“Парис 2024” зуны олимпын наадам хаяанд ирлээ. Улс орон бүрийн спортын тамирчид эрхээ авах, эрхийн оноо цуглуулж чансаагаа ахиулах цуврал тэмцээн уралдаанд оролцож байгаа билээ. Монголын тамирчдын олимпын эрх авах болон эрхийн болзол хангасан мэдээллийг бид та бүхэндээ цувралаар хүргэж байна.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос чансаа болон цагийн үзүүлэлтээрээ эхний 80-д бичигдсэн тамирчдад олимпын эрх олгож буй. Энэ удаад Хөнгөн атлетикийн ОУХМ Галбадрахын Хишигсайханыг онцлон хүргэж байна. Тэрээр нэгхэн сарын хугацаанд хоёр ч тэмцээнд амжилттай оролцож, улсынхаа мөн хувийнхаа рекордыг шинэчлэн тогтоогоод байгаа юм. Ингэснээр түүний байр чансааны эхний 76-д бичигдэж эхэлжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
Юуны өмнө саяхан болсон хоёр тэмцээнд рекордоо шинэчлэн чансаагаа ахиулсанд нь баяр хүргэе. Мэдээж жилийн дөрвөн улиралтай манай улс оронд заалны бус спортын төрлүүд бэлтгэл сургуулилт хийх боломж хомс байдаг. Иймээс таны хувьд Япон орныг зорьж бэлтгэлээ хийгээд хоёр тэмцээндээ амжилттай оролцсон гэж сонслоо?
Г.ХИШИГСАЙХАН ХОЁР ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХДОО ҮНДЭСНИЙ БОЛОН ХУВИЙН РЕКОРДОО ШИНЭЧЛЭН ТОГТООСОН
Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Хишигсайхан
Баярлалаа. 11-р сарын 19-нд Япон улсын Агео сити гээд Олон улсын хагас марафоны тэмцээнд хувийн амжилтаа ахиулаад, Монгол улсын рекордыг 1 цаг 10 минут 32 секунд болгож дөрвөн минутаар ахиулсан байгаа. Дараагийн тэмцээн маань болохоор Тайванийн Тайпей хотод болсон олимпын эрх олгох Олон улсын тэмцээн байгаа. Мөн хувийнхаа амжилтыг 2 цаг 32 минут 09 секундыг 2 цаг 28 минут 33 секунд болгож дөрвөн минутаар ахиулсан амжилттай алтан медаль, мөнгөн медаль аваад ирлээ.
Японд О.Оюунтуяа багш дээрээ очоод тэгээд 44 хоногийн хугацаатай дулаан оронд бэлтгэл хийсэн. Монголд яг ингээд хүйтрээд ирсэн болохоор эрхээ авах зорилготойгоор Японд очиж бэлтгэлээ хийж байгаад дулаан газар, өндөр темптэй хурдны бэлтгэл хийсэндээ бас энэхүү хоёр амжилтыг "дөрвөн минут ахиулахад" маш их нөлөө үзүүлсэн байгаа.
Парисын олимпын эрх олгоход өмнөх олимпоос арай өөр юм байна. Энэ тухайгаа сонирхуулбал?
Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Хишигсайхан
Токиогийн олимпт бид нар үндсэн стандарт цагаа, нормативаа биелүүлж эрхээ авч байсан. 2023 оны дэлхийн аварга болон 2024 оны Парисын олимп болохоор тухайн оролцсон Олон улсын тэмцээн маань олимпын эрх олгодог.
Нэгт: Үндсэн цагаа 2 цаг 26 минут 50 секундыг хагалж, норматив биелүүлж,
Хоёрт: Эхний 80 тамирчин Олон улсын тэмцээнийхээ ранкаар буюу чансаагаар, оноогоор жагсаж эхний 80 тамирчин олимпт оролцох эрхийн болзол биелүүлж байгаа. Миний хувьд саяны марафонд гүйснээрээ 76 дугаар байр руу орж ирсэн. Тэгээд одоо эрх олгох хоёр, гурван тэмцээн байна. Ингээд чансаагаа, цагаа ахиулах юм уу, нэг бол эрхийн цагаараа гүйнэ гэсэн тийм итгэлтэй байгаа. Тэгэхээр олимпдоо ямар ч байсан зориод сайн уралдана гэсэн цаашдынхаа зорилгыг бодоод төлөвлөчихсөн байна.
