Хүн бүрд хүсэл мөрөөдөл байдаг. Хүсэл мөрөөдөл хүнийг амьдруулж бас амжилтад хүргэж, хувь заяаных нь эзэн болгодог. Гагцхүү энэ нь хүмүүн бидний тууштай зан, эцэж цуцашгүй байдлаас шалтгаална. Бид энэ удаад багын хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж, тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуудуулж яваа залуу тамирчин Болдын Алтангэрэлтэй ярилцлаа.
Тэрээр жудо, самба бөхийн төрлөөр 13 удаагийн аймгийн аварга, баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга, шилдэг тамирчин, 2018 онд ОХУ-ын Орёл хотод болсон сурагчдын дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль, 2021 онд самба бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн олон амжилтын эзэн юм. Өдгөө 20 настай залуу тамирчин тэрбээр олимпын аварга болох зорилгыг өвөртөлж байна.
-Сайн байна уу? Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
– Сайн байцгаана уу? Намайг Болдын Алтангэрэл гэдэг. Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул охин. Багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, тамирчин болох замыг сонгож, агуу том мөрөөдөл өвөртөлж яваа залуу тамирчин байна.
-Хэдэн наснаасаа жудогийн спортоор хичээллэж эхэлсэн бэ? Яагаад энэ спортыг сонгох болов?
– Тавдугаар ангиасаа хичээллэж эхэлсэн. Хүүхэд байсан болохоор юм бүхнийг хийж үзэх, сониучхан хүсэлдээ хөтлөгдөөд бүх л зүйлд оролцохыг хичээдэг байлаа. Бүжгийн дугуйланд хүртэл явж байсан. Нэг удаа бүжгийн бэлтгэл дээр хөдөлгөөнөө алдаад, багшдаа цохиулаад шарандаа гараад явчихсан. Гараад сургуулийн зааланд очтол, жудогийн бэлтгэл орж байсан юм. Тэр үед манай сургуульд шинэ тамирын багш ирсэн байсан. Тэгээд шууд л Ёндонжамц гээд багшийн шавь болоод, нэг өдөр бэлтгэлд орлоо. Гэтэл маргааш нь жудогийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болж, мөнгөн медаль авсан. Хамгийн анхны тэмцээн, анхны медаль байсан. Тэгээд урам аваад бэлтгэл хийж эхэлсэн дээ. Өөрөө ч энэ спортод сонирхолтой байсан.
– Аймаг бүсийн тэмцээнээс чамлахааргүй их амжилт гаргажээ. Тэр жаахан байхаасаа спортоор хичээллээд, жин хасах, хоолны дэглэм барихаас эхлээд хэцүү зүйлүүд их байсан уу?
– Мэдээж байлгүй яах вэ. Дуртай зүйлээ идэж чадахгүй, жингээ барих, саунд суух гээд л хэцүү зүйл олон байсан. Гэхдээ миний хүсэл мөрөөдөл учраас хэцүү гэдэг талаас нь биш энэ намайг амжилт руу хөтлөх зам гэж хардаг байсан.
– Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?
– Нэг ч удаа чи боль гэж хэлж байгаагүй. Анх хичээллэж эхэлсэн цагаас л дэмжсэн. Ялсан ч ялагдсан ч миний ард үргэлж бат зогсож чаддаг хүмүүс бол миний гэр бүл.
ӨРСӨЛДӨГЧӨӨ ХЭЗЭЭ Ч ДУТУУ ҮНЭЛЖ БОЛОХГҮЙ ЮМ БИЛЭЭ
Шантарч, бууж өгмөөр санагдах үеүд олон байдаг уу?
– Бэлтгэлээ хангалттай хийгээд бүх зүйлээ хангасан үедээ, хүссэн барилдаанаа хийж чадахгүй байх, яг өнөөдөр түрүүлнэ гэж бодсон ч амжилт гаргахгүй байх нь шантрах шалтгаан болж байсан удаа бий. Өнгөрөгч есөн сард болсон монголын олимпод оролцож байхдаа нэг ч оноо алдаагүй бүгдийг нь цэвэр ялсан юм. Тэр зааланд байсан бүх хүн намайг шүтэж, дэмжиж байсан. Түрүүлнэ гэж бардаад, алтын төлөө барилдахдаа өрсөлдөгчөө дутуу үнэлснээс болж гар өчиг хийлгээд хүрэл медаль авсан. Үүнд их харамссан. Хэзээ ч өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй гэдгийг тэгэхэд ойлгосон.
