ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, улсын зургаан удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэнг “Ялагч” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урьж ярилцлаа.
Монголын боксын спортыг нэгэн үе нуруундаа үүрч, нүүр царай нь болж явсан түүнд монгол түмэн үнэхээр их хайртай.
1997 онд ДАШТ-ий шигшээд шалгараад байхад нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газраас факс очжээ. Маргааш тоглоно гээд унтаж байсан Үүеэ гавьяат нойрон дундаа дэн дун харчхаад унтааж өгч. Аваргын төлөө тоглосныхоо дараа өнөөх факсаа дахин уншаад Гавьяат тамирчин болсноо мэдсэн гэнэ лээ. Тэгж дэлхийн аваргын алтан медалийн төлөө тоглохынхоо өмнөх орой нь Гавьяат болсон тэрбээр нэг жил хоёр өөр ерөнхийлөгч /П.Очирбат, Н.Багабанди/-өөс “Алтан гадас”, Гавьяат тамирчин ховор хувь заяаны эзэн.
“Бээжин-2008”-аас Монголын олимпын анхны аварга боксчин мэндлэхэд Т.Үйтүмэн зурагтаар тайлбарласан. Улмаар “Илүү, илүү” хэмээн уулга алдан, сэтгэл догдлон тайлбарласан нь трэнд үг болсон билээ.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, зочноор оролцож байгаа танд баярлалаа.
-За, баярлалаа.
-Ойрын өдрүүдэд эрэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид үргэлжилж байна. Та ширэн бээлийтнүүдийнхээ дээлийнх нь захыг мушгиад, дэмжээд сууж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Тэмцээнээ үзээд, тамирчдаа дэмжээд сууж байна.
-Энэ удаагийн дэлхийн аваргад Монголоос 10 боксчин оролцож байгаа. Таны таамгаар манай тамирчид ямар амжилт гаргах бол?
-Манай тамирчид боломжийн оролцож байна. Гайгүй амжилт гаргачих байх гээд дэмжээд сууж байна.
-Сүүлд тантай уулзахад Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо ер нь МБХ-нд албан тушаал хашиж байгаа юу?
-Одоохондоо Монголын боксын холбооны ажилд нэг их оролцсон юм алга аа. Хувийн юмаа хийгээд, ажил ихтэй явна. Зав нэлээд тааруу байгаа.
-Та Монгол түмний бахархал болсон тамирчин. Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өнөөгийн Монголын боксын хөгжил, тамирчдын амжилтыг хэрхэн дүгнэж, үнэлж явдаг вэ?
– Намайг ажиллаж байх үед гоё баг бүрдсэн. Бүгдээрээ сэтгэл зүрхээрээ сайхан ажилласан. Одоогийн холбооныхныг харахад, бүгдээрээ сэтгэлээрээ сайхан ажиллаж байгаа. Гэхдээ сайн дасгалжуулагч дутагдалтай байх шиг. Манай Д.Банди багш шиг бүгдийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй заадаг, дасгалжуулдаг дасгалжуулагч дутагдаж байна. Гадаадаас дасгалжуулагч авчраад тамирчдаа бэлтгэж байгаа юм байна лээ. Олимп, дэлхийн аварга төртөл нь боксоо хөгжүүлчихээд өөр улсын дасгалжуулагч авчраад тамирчдаа бэлдэнэ гэхээр надад тиймхэн санагдаж байгаа. Харин үүний оронд Монголынхоо дасгалжуулагчдыг гадаад руу сургалтанд явуулж, маш сайн бэлдэх хэрэгтэй. Дасгал сургуулилалтын монгол арга барилыг нээх ёстой байхгүй юу. Гадаадаас баахан дасгалжуулагч авчраад, хамтраад олимп, дэлхийн аварга төрүүлнэ гэдэг юу л бол. Өсвөрийн хүүхдүүдийг уйгагүй бэлдээд, тэмцээн, уралдаанд оролцуулаад, хөгжүүлч чадвал олимп, дэлхийн аваргаад дорхноо торниод гараад ирнэ.
-Монголын боксын холбоонд ажиллах, шигшээ багийн дасгалжуулагч хийх бодол танд бий юү?
-Би дасгалжуулагчаар ажиллана гэж байхгүй ээ. Тусгай авьяастай, ур чадвартай, бэлтгэгдсэн хүмүүс л дасгалжуулагч хийх нь зөв. Би хэдийгээр дэлхийн аваргын мөнгөн медальтан, Азийн аварга ч техник, довтолгоо заагаад байж магадгүй. Гэхдээ олимп, дэлхийн дэвжээнээс медаль хүртэх, ялалт авах хэмжээний тамирчин бэлтгэнэ гэдэгтээ би өөртөө итгэдэггүй. Сайн тамирчин, сайн дасгалжуулагч гэдэг чинь тэс өөр хоёр мэргэжил байхгүй юу.