Одоогийн байдлаар таниас өөр ямар тамирчин 80 дотор бичигдэж байгаа вэ?
Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Хишигсайхан
МУГТ Бат-Очирын Сэр-Од гавьяат тамирчин ах маань Парисын олимпт зүтгээд ингээд эхний 80-даа ороод ирчихсэн байгаа. Мөн ОУХМ Ж.Олонбаяр тамирчин маань бас эхний 80-даа ранкийнхаа оноогоор болзлоо биелүүлээд ороод ирчихсэн байна.
Шинэ он гараад эрхийн тэмцээн, чансаагаа ахиулах өрсөлдөөн тамирчдыг олон хүлээж байгаа байх. Хөнгөн атлетикийн тамирчдын хувьд ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?
ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТАМИРЧДЫГ 2024 ОНД БҮТЭН МАРАФОНЫ АЗИ ТИВИЙН АШТ ХҮЛЭЭЖ БАЙНА
Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Хишигсайхан
Шинэ он гараад нэгдүгээр сарын 21-нд бүтэн марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконгт болох байгаа. Тэр тэмцээндээ мөн эрхээ авна гэсэн бодолтойгоор оролцохыг зорьж байна. Мөн олимп болтол одоогийн байдлаар Японд нэг тэмцээнд оролцохыг зорьж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол нэгдүгээр сарын 21-нд болох тэмцээндээ маш их хариуцлагатай, төвлөрч оролцон эрхээ авна гэсэн бодолтой байна даа.
Өөрийн тань хувьд анхныхаа олимпт өрсөлдөх гэж байгаа юу?
Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Хишигсайхан
2018 болон 2023 оны Азийн наадамд оролцсон. 2017, 2019, 2023 оны хөнгөн атлетикийн ДАШТ-д эрхээ биелүүлж оролцсон. Одоо энэ олимп бол миний оролцох анхны олимп учраас том зорилго тавьж байгаа.
Хэдэн жил хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байна вэ?
Г.ХИШИГСАЙХАН 14 ЖИЛ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН СПОРТООР ТУУШТАЙ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Хишигсайхан
2009 оноос хойш ҮБТДС-д орсноосоо хойш хөнгөн атлетикийн спортоор тууштай хичээллээд одоо 13, 14 дэх жилдээ гүйж байна. Тэгээд энэ спортдоо дуртай болохоор тууштай зүтгээд, ингээд олимпт оролцоно, олимпт орж үзнэ гэсэн зорилготойгоор, олимпт Монгол хүн, эмэгтэй тамирчин хэдхэдэн агаар, хэддүгээр байранд оролцох боломжтой, нөөцтэй вэ гэдгийг харуулая гэсэн бодолтойгоор тууштайгаар явж ирсэн.
Хөнгөн атлетикийн төрөл дотроо марафон гүйлт бол тухайн тамирчнаас асар их тэсвэр тэвчээр, зориг хатуужил, олон сар өдрийн уйгагүй тууштай бэлтгэл сургуулилт шаарддаг. Мөн хамгийн гол нь замаа амжилттай дуусгаж барианд орох нь чухал байдаг?