-Одоо бэлтгэлээ хийж байна уу? Дараагийн тэмцээний товоо гаргасан уу?
-Дээр дурдсан тэмцээнээс бэртэл аваад, түр амарч байгаа. Одоо Солонгос улсад байна. Бэртлээ бүрэн эдгээгээд, эргээд бэлтгэлдээ орно.
-Таны гаргасан амжилтуудын гүүр болсон багшийнхаа талаар яриач?
– Анхны багш маань Эрдэнэжавын Ёндонжамц гэж хүн бий. Би 2018 оноос самба бөхийн төрлөөр дагнаж барилдах болсон. Тэр үеэс Монгол улсын гавьяат багш дасгалжуулагч Ганболдын Үүрцолмон багшийнхаа шавь болсон юм. Би өөрийгөө үнэхээр азтай гэж боддог. Ийм мундаг хүний шавь болсон минь маш их хувь тохиол. Миний гаргасан амжилт бүх зүйл минь багш нартай минь салшгүй холбоотой. Багш нартаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна.
ХАВДСАН ХӨЛӨӨ ӨВДӨЖ БАЙГААГ АНЗААРАХГҮЙ БАРИЛДАЖ, АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙЛАА
– Тамирчин хүний хувьд бэртэл гэмтэл авах их хэцүү зүйл байх. Тийм үү?
– Мэдээж тамирчин хүний хувьд хамгийн хэцүү зүйл бол бэртэл гэмтэл мөн. 2021 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцож байхдаа хөлдөө нэлээн хүнд бэртэл авсан. Багш маань дэвжээн дээр гүйж гарч ирээд намайг үүрээд буулгасан. Асгартлаа уйлаад, дэвжээнээс үүрүүлээд буусан ч надад итгэл хүлээлгэж дэмжиж тусалсан хүмүүс, багшийгаа бодоод бууж өгөлгүй эргэж гараад хүрэл медалийн болзол хангасан. Дараа нь бичлэгээ үзээд, үнэхээр их зорилго өвөртөлсөн, олон хүний итгэл найдвар байсан учраас бэртэлтэй хөлөө өвдөж байгааг ч мэдрэлгүй зүтгэсэн гэж бодогддог.
-Та өнөөдрийн зэрэгт хүрэхийн тулд хэр их золиос гаргасан бэ?
– Үнэхээр би энэ зүйлээр амжилтад хүрнэ, хоолоо олж иднэ гээд шийдсэн л бол бүх зүйлээ л золиослох хэрэгтэй юм билээ. Би Идэр их сургуульд сэтгэл зүйч мэргэжлээр суралцдаг. Тэмцээнээс болоод бэртэл авсан учраас жилийн чөлөө авсан байгаа. Ер нь аливаад амьдралаа бүрэн зориулж чадсан хүн л амжилтад хүрнэ. Уйгагүй бэлтгэл хөдөлмөр, маш их тэвчээрийн үр шим нь амжилт болж ирдэг.
ХЭЦҮҮ БАЙЛАА ГЭЭД ОРХИЖ БОЛОХГҮЙ ЗАМЫГ БИ ӨӨРӨӨ СОНГОСОН. ЗААВАЛ ОЛИМПЫН АВАРГА БОЛНО
– Өнөөдрийг хүртэл та олон хүнд, хэцүү зүйлтэй нүүр тулаад явж байгаа. Таны эцсийн зорилго юу вэ?
– Арван настай жаахан охин байхаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Бэртэл гэмтлээс гадна бас нэг хэцүү зүйл нь санхүүгийн асуудал байдаг.Манай ээж, аав малчин хүмүүс. Өнөөдрийг хүртэл миний явсан тэмцээн уралдаанд бараг бүх зардлыг гаргасан. Охиныхоо төлөө болгоно бүтээнэ гээд л зүтгэдэг. Нутгийн ард түмэн минь ч их дэмждэг. Би хэцүү байлаа гээд орхиж болохгүй замыг сонгосон. Олимпын аварга болох том зорилгыг өмнөө тавиад зүтгэж байна.
Р.Цэцэгбаяр