-Хөөх, ямар өндөр хүн бэ. Хэн юм бол оо?
-Яагаа вэ, Монголын алдарт бөх шүү дээ. Хэн билээ?
-Аан, бөх хүн юм уу?
-Тийм шүү дээ. Аан, нэрийг нь саналаа. Улсын начин Ж.Оргилболд байна.
-Ямар гоё хүн бэ. Залуудаа бүр сайхан бөх, олны харцыг булаасан залуу байсан байх даа. Одоо ч сайхан харагдаж байна.
-Хоёулаа бушуухан очиж зургаа хамт даруулъя.
-Өө, зөндөө олон хүн бүчээд авчихлаа. Хурдхан очъё.
Хоёр залуу ийн ярилцаад Б.Оргилболд начин дээр очив. Лав 20 гаруй хүний дараа, 10 минут хүлээж байгаад зургаа даруулав. Начинтай хөөрөг зөрүүлж, мэнд мэдсэндээ ихэд баярлан, олзуурхаж байлаа. Тэдний ард 30-аад хүн хүлээн зогсож байв. Булган аймгийн Булган сумын наадам дээр наадамчин олон Б.Оргилболд начингаар бахархаж, бахдаж, уулзахыг, мэнд мэдэхийг, зургаа хамт даруулахыг хүсэн тэмүүлж буй нь энэ. Бүр зөвхөн түүнтэй уулзаж, харахаар зорьж ирсэн хүн ч цөөнгүй байлаа.
Спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлгийн баяр наадмын тусгай дугаараа бэлтгэхээр Булган аймгийг зорьж, улсын начин Ж.Оргилболдоос ярилцлага авахаар очиход ийм дүр зураглал биднийг угтлаа.
-За, сайн байна уу, Та. Сайхан наадаж байна уу?
-Сайхан наадаж байна аа. Хотоос ирж ярилцлага авах хүүхдүүд мөн үү. Хаа холоос намайг зориод ирсэнд баярлалаа.
-Мөн, мөн. Та ярилцлагаа хэзээ өгөх боломжтой байна?
-Миний хэдэн шавь барилдаж байгаа. Гурвын давааны дараа эндээс хөдөлье. Болох уу?
-Бололгүй яах вэ.
-Би тэр цэнхэр асарт байж байя. Гялс очиж суухгүй бол хүмүүс бүчээд, наадам үймүүлчих гээд байдаг юм.
-За, тэгье.
-Гурвын давааны дараа эвтэйхэн явъя. Хүмүүс бужигнуулчих вий.
Ийн ярилцсан бид гурвын давааны дараа хөдөллөө. Начны хөл хэдэн сарын өмнө хугарчээ. Одоо овоо эдгэж байгаа ч удаан алхаж чадахгүй байгаа гэнэ. Цэнхэр асраас гарангуут мөн л өмнөх шиг олон хүн бүчин авлаа. “Аль вэ миний утас хаана байна. Явахаас нь өмнө гялс зургаа даруулаадахъя” гэж яарна. Хажууд зогсож байсан өвөө “Мөн ч өндөр хүн юм аа. Би гадаадын цөөнгүй орноор аялсан. Ийм өндөр хүнтэй Монголд байтугай гадаадад таарч байгаагүй” гээд толгой сэгсрэв.
Бид наадмын талбайгаас урагш хөдлөн, нэгэн дэнж дээр гарч ийн ярилцлаа.
-Мартаж боломгүй, мартагдах учиргүй хүмүүсийн нэг нь Та. Олноос хол, Булган нутагтаа та амьдарч байна. Тиймээс бид зориод ирлээ. Бидний урилгыг хүлээж авсанд тань баярлалаа.
-Хол газраас намайг зориод ирсэн та бүхэнд баярлалаа. Би ер нь хэвлэлээс хол хүн. Булган аймагтаа амьдардаг маань ч үүнд нөлөөлдөг. Нөгөө талаар би хэвлэлд ярилцлага өгөх тийм ч дуртай биш. Ер нь дөлдөг талдаа. Хаа хол Улаанбаатараас зориод ирсэн та нарт үнэрхэж, ажлыг нь “алаад” яах вэ гэж бодоод зөвшөөрлөө. Манай аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ дүү маань ятгасан болохоор “Үгүй” гэж хэлж чадсангүй ээ.