-Холбооны удирдах түвшний албан тушаалд ажиллуулах санал дахиад тавьбал зөвшөөрөх үү?
-Би боксоор амьсгалж, боксоор л амжилт гарган, ард түмэндээ хүндлэгдэж яваа хүн. Мэдээж цаашдаа ч боксоосоо салахгүй явах хүсэлтэй.
-Одоо ер нь та ямар ажил эрхэлж байгаа вэ?
-Хувиараа ажил хийж байна. Хүүхдүүд маань томроод, олон ач, гучтай болсон. Одоо үр хүүхдийнхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөж явна. Боксын спортын төлөө, бүх тамирчныхаа төлөө гүйж явсан үе надад бий. Монголын бокс ингэж хөгжиж, олимп, дэлхийн аварга төртөл нь гүйсэн шүү дээ. Намайг ажиллаж байх үед Монголын боксчид багаараа дэлхийд IV, олимпод V байрт орсон шүү дээ.
Зөвхөн бокс гэлтгүй бүхий л спортынхон залгамж халаагаа л орхигдуулаад байх шиг. Энэ тал дээр их анхаармаар санагддаг. Залгамж халаагаа бэлдэх үнэхээр чухал. Одоогийн тамирчид бэлтгэл дуусангуут л утас бариад суучихдаг. Тууштай, уйгагүй бэлтгэл хийж байхад хэзээ нэгэн цагт амжилт шагнадаг л байхгүй юу.
-Та Монголын боксын алдарт дасгалжуулагч Д.Банди агсны шавь. Эл спорттой амьдралаа хэрхэн холбон, багштайгаа танилцаж байв?
-Би Сэлэнгэ аймгийн Шаамар суманд өссөн. Ганхуяг гэдэг ах маань бокс тоглодог байв. Бээлийг нь би их сонирхоно, өмсөж үзнэ. Бокс тоглоод сурчихвал ангийн овгор болох юм байна гэж бодож билээ. Тэгж байх үед Д.Банди багш Сэлэнгэ аймагт томилолтоор очив, 1985 онд. Тэр жилээ Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад нь би оролцсон. Боксоор ганц ч өдөр бэлтгэл хийж үзээгүй, гудамжны зодооноор шахам төсөөлөөд очихгүй юу. Би тэр тэмцээнд тав тоглоод түрүүлж, аймгийн аварга болсон. 10 төгрөгөөр шагнуулан, насаараа хэрэглээд дуусахгүй мөнгөтэй болсон юм шиг баярлаж билээ.
Тэр жил шууд залуучуудын УАШТ-д хүч сорих гэсэн чинь нас, жин хүрээгүй. Дараа жил нь Сэлэнгэ аймгийн аваргад дахин түрүүлээд, УАШТ-д анх удаа өрсөлдөв. Тэгэхдээ аваргын төлөөх тоглолтод Гавьяат тамирчин Э.Цогтжаргалд ялагдан, мөнгөн медаль хүртсэндээ их урамшиж билээ. Тэмцээний дараа “Д.Банди УАШТ-д нэг орос хүүхэд оролцуулаад финалдуулчихлаа” гэх яриа гарсан гэнэ лээ (инээв).
Түүнээс хойш Д.Банди багшийг бурхан болох хүртэл нь би салаагүй. Үргэлж хамт явсан. Миний бэлтгэлийн хуваарь, төлөвлөгөө, тоглолтын тактик гээд бүх зүйлийг багш минь зохицуулдаг байлаа. Хэрвээ би Д.Банди багшийн шавь болоогүй байсан бол өнөөгийн амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү. Үнэхээр агуу хүн байж билээ. Миний багш, аав минь байсан юм, хөөрхий.
-Та бэлтэлдээ өдөр бүр Шаамараас Сэлэнгэ рүү ирдэг байсан юм билээ. Тэр бүхэн танд биеийн хүчний чухал бэлтгэл болсон байх.
-Ёстой тэгсэн шүү. Миний хөлний булчин ямар гэж санана. Дугуйгаар жирийлгэж явсны өгөөж байхгүй юу. Шаамараас Сэлэнгэ хүртэл 20 км зайтай. Би өдөр бүр бэлтгэлдээ дугуйгаар явна. Өглөөний бэлтгэлийнхээ дараа харьж амжихгүй. Тиймээс орой бэлтгэлээ дахин хийчихээд харьдаг байлаа. Хоёр удаа ачаалалтай бэлтгэл хийж дугуйгаар сажлуулан харих амаргүй. Гэхдээ ядардаггүй байсан, ёстой жийж өгнө.
