МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн дагуу Б.Серик, Г.Ганбат нарын барилдах эрхийг нэг жилээр тус тус хассан. Эдгээр бөхчүүд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан "Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн долоодугаар бүлэгт хамаарах заалтыг зөрчиж байгаа учраас дээрх шийтгэлийг МҮБХ-ноос оноогоод байна.
Тэгвэл ёсзүйн алдаа гаргасан бөхөд ямар шийтгэл оноодог вэ?
7.3 Бөхийн цээр, зэм шийтгэл
Бөх нь чандлан сахих цээртэй байх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
а) Хориотой буюу буруу барьц барихыг цээрлэнэ. Үүнд:
- шуудагнаас цавчиж удаан барих,
- элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах,
- зодогны ар өврийн сэнжгийг нийлүүлэн атгах,
- гутлын түрий, оймс, хүлэгнээс барих,
- зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих,
Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш дахин зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр уг бөхийг барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй.
б) Гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэнэ. Үүнд:
- цохиж халах (даллан цохих, шуугаар халах),
- хоолой шахах,
- зориуд мөргөх,
- ямар нэг байдлаар алгадах, цохих,
- өшиглөх, тийрэх,
- унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх,
- өвдөглөн барьц тавиулах,
- хоёр гарыг давхар хөших,
- сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших,
- бусад хэлбэрээр үений эсрэг хөших.
Эдгээр цээрийн аль нэг заалтыг зөрчсөн нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёр дахиа зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр уг бөхийг барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй. Харин гэмтэл учруулсан бол бай мөрийг олгохгүйгээр барилдаанаас хасаж, тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг нь гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ.
в) Учраа бөхөө санаатайгаар гэмтээхийг цээрлэнэ.
Энэ заалтыг зөрчсөн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөлийн цэцийн шийдвэрээр уг барилдаанаас хасаж бай шагналыг олгохгүй байхын хамт гэмтсэн бөхийн даатгал болон эмчилгээний зардлыг төлүүлэх, барилдах эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлийг тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр оногдуулна.
г) Хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргахыг цээрлэнэ.
Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой гэж үзвэл тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхийг нь 1-3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд цалин, цолны хишиг, шагнал олгохгүй гэж тус тус заажээ.