-Та ер нь хамгийн сүүлд хэзээ ярилцлага өгсөн бэ?
-Ер нь олон жил болж байна. Бараг 10-аад жил шахуу юм уу даа. Хамгийн сүүлд хэзээ ярилцлага өгснөө санадаггүй ээ.
-Өнөөдөр /VII.1/ Булган сумын наадам сайхан болж байна. Энэ удаагийн наадамд хэдэн шавь нь барилдаж байгаа вэ?
-Олон шавь минь барилдаж байна. Өсөж хөгжин, барилдааны арга туршлага сууж байгаа шинэ бөхчүүд. Нас нь бага. Цол авахдаа гол нь биш. Том цолтой бөхчүүдтэй, ах нартайгаа барилдаж сураг. Барилдааны арга туршлага нь сайжирч, нэг л мэдэхэд улс, аймгийн наадмын түрүү булаалдах хэмжээнд хүрнэ. Хамгийн гол нь үнэнч шударга барилдаж, жудагтай байхыг би шавь нартаа захьдаг. Зөвхөн бөх гэлтгүй ямар ч салбарын хүн бэлтгэлээ чин сэтгэлээсээ хийж, уйгагүй хөдөлмөрлөж байхад нэг л өдөр зорилгодоо аяндаа хүрдэг.
-Сумын наадам хамгийн сайхан, хамгийн дурсамжтай гэж олонх хүн онцолдог. Таны хувьд сумын наадмын хамгийн сайхан нь юу вэ?
-Хамгийн гоё наадам бол сумын наадам. Багадаа аав, ээжийгээ дагаад нааддаг байлаа. Сумын наадмын бүхий л зүйл сайхан, дурсамж дүүрэн. Наадмын хуушуур эргүүлж, гэр бүлээрээ наадах шиг сайхан зүйл хаана байх вэ.
-Та 10 настайдаа анх наадамд зодоглож байсан бил үү?
-Тэгсэн. 10 настайдаа сумын наадамд анх барилдаж байлаа. Том цолтой бөхтэй барилдаж, их сүрдэж байснаа тод санадаг юм. Тэгж наадамд анх барилдан, тоосоо гөвүүлж байлаа /инээв/.
ГАНЦХАН АЛГАДТАЛ СУМАНДАА ГАНЦ БАЙСАН БӨМБӨГИЙГ ХАГАЛЧИХСАН. ТЭРНЭЭС ХОЙШ ВОЛЕЙБОЛ, САГСАН БӨМБӨГӨӨС ХОЛДСОН
-Нуруулаг, биерхүү хүүхдийг сагсан бөмбөг, волейболоор хичээллэхийг зөвлөдөг хүн олон. Таныг эдгээр спортоор хичээллүүлэхээр хэр олон хүн ятгаж байв?
-Сагсан бөмбөг тоглох надад хэцүү байгаагүй. Үсрэхгүйгээр бөмбөг оруулчихна. Манай Орхон сум волейболын ганцхан бөмбөгтэй байлаа. 1984 онд. Волейболын хичээл дээр нөгөө бөмбөг нь над дээр ирэхээр нь алгадчихгүй юу. Тэгсэн чинь нөгөө бөмбөг нь хагарчихдаг байгаа. Оронд өрөөд, гурав нугалж төл гээд. Миний багш Булган аймгийн Орхон сумын “Бүдүүн Бадарч” гэдэг алдартай дасгалжуулагч байлаа. “Чамд волейбол, сагсан бөмбөг зохихгүй. Барилд” гэсэн. Тэгээд л барилдсан, сагсан бөмбөг, волейболоос холдсон доо.
УЛСЫН НАЧИН БОЛООД БИ ХАНАЧИХСАН. Ц.ЦЭРЭНПУНЦАГТАЙ ЖИНХНЭЭСЭЭ БАРИЛДААГҮЙ
Би уг нь анх чөлөөт бөхөөр барилдсан. Миний жин хүрэхгүй. 10 литр цай уун, жингээ нэмж байгаад Архангайн бүсийн тэмцээнд барилдаж билээ. Самбо бөхөөр барилдтал миний жин яг тохирсон. Би аравдугаар ангид байхдаа улсын аварга болсон хүн шүү дээ. Улсын цолтой, мундаг мундаг бөхчүүдтэй барилдаад түрүүлж байлаа.