Тухайн үед машин нүдний гэм. Хааяа нэг өнгөрдөг байв. Хоёр бэлтгэл хийгээд харилаа гээд зүгээр суухгүй. Ядарч байсан ч гэрийнхэндээ тусална, усаа авна, түлээгээ хөрөөднө. Би таван дүүтэй, ууган нь. Манай дүү нар Дарханд, би Шаамарт эмээ, өвөө дээрээ өссөн.
Есдүгээр ангид байхад Д.Багш намайг Сэлэнгэ рүү татсан юм. 1989 онд залуучуудын улсын аварга болж, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Тэр жилээ Румынд зохион байгуулагдсан “Далайн бээлий” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Олон улсын тэмцээнд гаргасан анхны амжилт маань тэр.
-Та 1997 онд ДАШТ-д оролцохоор онгоцны буудал дээр очихдоо зардлын мөнгөгүй, явах эсэх тань тодорхойгүй байсан гэдэг. Үнэн үү?
-Үнээн, юуг нь нуух вэ. Би тухайн үед Эрдэнэтийн “Хангарьд” спорт хорооны тамирчин байлаа. Гэтэл Ш.Отгонбилэг захирал гадаад явчихсан, гарынх нь үсэггүй бол зардал өгөх боломжгүй гэв. Би ДАШТ-д оролцох гээд зардалгүй сандраад байдаг. Гавьяат тамирчин Н.Энхбат ах их сандарч, наагуур, цаагуур сайн хөөцөлдсөн. Чингис зочид буудлын гадна шөнөжингөө хүлээн зогсон, сагсан бөмбөгийн “шөвгөр” Өлзий ах надад үнэхээр их тусласан юм. Түүний хүчээр би мөнгөн медаль авсан юм шүү. Шөнөжингөө хүлээж байгаад арайхийж мөнгө бүтээн, шууд онгоцны буудалд ирсэн. Тэгэхэд би онгоцны буудал дээр ирчихсэн тэднийг хүлээж байв. Хөлстэй хувцсаа, бээлийгээ үүрчихсэн. Зардлын мөнгө, онгоцны билетгүй. ДАШТ-д өрсөлдөх эсэх тодорхойгүй. Замын зардал бүтвэл өрсөлдөнө. Зардал олдохгүй бол өнжихөөс өөр аргагүй. Тийм хүнд үед Өлзий ах, Энхбат гавьяат хоёр надад замын зардал бүтээж өгсөн юм шүү. Тэгж тэд надад гурван мянган ам.доллар өгсөн. Би ДАШТ-ээс ирээд зээлсэн мөнгө өгөх гэхэд “Гавьяатыг нь мялаая” гээд буцааж аваагүй. Тэр шөнө мөнгө бүтээгүй байсан бол би ДАШТ-д өрсөлдөж чадахгүй байсан шүү дээ.
-Хэдийгээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэнэ гэдэг том амжилт ч дэлхийн аварга болчихсон бол гэж харамсдаг уу?
-Тухайн үед энэ талаар ёстой бодоогүй. Чангаас чанга атгаад, үнэхээр их баярласан. Сүүлийн жилүүдэд энэ талаар бодогдох болсон. Тэр үед хоёр минутаар таван үе тоглодог байлаа. Эхний гурван үед би, сүүлийн хоёр үед өрсөлдөгч маань илүүүрхсэн. Сүүлийн хоёр үед бээлий даагдахаа болиод, унжсан. Тэгж их олон оногдоод, оноо алдсан юм чинь ялагдахаас аргагүй. Хэчнээн хичээн, өөрийгөө дайчилсан ч үнэндээ санаснаар болоогүй. Тэмцээний өмнө шөнөжингөө саунд суун, арайхийж жиндээ орж билээ. Жингээ 10 өдрийн турш барих, тэгээд тэгж их эрч, хүч алдчихаад тэмцээнд оролцох үнэхээр хэцүү. 10 өдөр штанг өргөж зогсохоос ялгаагүй. Олон өдөр жингээ бариад үнэхээр сульдсан. Эх орондоо ирэхэд монголчууд маань намайг газарт гишгүүлээгүй. Тэр жил жүдо, самбо, чөлөөт бөхийнхөн ДАШТ-ээс ганзага хоосон ирсэн, Монголын спорт навс уналаа гэж шүүмжлүүлж байв. Тийм хүнд үед би мөнгөн медаль хүртсэн юм. Тэгээд од болсон доо. Тэр үед цаг үе хүнд байсан. Шигшээ багийн тамирчид поливитамин хүлхдэг, зөгийн бал найруулж өгдөг байсан шүү.
-Аваргын төлөө тоглохын өмнө Н.Багабанди ерөнхийлөгч танд Гавьяат тамирчин цол олгосон гэдэг. Аваргын төлөөх тоглолтын өмнө сэтгэл зүйд тань нөлөөлсөн үү?
