“2018 онд 61-ийн гарман дээр болсон уралдааны үеэр уулын уруу машинаа унагаачихсан. Мотороо цохиулахаас сэргийлэхийн тулд өнхөрч байх хооронд нь машинаа гялс унтраав. Гурван удаа өнхрөөд яг дугуйн дээрээ буудаг юм байна. Тэнэнгүүт нь өө, ашгүй гэж бодон, гялс асаагаад уралдаанаа дуусгасан юм. Барианд ороход хүмүүс алга ташин баяр хүргэхэд өөрийн эрхгүй уйлж билээ” хэмээн инээмсэглэх түүнийг Бямбасүрэнгийн Бат-Ундрал гэдэг. Тэрбээр Монголын авто, мото спортын олон, олон анхдагч амжилтын эзэн.
Авто, мото спортоор хичээллэдэг Монголын хуруу дарам эмэгтэй тамирчдын нэг Б.Бат–Ундрал 2019 онд “Silk Way Rally 2019” уралдаанд 10 өдрийн турш, 5000 км туулан хурд сорихдоо эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн. FIM-ээс Дэлхийн цомын дөрвөн цувралын нийлбэр дүнгээр шилдгээ тодруулахдаа түүнийг дэд аварга болсныг албан ёсоор зарласан юм.
Ингэснээр Б.Бат-Ундрал Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болсон байлаа. Уралдааны үеэр түүний шөрмөс тасарсан ч "Яс л хугараагүй бол аргатай, уралдана" гэж гүрийсээр 5000 км туулан, барианд орсноор нь бахархахгүй байх аргагүй. Үүний сацуу “Silk way” уралдаанд 2021 онд UTV ангилалд Монголоос анх удаа эмэгтэй баг бүрдүүлэн оролцсон анхдагч.
Б.Бат-Ундрал авто, мото спортын ОУХМ Монголын анхны төдийгүй цорын ганц эмэгтэй тамирчин. “Дакар ралли”–д уралдах, К2 оргилд гарах нь түүний хамгийн том зорилго. Тэр Монголдоо эрэгтэй тамирчидтай өрсөлддөг. Хүнд, хатуу авто, мото спортоор эмэгтэй хүн хичээллэн, Монголдоо эрэгтэй тамирчидтай эн тэнцүү өрсөлдөнө гэдэг төсөөлөхөд ч бэрх, амаргүй зүйл мөнөөс мөн. “Ялагч” нэвтрүүлэг 15 дахь дугаартаа Б.Бат–Ундралыг онцоллоо. Биднийг ярилцлага хийхээр очиход тэрбээр “Yamaha”-гаас шинэхэн хүлгээ дөнгөж аваад байлаа.
Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг тоймлон хүргэе.
-2021 онд хамгийн сүүлд “Silк way” олон улсын раллид Монголоосоо эмэгтэй баг бүрдүүлэн UTV ангилалд оролцсон. Монголоос хамгийн анхны эмэгтэй баг олон улсын уралдаанд тэгж өрсөлдөж байлаа. Би “Silk way”-д 2019 онд Монголоо төлөөлөөд мотоциклээр анх удаа оролцсон. Оросын Сибирээс гараад Хятадын Дунган хүртэл 5000 км бартаат замыг амжилттай дуусгаад Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн. Түүндээ урамшаад 2021 оны “Silк way” уралдааны UTV ангилалд баг бүрдүүлээд өрсөлдсөн юм.
2019 онд “Silk way”-д уралдаж байхдаа жижиг шавар дээр унаад босоод иртэл эрхий хурууны шөрмөс сонин болчихсон. Эмчид үзүүлтэл “80 хувийн тасралттай байна. Уралдаанаа үргэлжлүүлэх боломжгүй” гэсэн. Би “Нэгэнт зорьсон юм чинь уралдаанаа дуусгана” гээд “Гомдолгүй” гэсэн гарын үсэг зураад үргэлжлүүлсэн.
Маргааш нь миний яндангийн нэг боолт хаягдчихав. Хааз жаахан хасангуут мотоцикл унтраад байсан. Тэгээд зам нь нэлээд чанга. Унтрах бүрд нь гэмтсэн эрхий хуруугаараа дарж асаахад их тамир, тэвчээр шаардаж байлаа.
