Монгол улсын хэмжээнд бага ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр өнгөрсөн ням гарагт гарсан. Гэтэл интернэтгүй, компьютер, гар утасгүй, цахим хичээлд оролцох боломжгүй олон хүүхэд байгаа. Өмнө нь өвөл болж байгаагүй мэт ямар ч шаардлагагүй шийдвэр гэнэт гаргаж байгаа нь залуу гэр бүлийн нэг нь хүүхдээ хараад ажилдаа явах боломжгүй байдалд хүргэж байна гэж иргэд бухимдлаа илэрхийлж байна.
ИРГЭД: ЦАХИМ НЭРИЙДЛЭЭР ХҮҮХДҮҮДИЙН БОЛОВСРОЛООР ТОГЛОЖ БОЛОХГҮЙ
Иргэн Б.Энхцэцэг “Манай хүүхэд одоо хоёрдугаар анги. Гэнэт цахимаар хичээллүүлэх шийдвэр гарсан учраас бэлтгэлгүй гээд эхний хоёр өдөр хичээл орсонгүй. Багш нь нэг зураг, постер харуулаад л өнгөрсөн. Ингэж хүүхдүүдийн боловсролоор тоглож болохгүй байх. Энэ шийдвэрээ эргэж хараасай гэж хүсэж байна” гэв.
Иргэн Х.Мөнхтуяа “Манайх гурван хүүхэдтэй залуу гэр бүл. Том, бага хоёр хүүхдээ яаж хичээл, цэцэрлэгт нь хүргэх вэ. Дунд хүүхдээ цахим хичээлд нь хэн хариуцаж суулгах вэ. Гэрт нь ганцааранг нь үлдээж болохгүй. Хэн нь ажлаа таслах вэ гээд олон асуудал тулгарч байна. Яагаад ийм иргэдээ бодоогүй, тасарчихсан шийдвэр гаргадаг юм бэ. Ийм тэнэг шийдвэрээ боливол таарна”.
Иргэн н.Баттулга “Цахимаар хичээллүүлэх шийдвэрийг эсэргүүцэж байна. Юм л бол цахим гэж хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчих юм. Үүнийг дагаад гэр бүлд маш олон асуудал үүсэж байдаг гэдгийг цар тахлын үеэр бид хангалттай ойлгосон баймаар юм. Хааж боохоос өөр шийдэл олж чадахгүй төр байх ч гэж дээ. Утаа, түгжрэлээ өөрсдөө шийдэж чадаагүй байж ингэж хүүхдүүдийн боловсролыг золиослож болохгүй”.
СУДАЛГАА: МОНГОЛЫН НИЙТ СУРАГЧДЫН 12 ХУВЬ НЬ Л БИЕ ДААН СУРАХ ЧАДВАРТАЙ
Цахим сургалт танхимын сургалтыг яагаад ч гүйцэхгүй. Судалгаагаар монголын нийт сурагчдын 12 хувь нь л бие даан сурах чадвартай байна гэсэн дүн гарсан гэдгийг НИТХ-ын гишүүн П.Наранбаяр хэллээ.
Тэрээр “Цахимд шилжих ямар ч шаардлага байгаагүй. Ямар ч логик үндэслэл байгаагүй. Ямар ч зөвтгөх шалтгаан байгаагүй гэж харж байна. Томуу өвчин дэгддэг. Бид хичээллэсээр л ирсэн. Энэ бол ковид биш. Нийт улс үндэстнийг хамруулсан эсвэл хил дамнасан олон улсын шинжтэй цар тахал ч биш. Монгол хүйтэрдэг нь ойлгомжтой. Удахгүй хүйтний эрч эрс суларна. Хүүхдийг гэрт нь хорих шийдвэр гаргаж байгаад туйлын харамсаж байна.
ЦАХИМ ХИЧЭЭЛ ТАНХИМЫН СУРГАЛТЫН ЧАНАРЫГ ЯАГААД Ч ГҮЙЦЭХГҮЙ
Хүүхэд хичээлд яваагүй өдөр бүрд боломжоо алдаж байна. Танхимын сургалтыг цахим сургалт яагаад ч гүйцэхгүй. Үүнийг судалгаа харуулдаг. Танхимын сургалтаар дамжаад хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, хүн болох, хүмүүжиж байдаг. Гэртээ дөрвөн хананы дунд байгаа хүүхэд юу сурах юм бэ. Ялангуяа бага насны хүүхэд бие даан сурах боломж бага байдаг. Тийм чадвар нь ч суугаагүй байдаг. Эцэг эхийн хараа хяналт зайлшгүй шаардлагатай.
Шаардлагагүй үед цахимаар хичээллүүлэх нь:
- Нэгдүгээрт, хүүхдийн нийгмийн харилцаанд хамгийн том цохилт болж байна.
- Хоёрдугаарт, цахимаар танхимаар хичээллэдэг шиг чанартай хичээл үзэж чадахгүй.
- Гуравдугаарт, ямар ч бэлтгэлгүй цахим хэлбэрт шилжлээ. Гэнэтхэн хагас өдрийн өмнө зарладаг боловсролын сайд дэлхийгээс хайвал ганцхан Монголд бий.
Хүүхэд өөрөө цахим хэлбэрээр хичээллэх бэлтгэл нь ямар байна вэ гэж дата багц нь байна уу. Орлого багатай хүмүүс нь яах вэ гэдэг тооцоолол бий юу. Мөн хөдөө орон нутагт цахимд шилжих ямар ч шаардлагагүй байсан. Хүүхэд бүрд хичээл үзэх компьютер, гар утас нь бий юу. Үнэндээ байхгүй шүү дээ.
Үндсэн мэдлэгээ танхимаар авч, хүмүүжлийн ажилдаа оролцсон тохиолдолд цахим сургалт нэмэлт давтлага маягаар явж болно. Сургууль гэдэг хүнийг бий болгодог газар. Тэр утгаараа хүүхдэд зориулсан тэмцээн уралдаан, шинэ жилээ хүртэл тэмдэглэнэ гэж өөрсдөө урлагийн номерио бэлддэг хөөрхөн арга хэмжээг нь хүртэл хааж, боож байгаа нь буруу. Хүүхдийн өөрийн удирдлагаар, багшийн заавар зөвлөгөө, чиглүүлгээр явдаг зүйлс. Ингэж хамт олон дунд байж хүүхэд хүн болж хүмүүждэг. Хүүхдийн сурч боловсрох, нийгэмших эрхийг нь эдлүүлээч ээ” гэв.