-Ёстой нөлөөлөөгүй. Аваргын төлөө тоглохын өмнө жиндээ орчихоод амарч байв. Ерөнхийлөгчийн Тамгын газраас факс ирлээ гэсэн. Би аймар унтдаг. Нойрон дундаа нээж нэг харчхаад унтчихав. Аваргын төлөө тоглосныхоо дараа багштайгаа уужуу тайвуу харах нь ээ “Мөнгөн медалийн болзол хангасан Т.Үйтүмэн аваргын төлөө сайн тоглоорой. Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо” гэсэн байсан юм билээ. Тийм чухал тоглолтын өмнө Гавьяатаар шагнаад сэтгэл зүйд нөлөөлчихлөө гэж зарим хүн шүүмжилдэг. Надад тийм зүйл огт байгаагүй.
-Амжилтдаа ханаж, эрдэж явсан үе танд бий юү?
-Үнэндээ хэлж мэдэхгүй юм. Энэ талаар хүмүүсээс асуувал тодорхой, голч хариу хэлэх байх. Нээрэн, би ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнийхээ дараа мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөхөөр болсноо албан ёсоор зарласан шүү дээ. Бүр хэвлэл мэдээллээр мэдэгдчихэв. Тэгсэн чинь Ш.Отгонбилэг захирал намайг өрөөндөө дуудаад “Миний хүү ингэж болохгүй. 2000 оны Сиднейн олимп хүртэл зүтгэ, дутуугаа гүйцээ” гэсэн. Би үгнээс нь зөрч чадаагүй. Тэгээд би мэргэжлийн дэвжээнд өрсөлдөөгүй юм.
-Хэрвээ мэргэжлийн дэвжээнд өрсөлдсөн бол та ямархуу амжилт гаргах байсан бол?
-Үнэндээ хэлж мэдэхгүй юм. Лав гавихгүй байсан болов уу. Хааяа нэг ялаад, харлаж үлдэх байсан ч юм бил үү. Мэргэжлийн боксыг сонгоогүй, гадаад руу яваагүй нь болсон юм. Ш.Отгонбилэг захиралд их баярлаж явдаг.
-Та Сиднейн олимпод Монголын боксчидоос ганцаараа оролцсон бил үү?
-Тэгсэн. Би Монголын боксчидоос ганцаараа олимпын эрх авсан юм.
-Сиднейн олимпын дараа та гэнэт зодог тайлсан. Ид шуугиулж явахдаа тийм шийдвэр гаргасанд өдгөө ч спортын хүрээнийхэн гайхдаг, харамсдаг. Гэнэт зодог тайлахад тань юу нөлөөлсөн бэ?
-Би Сөүлд болсон тэмцээнээс Сиднейн олимпын эрх авсан. Тэгэхдээ Киргизстаны тамирчныг ялсан юм. Сиднейн олимпод очоод яг өнөөх киргиз тамирчинтай эхний тойрогт учраа таарав. Гэтэл ялагдчихдаг байгаа. Би дэвжээнээс буунгуутаа багшид “За, больё. Би өмнө нь ялдаг байсан тамирчиндаа дийлдчихлээ. Тэгэхээр би одоо болих цаг болж, залуу тамирчдад зайгаа тавьж өгье” гэсэн. Тухайн үед миний жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ байлаа.
Яах вэ, би Монголдоо түрүүлээд л байх байсан. Гэтэл гадагшаа яваад, олон улсын тэмцээнд тогтмол амжилт үзүүлж чадахгүй бол яах вэ. Тиймээс би залуу тамирчдад боломж олгохын тулд орон зайгаа тавьж өгсөн юм. Тэгээд би Сиднейн олимпоос ирэнгүүтээ шууд боксоо орхисон. Гэнэтийн шийдвэрийг маань хань минь дэмжсэн. Манай эхнэр бид хоёр Ерөнхий боловсролын сургуулийн нэг анги. Бид хоёр дөрөвхөн ширхэг хүүхэдтэй (инээв).
-Бүхий л амьдралаа зориулсан спортоосоо гэнэт нэг өдөр болих амаргүй нь мэдээж. Дахиад хичээллэе, дутуугаа гүйцээе гэж хэр эргэлзэв?
-Ёстой тэгж бодоогүй, огт эргэлзээгүй. Би түс тас талдаа. Дахиад хичээллэе, энэ жил тэмцээнд оролцоод үзье гэж огт бодоогүй.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Ялагч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцсон танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.
-Ийм сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан “Өрөг.мн” сайтын хамт олонд баярлалаа. Та бүхний ажил үргэлж өөдрөг сайхан бүтэж, ялагч байх болтугай. Спортоор хичээллэдэг, амжилтын төлөө зүтгэж яваа бүх хүүхдэд, Монголынхоо бахархал болсон тамирчид маань үргэлж ялагч байх болтугай.