Миний үед зургаан залуу заан байлаа.
-Ид үе нь.
-Тэгэлгүй яах вэ. Би тэднээс 1-2 насаар ах. Б.Бат-Эрдэнэ аварга, О.Балжинням аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан аймар байсан үе. Амжилт гаргах завсар байгаагүй. Дундуур нь хөөрхий яваад л байсан шиг байгаа юм.
-Улсын цолтон болж чадахгүй юм биш байгаа гэсэн бодол төрөх юм уу?
-Намайг тав давчихаасай гэж монгол түмэн олон жил хүлээсэн. Би ард түмний хүн шүү дээ. Хувь хүн биш.
Хамгийн гол нь би самбо, жүдогийн олон улсын тэмцээн гээд гадаад руу түлхүү явчихдаг байлаа. Үндэсний бөхийн бэлтгэл хийх зав гарахгүй. Онгоцноос буугаад л маргааш нь барилдана. Цав цагаан биетэй зодоглодог байлаа.
-Та З.Дүвчин заанаар тав давж, улсын начин цол хүртсэн. Тийм хариуцлагатай, чухал давааны өмнө танд юу бодогдож байв?
Би тавын даваанд тунана гэж бодож байлаа. Угаасаа тунадаг байв. Өмнөх жил нь Д.Сумъяабазартай тунаж барилдаад унасан. Тэрний өмнөх жил Д.Төмөрхүлэгийн аав Даваадорж харцагад унасан. Сайхан бөхчүүд. Бүгд миний найзууд.
Би 1997 онд улсын начин болсон. Хоёрын даваанд Д.Бумбаяр заантай таарсан. Д.Бумбаяр тэгэхэд заан болоогүй байсан. Манай буурал багш Х.Баянмөнх аварга, Ж.Мөнхбат аварга наадмаас бараг сарын өмнө хэн, хэнтэй учраа таарахыг гаргачихдаг байв. Тэр тэрэнтэй оноолт таарна, эрэмбээрээ ингэнэ гээд. Би 1997 оны наадмын өмнө самбо, жүдогоор Европын тэмцээнүүдэд барилдан, хоёр алт, хоёр мөнгөн медаль авсан. “Вагоноор явахаар би наадмаас өмнө очиж амжихгүй. Онгоцоор нисвэл нэг хоногийн өмнө очиж амжих нь” гээд багш нараасаа гуйлаа. Багш “Биднийг очиход чи цол авчихсан байгаарай” гэхээр нь байдгаа л амлаад “Тэгье, тэгье” гэсэн.
Би ирэнгүүтээ шууд бүртгүүлээд барилдсан. Намайг барилдана гэж бодоогүй байсан аваргуудын таамаг зөрлөө. Улсын заан болох гэж байсан Бумаатайгаа хоёрын даваанд таарчихгүй юу. Би цолгүй, залуу бөх байж байгаад л улсын начин болсон.
-Зургаагийн даваанд улсын гарьд Ц.Цэрэнпунцагтай барилдсан. Начин болсондоо ханачихсан тал бий юү?
-Тийм тал бий. Бид хоёр хоёулаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн бөх байлаа. Манай Пунцаг ид байсан үе. Би явснаас Пунцаг дээшээ явсан нь дээр гэж л бодсон.
-Та тэгж бодоод унасан уу. Үнэн хүчийг үзэн барилдаад яалт ч үгүй өвдөг шороодсон уу?
-Үгүй ээ. Хүч үзээгүй. Миний хэмжээ л тэр. Хоёулаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс таван жил хоолыг нь хороосон учраас өөрийгөө хүчлээгүй. Угаасаа би ханачихсан юм. “За, яах вэ, яах вэ. Дараа жил болъё доо” гээд. Монгол Улсын нэрийг гаргасан. Миний хувьд бол оо, хангалттай.
-Барилдахад хамгийн эвгүй бөх хэн байв?
