2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн АНУ-ын Лома Линдагийн Их Сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтарсан “Ялалт” төсөл хэрэгжиж эхлээд байна.
Төвийн зургаан дүүргийн 1000 хүнийг хамруулах уг төсөл нь тамхинаас гарах хүсэлтэй сайн дурын иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээг хийх юм. Өнөөдрийн байдлаар 224 хүн төсөлд хамрагдаад байна.
Эмчилгээнд хамрагдах 1000 хүний тал хувьд нь 25 хоногийн хугацаатай “цитизин” эмийг ууж хэрэглэх аргыг хэрэглэнэ. Харин үлдсэн 50 хувьд никотин орлуулах наалтыг 28 хоногийн хугацаатайгаар хэрэглэх аж.
Эмчилгээний хоёр арга барил хоёул стандартад нийцсэн, монгол улсад бүртгэгдсэн гэдгийг төслийн зохицуулагч, АШУҮИС-ийн нийгмийн эрүүл мэндийн салбарын багш Д.Мөнх-Учрал хэлсэн юм.
Тодруулбал, “2022 оны эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн судалгааны үр дүн нь “цитизин” эмийг уусан хүмүүсийн 45,5% нь тамхинаас гарсан. Харин никотин орлуулах наалт эмчилгээг хэрэглэсэн хүмүүсийн 38,8% нь тамхинаас гарсан. Өнөөдөр өглөөний байдлаар 224 хүн эмчилгээнд хамрагдан эмчилгээ нь эхэлсэн байгаа. Тэгэхээр цаана нь 700 гаруй хүн нэмж авах боломж байна” гэв.
Бид төсөлд хамрагдсан иргэнтэй холбогдон мэдээлэл авахад “Одоо яг сар дөнгөж өнгөрч байна. Сэтгэгдэл өндөр байгаа. Эрүүл мэнд цаг зав, хөрөнгө мөнгө, стиль имидж, үнэр талаасаа ч тэр тамхинд хэрэгтэй зүйл гэж нэг ч байхгүй. Аясаар нь тамхинаас гаргадаг юм билээ” гэх хариултыг өглөө.
Эмчилгээг авах хүсэлтэй иргэд yalalt.mn сайтад бүртгүүлснээр төсөлд оролцох боломжтой. Мөн дүүргийнхээ холбогдох утас руу залган мэдээлэл авах боломжтой юм.