Олон улсын Монгол судлаач эртэмдийн хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Анх 1959 онд Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлыг зохион байгуулснаас хойш уг хурлыг тасралтгүй хийж иржээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хурлын нээлтэд хэлсэн үгэндээ “Энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан зохион байгуулагдсан болохыг онцоллоо. Түүнчлэн энэ удаагийн Монголч эрдэмтний их хуралд дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлнэ. Монгол судлал дэлхий дахинаа эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд бидний үүх түүх, өв соёлын тухай үнэн бодит мэдлэг мэдээлэл хүн төрөлхтний хүртээл болж, Монгол Улсын нэр хүнд, монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл улам бүр өсөн бэхжиж байна” гэлээ.
Мөн Монгол судлалын үндэсний зөвлөлийн дарга, БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Монгол бол монгол туургатны гал голомтыг сахин суугаа бахархам түүх, баялаг өв соёлтой улс. Тийм ч учраас өнөөгийн даяаршлын эрин үед Монгол Улс нийт монгол туургатан төдийгүй хүн төрөлхтний өмнө өөрийн түүх, хэл, соёлын өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй хэв маягаа хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах үүрэг хүлээсэн юм. энэхүү хурал нь таван жил тутам зохион байгуулагддаг.Тус хурал нь дэлхийн монгол судлаач эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ үр дүнг тайлагнадаг.Монголчуудыг судлагдахуунаа болгосон монгол судлал нь Монгол Улс, монгол үндэстний оршихуйтай шууд холбоотой амин чухал салбар ухаан учраас Монголын төрийн анхаарлын төвд байдаг. Тиймээс нэгэнт уламжлал болон тогтсон монголч эрдэмтний их хурлыг амжилттай зохион байгуулахад Монголын төр засаг онцгой анхаарч, шаардлагатай санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлсээр ирсэн юм.
Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарын судалгааг явуулах чиглэлээр сүүлийн жилүүдэд төрөөс тодорхой бодлого, шийдвэр гаргаж хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулдаг 23 төв, Төв ази, Евроази, Дотоод ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна” гэв.
“Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болж буй энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байна.Казахстан, АНУ, Их Британи, Канад, ОХУ, БНСУ Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэх юм. Түүнчлэн энэ удаагийн их хурлаар монгол судлалын залуу үеийг дэмжихэд чиглэсэн ажлыг зохион байгуулна.
Л. Бүжээ