-Миний хуруу ийм том. Сэнжигэнд орохгүй. Би Ч.Даваадорж харцагад хоёр удаа уначихсан. Эхэндээ хэрхэн барилдах учраа олохгүй байлаа. Зөв барьцаа олж чадаагүй. Ш.Чанрав, Г.Жамсран багш нар маань “Мөчнөөс нь барь. Тохойных нь ард талаас атгачих” гэсэн. Тэгж учраа олсон. Тэгж л давсан. Түүнээс биш эхэндээ учрыг нь олохгүй, олон удаа унасаан. Давкадаа маш их хайртай.
Сүүлд бид хоёр Дундговь аймгийн Сайнцагаан сумын түмэн тэмээний баярт урилгаар очсон. Би оны шилдэг залуу бөхөөр тодорсон жил. МҮБХ-ны тэргүүн Д.Нямдорж “Өндөр, намхан хоёр бөхийг ард түмэн дуудаад байна. Энэ хоёрыг явуул” гэсэн юм. Тэгээд Даваадоржтойгоо Дундговьт очиж барилдаад. Тэр үед ийм автомашин байхгүй. Нэгдлийн даргын “УАЗ-469”-өөр очсон. Манай хүн нэг аймгийн арсланд унаад. Өнөөхийг нь би давж түрүүлсэн. Надад нэг тэмээ өгөөд, өнөөх тэмээг нь машинд ачаад ирэлтэй нь биш. Гоё, гоё юм их болно оо. Би олонтой хүн. Олонтойгоо, олноор хүрээлүүлж, хүндлүүлж явахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ.
Ж.ОРГИЛБОЛД: БИ ИХ УЯХАН, НУЛИМС ОЙРХОН ХҮН
-Сая Булган сумын наадам дээр асраас гарч ирэхэд л хүмүүс уулзъя, зураг даруулъя гээд бүчлээ. Хэдүүлээ наашаа хөдлөх гэж нэлээд удлаа. Хаа явсан газарт тань хүмүүс уулзахыг, зургаа авахуулахыг, харахыг хүсдэг үү?
-Ер нь хүн хүнээс уйддаггүй л байхгүй юу. Хүмүүст хүндлүүлэх сайхан. Хамгийн гол нь олны хүндлэлийг дааж явна гэж айхтар юм бий. Аягүй том хариуцлага шүү дээ.
Би настай хүн, хүүхдэд их хайртай. Эмээ, өвөө, хүүхэд харахаар гоё байдаг. Нутагтай ирчихсэн сайхан байна. Ээж минь байна. Ээжтэйгээ хамт байх сайхан. Би их уяхан, нулимс ойрхон. Ээжийнхээ талаар ярихаар уйлчих гээд байдаг юм.
-Та Орост нэлээд хэдэн жил амьдарсан. Монголдоо ирээд хэдэн жил болж байгаа билээ?
-Булгандаа, эх орондоо ирээд гурван жил л болж байна.
-Одоо ер нь юу хийж байна вэ?
-Би зүгээр суугаагүй. Хэдэн хүүхэд өнхрүүлээд, бэлтгэл сургуулилалт хийлгэж байгаа. Одоохондоо цол авах болоогүй, нас нь бага байна.
-Улаанбаатарт очоод, ид барилдаж байсан үеийнхээ бөхчүүдтэй сайхан уулзах сан гэх бодол хэр их төрдөг вэ. Бөхчүүдээ хэр их санадаг вэ?
-Санадаг. Саналгүй яах вэ. Олон сайхан бөх найз минь Улаанбаатарт бий
Ж.ОРГИЛБОЛД: БИ МАРТАГДАХААС АЙДАГГҮЙ
-Та Улаанбаатараас хол, Булган нутагтаа амьдарч байна. Зарим хүн олонд мартагдахаас, дурсагдахаа байх вий гэхээс айдаг. Та мартагдах вий гэж айдаг уу?
Би үүнээс огт айдаггүй. Би байгаагаараа л байгаа. Байдгаараа л байна. Хэзээд Жигмэдийн Оргилболд хэвээрээ. Таних нь намайг танина. Мэдэх нь намайг мэднэ.
