Бид энэ удаа “Содном гуайн миймдэлт” хуудсын админ М.Содномдаржаатай ярилцлаа. Нийслэлд тулгамдаад буй үерийн усны асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаар мийм хийж цагдаагийн байгууллагад дуудагдаад байгаа тэр энэ асуудалд ямар байр суурьтай буй талаараа ярьсан юм.
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Үзэгчдэд өөрийгөө эхлээд танилцуулаач?
-Намайг Мөнхбаатарын Содномдаржаа гэдэг. Би 19 настай. ЕБС-иа төгсчхөөд завсарлага авсан байгаа. Их сургуульд орох уу, үгүй юу гэдгээ шийдэх, цаашид хэрхэхээ,өөрийгөө олж мэдэх тэр үе дээрээ явж байгаа гэсэн үг. “Содном гуайн миймдэлт” гээд мийм пейж хөтлөөд хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна.
-Ерөнхийлөгчийн зургаар яагаад мийм хийх болсон бэ?
-Гэрээсээ гараад л алхаад явж байсан юм. Зам дээр маш их ус тогтчихсон байсан. Улаанбаатарт бараг үерийн гамшгийн хэмжээ нүүрлэсэн байсан л даа. Угаасаа хот төлөвлөлтөө буруу хийсэн дарга нар, ус зайлуулах шугам хийгээгүй улс төрчдийн буруу л гэж би бодсон. Тэрийг харж бухимдаад, ямар нэг байдлаар ёжилсон мийм хийе гээд л хийсэн юм. Болохгүй байсан юм билээ. Тэр өдөр над руу 21 цагийн үед цагдаагаас холбогдоод миймнийхээ талаар байцаалт өг гэсэн. “Одоо шууд ирэхгүй бол чамайг хаа байгаа газраас чинь барьж чадна шүү” гэж сүрдүүлсэн.
-Цагдаагаас ярихаар нь их гайхсан уу?
-Үнэхээр шоконд орсон. Зүгээр л байдаг л зүйл шүү дээ. Би хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө л эдэлсэн гэж ойлгож байгаа. Тэгж ноцтой хандана гэж огт бодоогүй. Хойшлуулж болохгүй арга хэмжээ гэдэг юм билээ.
Зөвхөн би ч биш, надаас гадна өөр залуус улс төрчдөөр мийм хийгээд торгуулж байгаа тохиолдлууд их дуулдсан. Би тэдний ч буруу гэж бодохгүй байна. Энэ бол хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэсэг шүү дээ. Би лав өөртөө 100 хувь итгэлтэй байгаа. Миний буруу биш.
-Миймийг юу гэж боддог вэ?
-Мийм бол дэлхийд эрчээ авч байгаа. Соёлын хэмжээнд очно гэж би боддог. Доналд Трампаар мийм хийсэн тохиолдол олон гарсан. Лав өөрийг нь шүүмжилсний төлөө иргэдээ цагдаад өгсөн тохиолдол сонсоогүй. Энэ асуудлыг би хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдахад хүрч байна гэж харж байгаа.
Уг нь дээд албан тушаалд очиж байгаа том дарга нар биднийг төлөөлж гарч байгаа хүмүүс шүү дээ. Ард иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээж авах ёстой гэсэн хуулийн зүйл заалт байдаг юм билээ. Чадахгүй бол, шүүмжлэл хүлээж авмааргүй байвал ажлаа өгөөд огцорч болно шүү дээ. Бид тэднээс манай улсыг удирдаач ээ гэж гуйгаагүй. Шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй бол биднийг төлөөлж чадахгүй гэсэн үг. Тиймээс ажлаа хий чадахгүй бол чаддаг хүнд нь өгөөд огцрох хэрэгтэй гэж хатуухан хэлмээр байна.
-Үзэл бодлоо илэрхийлэх эрхээ боомилуулж байна гэж үзээд бухимдаж байх шиг байна. Тийм үү?
-Гадуур гамшгийн байдалтай байна. Би энэ асуудлыг л шүүмжилсэн. Үнэхээр эх орондоо амьдрах тухгүй байгаа. Анхандаа би үнэхээр сандарсан. Манай ээж дүү хоёр луу цагдаа нар залгасан байсан. Ээж надад санаа зовоод байхаар нь би их айсан. Бусдаар бол буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэж байгаа учраас айдас огт байгаагүй. Энэ асуудал бол буцаад бид социализм руу ухарч байгаа хэрэг юм болов уу гэж би бодож байна. Бид үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, илэрхийлэх эрхээ алдвал нэг намын дарангуйлалд орж байна гэж би хувьдаа үзнэ.
-Танд хэлэхийг хүссэн зүйл бий юу?
Залуус маань сонгуулийн үеэр их ирц муутай байдаг. Надад хамаагүй гэх байдлаар залхуурч ханддаг. Тийм байгаасай гэж би хүсэхгүй байна. Ирэх жил 2024 он. Сонгуультай жил бүгд идэвхтэй оролцоорой. Битгий саналаа худалдаарай. Энэ асуудалд би нэлээн эмзэглэж байгаа. Үзэл бодлоо илэрхийлэхээс битгий айгаарай гэж залууст уриалмаар байна.