд өөр өөр улс оронд олон янзын брэндийн нэрээр зарагддаг ажээ.
Тухайлбал брэнд нэрсийн жишээнд: Tramal, Tramedo, Tramake, Zydol зэрэг ордог байна. Өөр олон брэндийн нэр байдаг тул тамирчид өөрийн улсад ямар брэндийг жороор олгодог болохыг эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй юм.
Уг бодистой холбоотойгоор гаргасан мэдээлэл
Энэ хэрэгжилтийг 2024 он болгон хойшлуулсан нь оролцогч талуудад энэхүү өөрчлөлтийг сурч, дасан зохицоход хангалттай хугацаатай байхын тулд ийн шийдвэр гаргасан байжээ. Ялангуяа энэ нь тамирчид, тэдний ойр дотны хүмүүс, эмнэлгийн ажилтнуудын боловсролтой холбоотой юм хэмээн Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тайлбарлажээ.
Трамадол нь WADA-ийн Хяналтын хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд энэ хөтөлбөрөөр цуглуулсан мэдээлэл нь спортод ихээхэн ач холбогдолтой болохыг харуулжээ.
Трамадолыг хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодийн хараат байдал, опиат хэрэглэх эмгэг, хэтрүүлэн хэрэглэх эрсдэлтэй нь дэлхий даяар түгшүүр төрүүлж, олон оронд хяналттай эм болоход хүргэсэн байна. Тайлбар бичигт дурдсанчлан WADA-аас санхүүжүүлсэн судалгааны судалгаанууд нь мөн трамадол нь спортын амжилтыг нэмэгдүүлэх боломжтойг баталжээ.
Трамадолтой холбоотойгоор хориотой эм, бодисын жагсаалтад багтаах шийдвэрийг хэзээ гаргав
2024 оны жагсаалтыг WADA-гийн Гүйцэтгэх хороо (ExCo) 2023 оны 9-р сарын 22-ны өдрийн хурлаар баталж, 2023 оны 9-р сарын 28-нд анх нийтэлсэн байдаг.
Жагсаалт нь Дэлхийн допингийн эсрэг хууль (код)-д гарын үсэг зурсан бүх улс заавал дагаж мөрдөх олон улсын найман стандартын нэг юм. Тэмцээний үеэр болон тэмцээнээс гадуур ямар бодис, арга хэрэглэхийг хориглож, ямар бодисыг тухайн спортод хориглохыг зааж өгсөн.
Допингийн эсрэг олон улсын болон үндэсний дүрэм
- Олон Улсын Олимпын Хорооны санаачлагаар олимпын наадмын үеэр допингийн шинжилгээ авах үүрэг бүхий Дэлхийн Допингийн Эсрэг Агенлаг /WADA/ 1999 онд байгуулагдсан. 2003 онд Дани улсын Копенхаген хотноо хуралдсан Дэлхийн Допингийн эсрэг анхдугаар их хурлаар Дэлхийн Допингийн Эсрэг дүрэм хэмээх допингтой тэмцэх гол бичиг баримтыг баталсан.
- Эл бичиг баримтад допинг гэдэг нь зөвхөн тамирчны цус, шээснээс хориглосон бодис илрэх бус шинжилгээ өгөхөөс зайлсхийх, хууран мэхлэх, хориглосон бодисыг худалдан борлуулах гэх мэт 11 тохиолдлыг допинг буюу допингийн эсрэг "дүрмийн зөрчил" хэмээн нарийвчлан заасан байдаг.
- Монгол улс Олимпын хөдөлгөөний бүрэн эрхт гишүүний хувьд спорт дахь допингийн эсрэг тэмцэлд тууштай нэгдэж, олон улсын гэрээ, конвенцийг даган мөрдөн "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийг 2022 онд баталсан байдаг.
Монгол улсад Допингийн эсрэг үйл ажиллагаанд 2024 онд 784 сая төгрөгийг төсөвлөжээ
2024 онд Допингийн эсрэг үйл ажиллагаанд зориулан 784 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Хамгийн гол нь энэ төсөв мөнгө яг Допингийн эсрэг үйл ажиллагаанд үнэн зөвөөр зарцуулагдах ёстой. Энэ дагуу тайлан мэдээллээ шилэн болгож БТСУХ-нд дүрэм журмын дагуу заасан нь хугацаанд нь ирүүлэх нь зүйн хэрэг.
Энэ жил спортын тамирчдын хувьд хазгай гишгэлгүй өөрөө өөртөө эзэн байж, маш өндөр хариуцлагатай, холч ухааныг харж олимпын бэлтгэл сургуулилтаа хангах нь юу юунаас чухал.
Допингийн эсрэг, допингоос ангид байж, шударгаас шударга өрсөлдөж, гол зорилго мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн эмч, эмзүйчээс найдвартай зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг дор бүрнээ анхаарна биз ээ.
Допингийн эсрэг байгууллага нь дан ганц тамирчнаас допингийн шинжилгээ авах бус өргөн хүрээнд сургалт судалгаа, зөвлөгөө мэдээллийг зохион байгуулах, мэргэжлийн хүмүүс ажиллуулах, том дүр зургаараа харж зорилготой, үнэн шударга үйл ажиллагаагаа явуулах нь нэн тэргүүний чухал асуудал билээ.