МОНГОЛД ТӨДИЙГҮЙ ГАДААДАД ӨӨРӨӨСӨӨ ӨНДӨР ХҮНТЭЙ ТАРЧ БАЙГААГҮЙ
-Монголд Ц.Шаравжамц гавьяат та хоёр хамгийн өндөр. Түүнээс өөр өндөр хүнтэй Монголд таарч байв уу?
-Би бөхийн буянд, эх орон, ард түмний үүрэг даалгавраар гадаад, дотоодын тэмцээнд олон удаа оролцсон. Тэгж явахдаа өөрөөсөө өндөр хүнтэй таарч байгаагүй.
Үндэсний бөхөд хэдэн өндөр хүн бий. Нэрийг нь хэлж болох юм уу?
-Бололгүй яах вэ.
-Халхын дөрвөн өндөр гэж байгаа юм. Архангайн Батцэнгэлийн харьяат улсын заан Хишигдорж, Г.Өсөхбаяр аварга, “Юндэнгөөгөө” Намжилдорж бид дөрөв.
-Олон улсын тэмцээнд оролцоход гадаадынхан их гайхдаг байв уу. “Ийм өндөр монгол хүн байдаг аа” гээд ч юм уу?
-Зөндөө, зөндөө. Европ руу тэмцээнд явахаар намайг хятад хүнтэй андуураад байдаг юм. Үндсэрхэг хүн чинь “Би хужаа биш” гээд уурладаг байлаа.
-Бөх хүн юуг эрхэмлэж явах хамгийн чухал вэ. Жудагтай байх хамгийн чухал гэдэг шүү дээ.
-Жудаг гэж юу юм бэ?
-Өрсөлдөгчөө хүндлэх, үнэн, шударга барилдахаас эхэлнэ.
-Ерөөсөө ийм л юм. Товчхон л хэлье. Жудаг, эрэмбэ дараа бөх хүнд байдаг. Байх ч учиртай зүйл.
-Нутгийн, ирээдүйтэй бөхийг дэмжээд унаж өгөхийг буруутгах аргагүй. Гэтэл өнөө цагт улсын цол мөнгөөр хэмжигддэг, мөнгөтэй, ар талтай хүн л улсын цолд хүрдэг болчихлоо гэх шүүмжлэл бий. Энэ бүхэн үндэсний бөхийн нэр хүндийг, наадмын нандин зүйлсийг харлуулаад, муухай харагдуулаад байх шиг.
-Ёстой золиг юм даа. Бидний үед ийм зүйл байгаагүй болохоор хэлж мэдэхгүй юм. Нутгийнхаа хүүхдийг, залгамж халаагаа дэмжилгүй яах вэ. Үүнийг буруутгаж болохгүй. Харин найраагаар, буруу аргаар цол авах бол байж болохгүй зүйл.
-Та үндэсний бөхөөс гадна их спортоор өндөр амжилт гаргасан, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгасан хүчтэн. “Гавьяат тамирчин хүртэх хэмжээний бөх. Гавьяат болоосой” гэж хүсэж, хүлээдэг хүн олон. Танд тийм хүлээлт байдаг уу?
-Би хүлээдэггүй. Ард түмэн, төр засаг л өгдөг шагнал. Хэн нэгэн хүлээгээд, нэхээд авдаг зүйл биш. Надад ийм сайхан олон шагнал байна. Сүүлд “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Баярлалгүй яах вэ. Юу гэж голох вэ. Цаг хугацаа нь ирвэл аяндаа гавьяат болох байх аа.
Энэ жил миний нэрэмжит самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ болсон. Нэрэмжит тэмцээнээ хийхэд тусласан, хоёр өрөө байр бэлэглэсэн Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, “Булган хангайн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн С.Гал-Эрдэнэ нартаа маш их баярлалаа.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Сайхан баярлаарай.
-Орон нутагтаа хэнээс ч дутахгүй сайхан амьдрах боломж дүүрэн бий. Заавал нийслэл рүү шилжих, хотод амьдрах шаардлага алга. Орон нутагтаа мартагдсан намайг зориод ирсэн, нэвтрүүлэгтээ оролцуулсан “Өрөг.мн” сайтын хамт олонд маш их баярлалаа. Ажил, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Булган нутгаасаа монгол түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье. Морь нь хурдан, бөх нь бяртай, харвасан сум нь мэргэн байх болтугай.