Пап Францисын Монголд хийж байгаа айлчлалын ач холбогдлын талаар олон улс судлаач Р.Нямдаваагаас тодрууллаа.
“…Нийгмийн сүлжээнд шог ч гэмээр мэдээлэл явж байна. Дэлхийн хамгийн том инфлюнсер, аялдан дагагчидтай хүн ирж байна. 1,3 тэрбум дагагчтай айлчилж байна гэж ярьж байна. Барууны ертөнцийн соёлын цөмийг тээдэг шашны тэргүүн Монголд анх ирж байна гэдэг талаас нь харвал манай олон тулгуурт гадаад бодлогод маш чухал ач холбогдолтой. Зунжингаа л бид ийм, тийм инфлюнсер ирлээ гээд шуугилаа шүү дээ. Ромын папын айлчлалын хажууд тэр хүмүүс дэлхий нийтийн анхаарлыг татах байдлаараа хаана нь ч хүрэхгүй гэдгийг баталгаатай хэлье. Ялангуяа, өчигдөр, уржигдраас олон улсын хэвлэлүүд бичиж эхэлж байна. дэлхийн том хэвлэлүүд монголд ирж сайн сурвалжилгууд хийсэн байна. Монголын католик сүм хийдүүдийг судалсан байна. Түүнийхээ хажуугаар Монголын нийгэм, улс төрийн байдлыг судалсан нийтлэлүүд их гарч байна лээ.
Олон улсын харилцаанд улс бус субъект гэдэг ойлголт байдаг. Улс бус тоглогч гэж нэрлэгддэг. Тэр нь юуг хэлээд байна вэ гэхээр, хэдийгээр тусгаар тогтносон бүрэн эрхт улс биш мөртлөө тэр хэмжээний нөлөөтэй, бидэнтэй хамгийн ойрын жишээ бол Риотинто ч юм уу, НАТО гэдэг ч юм уу… Эд нарыг улс бус субъект гэж нэрлээд байгаа юм. Хамгийн том улс бус субъект бол Ромын пап гэж үздэг. Яагаад тэгж үздэг вэ гэхээр 2,5 тэрбум орчим Христийн шашинтан байна. Зонхилох бүлэг нь Христийн шашны уламжлалт урсгал Католик урсгалынхан. 1,3-1,4 тэрбум хүн бий. Энэ хүмүүс бүгдээрээ Ромын папыг хүндлэн дээдэлдэг. Монголд байгаа Католик шашинтнуудын талаарх мэдээллийг гаднын агентлагууд нэлээн гаргаж байх шиг байна л даа.
Эндээс харахад тэр хүмүүс Ромын папыг сүслэн дээдэлдэг гэдэг нь харагдаж байгаа юм. Үүнээс гадна, Ромын пап гэдэг 2000 жилийн настай, нийтийн тоололтой, Христийн шашинтай он чацуу. Ийм том субъект институц. Зөвхөн хувь хүн биш гэдэг талаас нь бид ойлгох ёстой. Нэг талаасаа энэ хүн бол шашны зүтгэлтэн гэдэг нь харагдаж байна шүү дээ. Нөгөө талаасаа улстөрийн зүтгэлтэн. Ватикан бол Гэгээн ширээт гэдэг бие даасан улс. 1929 онд Италитай хэлэлцэн тохирсны үндсэн дээр тусгаар тогтносон бүрэн эрхэт улс болж төлөвшин тогтсон. Түүнээсээ өмнө бараг 2000 жилийн туршид энэ институц оршиж ирсэн. Тусгаар тогтносон бүрэн эрхэт улс бол өөрөө НҮБ-ын байнгын ажиглагч. Байнгын ажиглагч гэдэг бол бүх хурал зөвлөгөөнүүдэд саналын эрхгүй ч гэсэн оролцдог. Энэ улсын төрийн тэргүүн гэдэг талаас нь бид харж байгаа юм.
Нэг талаасаа шашны субъект. Нөгөө талаасаа улстөрийн субъект гэдэг бол чухал ач холбогдолтой. Бид нар барууны ертөнцийн үнэт зүйл гэж ярьдаг. Христ шашинт орнуудыг бид мэднэ. Барууны ертөнцийн соёл иргэншил өөрөө католик шашин дээр төлөвшиж бий болсон. Хожим нь протестант юм уу, шинэ урсгалууд бий болоод шашны хагарал хуваагдал үүсэж байсныг үгүйсгэхгүй ч гэсэн Католик шашин гэдэг бол барууны соёлын үнэт зүйлийн цөм юм гэдэг талаас нь харвал Папын айлчлал арай өндөр ач холбогдолтой” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.