МАРАФОН ГҮЙЛТ БОЛ ТАМИРЧИДТАЙ ӨРСӨЛДӨХӨӨС ГАДНА БАЙГАЛИЙН ҮЗЭГДЭЛТЭЙ ШУУД НҮҮР ТУЛДАГ
Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Хишигсайхан
Манай спорт заалны спорт биш болохоор цаг агаарын үзэгдэл, цастай, бороотой, шуургатай, халуун, хүйтэн байгалийн нөхцөлтэй яг биеэрээ тулж, тэгээд тэмцээнд өрсөлдөж байгаа тамирчдаасаа гадна байгалийн үзэгдэлтэй шууд тулдаг. Мөн тамирчидтайгаа өрсөлдөх тактикаа боловсруулдаг гэхээр тамирчиддаа болон тухайн нөхцөлдөө тааруулж, биеэ тааруулж маш их төлөвлөж байж уралддаг. Тэгэхээр тухайн хүнээс сэтгэл зүй ямар үед яах вэ? гэдгийг тухайн хүн өөрөө шийдэж, тактикаа боловсруулж байж, тэр үедээ толгойгоо маш ихээр хурдтайгаар ажиллуулж бодож байж тэргүүн байр руу, медальт байр руу ч юмуу, би тэд багцаанд барина, одоо тэгэж явж байж дараа нь тэгнэ гэж маш сайн төлөвлөж уралдаж байж медаль авах боломжтой. Мөн сайн цаг харуулах боломжтойгоор орж ирдэг. Ерөнхийдөө зам маш их нөлөөлдөг. Хэцүү зам дээр яг сайн цаг харуулна гэдэг маш чанга байдаг. Ер нь зарим тэмцээн маань зам маш хүнд байдаг. Саяны Тайпей марафоны зам маань бас нэлээн хүнд, хурдны зам руу ороод нэлээн өгсөж, уруудаад 13-аас 27 км хүртэл хурдны замаар яг өгсүүр, уруу хэсгээр уралдаж орж ирээд, тэгээд гүүрэн доогуураа гараад шулуун болж ирдэг. Тэгэхээр яг нэг хүнд, тэсэх ёстой үед яг тийм хэцүү зам туулаад, тэгээд уралддаг байгаа.
Марафон гүйлтийн тамирчдад зам маш хүнд хэцүү байдаг. Улс орны гүйлтийн зам өөр өөр байдаг учраас яг уралдааны зам байгалийн хэцүү үзэгдэлтэй нийвэл тэгээд тамирчин тэсвэр тэвчээр, тактикаа дээд цэгт нь хүртэл ажиллуулах хэрэг гардаг байх?
Хөнгөн атлетикийн ОУХМ Г.Хишигсайхан
Тийм. Ерөнхийдөө тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад, тухайн өдөр тамирчин хүний бие ямар байгаагаас шалтгаалаад хэцүү байдаг. Гэхдээ өдөр болгон тууштай бэлтгэл сургуулилтыг хийж, давж чадаж байгаа учраас тухайн бэлтгэлээрээ сэтгэл зүй маань маш бэлэн байдалд байдаг. Яагаад гэхээр тухайн тэмцээнд ямар цагаар, ямар амжилттай орох вэ гэдэг нь тухайн хийж байгаа бэлтгэл тодорхойлоод өгчихсөн байдаг учраас сэтгэл зүй маш их бэлэн байдаг. Би тэд багцаанд гүйнэ гэдгээ тооцоолчихсон, би тэдэн километр замыг туулаад тийм цагаар ирэх ёстой гэдэг тооцоолол маш тодорхой гаргачихсан байдаг. Тийм учраас цаг агаарын нөхцөл байдал, замаас шалтгаалж байгаа болохоос бусад нөхцөл байдал, тэмцээнд гүйх хурд маань ер нь бэлтгэлжилтээрээ бэлэн болчихсон байдаг юм.
Ингээд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны хамт олон, мөн Монголын Үндэсний Олимпын хороо, тусалж дэмждэг хамт олондоо, багийнхаа хамт олонд, дасгалжуулагч багш О.Оюунтуяа болон А.Ахыт багш нартаа баярлалаа гэдгээ хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Ирэх онд амжилт, үзүүлэлтээр дүүрэн байхыг ерөөе. Шинэ оноо сайхан угтаарай.
ОУХМ Г.Хишигсайханы 2023 онд гаргасан амжилт болон цагийн үзүүлэлтийг танилцуулж байна.
Монгол улсад зохион байгуулсан дотоодын тэмцээн уралдаан:
"Улаанбаатар марафон" Алт
"Булган марафон" Алт
"Сэлэнгэ марафон" Алт
"Хөвсгөл марафон" Алт
"Тал нутгийн марафон" Алт
Хилийн чанадад болсон тэмцээн уралдаан:
Унгарын Будапешт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 31-р байр
"Ханжоу 2022" Азийн наадам 7 дугаар байр
Япон улсын Эжөү хотод болсон Хагас марафон Алт
Ингэхдээ дээрх тэмцээнд үндэсний рекордыг 1:10’32, тэмцээний замын рекордыг 1:10’32 цагаар шинэчлэн тогтоосон.
Тайванийн Тайпей марафон Мөнгө мөн энэхүү тэмцээнд хувийн амжилтаа 2:28’33 секундээр тус тус шинэчилсэн.