10 өдрийн уралдаан байсан. Уралдааны хоёр дахь өдөр Орост уралдаж байгаад тэгж гэмтсэн. Үлдсэн найман өдрийн уралдаан чанга байлаа. Хэнд ч гомдоллох эрх байхгүй шүү дээ. Би өөрөө энэ спортыг сонгоод, өөрөө уралдаж байгаа учраас тэр. Өвчин намдаах уухаар бусад булчингууд суларчихдаг. Тиймээс өвчин намдаагч хэрэглэхгүй уралдсаар 5000 км туулан, “Silk way” уралдаанаас мөнгөн медаль хүртэж байлаа.
-Би 2014 онд 4000 км-ийн Олон улсын тэмцээнд “Нисэки ралли”-д оролцохдоо их том сургамж, хүмүүжил авсан. Уралдаж явах үед зурган дээр “Гурван жалга байна” гэж гарсан. 10-20 км ойрттоход жалга байгаагүй. “Алдаатай зураг байна” гэж бодоод довцог өнгөртөл үерлэсэн жалга байв. Тэрэнд тулаад, хаазлаад унахад хүн шоконд ордог юм байна. Говийн халуун нар төөнөөд. “Яваад очиход олон хүн хүлээж байгаа. Юу гэж хэлнэ ээ” гэсэн тийм л юм бодогддог юм байна лээ.
Хөлөө жаахан хөдөлгөлөө. Яс хугараагүй. Гэнэт нүд нээгдээд сэргээд боссон. Биений нэг талаар зулгараад мөр гэмтсэн байв. Мотоциклоо нэг дартал эвдэрхий ч гэсэн ассан тэр мөч гоё байсан. Хурдалхаар дугуй хавираад явдаггүй. Нэг мөр гэмтээд, өвдөлт дээд цэгтээ хүрээд “За больё. Үүнээс цааш явж чадахгүй нь. Хасагдъя” гэж бодоод очингуутаа “Би уначихлаа” гэсэн.
Тэнд байсан дасгалжуулагч, монгол тамирчид “Чи зүгээр байна шүү дээ” гээд дугуй, хамаг юмыг маань янзлаад “Үргэлжлүүлээд уралд” гэсэн. Тэгж гараад өвчин намдаах уугаад бариандаа орж байсан. Маргааш нь гурван өдрийн уралдаан үлдсэн байсан. Тэгж монгол эмэгтэй уралдаанч 4000 км-ыг хамгийн анх амжилттай дуусгаж байлаа.
Тухайн үед хэцүү санагдаж байсан ч дараа нь бодоход маш гоё адал явдалтай дурсамжтай. Мөр зулгарсан байсан хэдий ч зорилго маань тодорхой байсан учраас тэр хэмжээний эрсдэлийг эрсдэл, өвдөлтийг өвдөлт гэж боддоггүй юм байна.
-2018 онд “61-ийн гарам” дээр болсон уралдааны үеэр онхолдсон. Машин уруу өнхөрч байхад нь мотороо цохиулахгүйн тулд унтраан, дөрвөн дугуйн дээрээ эргээд буунгуут нь уралдаанаа үргэлжлүүлж байлаа.
“Машин онхолдох, өнхрөх л юм бол унтраагаарай. Тэгэхгүй бол мотор цохино” гэж тамирчид ярьдаг. “За би нээрэн машинаа унтраах ёстой шүү” гэж бодон, машин өнхөрч байх хооронд гялс унтраасан.
-Монголд эмэгтэй ангиллын уралдаан болдоггүй. Тиймээс би эрэгтэй тамирчидтай уралддаг. Өөрийгөө, техникээ сайтар бэлддэг. Мэдээж би энэ олон жил уралдаж буй мастеруудыг яаж дийлэх вэ. Суралцаад, суралцаад л явж байна.
-Одоогоор 30 гаруй тэмцээнд оролцсон. Уралдааны үеэр туулсан зам лав 40.000 гаруй км болоод байгаа.
-Гараанаас гарахад айдас сарничихдаг. “Замаа богино зайнд хэрхэн амжилттай дуусгах вэ” гэж л бодож, төвлөрдөг.
-Уйгагүй, тууштай байсан маань миний амжилтын нууц.
-Уралдааны үеэр хамгийн чухал зүйл бол нэгдүгээрт аюулгүй байдал. Хоёрдугаарт аюулгүй байдал. Гуравдугаарт аюулгүй байдал.
-“Дакар ралли”-д Монголоос эмэгтэй уралдаанч оролцоогүй байгаа. “Дакар”-т тоосоо өргөхийг, амжилттай барианд орохыг маш их хүсэж, зорьж байна.
-Би уулын спортоор давхар хичээллэдэг. Эльбруст гарсан туршлагатай. К2 оргилд гарах нь миний бас нэгэн том зорилго, мөрөөдөл.