Оюутолгойн компанийн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр олборлох гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслол өнөөдөр болж байна. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүд тус уурхайн 66 хувийг эзэмшигч, уул уурхайн салбартаа дэлхийд тэргүүлэгч “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд болон уурхайчин хамт олон оролцож байгаа юм.
Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Одоогоос нэг жилийн өмнө 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан, гацсан Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гацаанаас гарч, эхний тэсэлгээ хийснийг та бүхэн санаж байгаа. Хөрөнгө оруулагч тал уул уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтааж ашиглалтад оруулж чадна гэсэн амлалтдаа хүрч чадлаа. ОТ төслийн гүний уурхайн 1260 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж эхний бүлээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.
Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа цахилгаан автомашины үйлдвэр, дэвшилтэд технологийн шинэ эрэн үе, мөн олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах, хүн төрөлхтний үйлсэд оруулж байгаа Монгол Улсын бодит хувь нэмэр юм.
2022 онд ОТ ХХК 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр, цар тахлаас үүдэлтэй эдийн засаг -4 хүртлээ агшсан байсан хүндрэлийг даван туулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол ОТ төсөл юм” гэлээ.
Харин “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм:
Говь нутгийн газар доор 1.3 км ухах олборлолтод их хэмжээний хөрөнгө техникийн чадавх хэрэгтэй. Хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай байдаг. Урдаа тавьсан том зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа зэрэгцэн зогсож, бие биеэ түших хэрэгтэй. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирээдүйд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу, угтах ирээдүйн хамтын замналаа нэг зүгт төвлөрүүлж харах боломжтой боллоо. Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж байгаа нь гарцаагүй. Замд тулгарах сорилтыг хөнгөнөөр төсөөлөмгүй. Гэвч энэ цаг мөчид нэгэн зүгт харж, дөрөө харшлуулан урагшилж байгаа нь цугласан бидэнд урам зориг өгч байна.
“Оюу толгой”-н ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулсан. Ийнхүү 14 жилийн дараа “Оюу толгой”-н баялгийн 80 хувийг агуулдаг гүний уурхайн орборлолтыг эхлүүллээ.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр “Оюу толгой” зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ 1300 метрийн гүнээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэв. Ингэснээр гүний уурхайгаас нэг өдөрт олборлох хүдрийн хэмжээг 2025 он гэхэд 30,000 тонн, цаашлаад үйлдвэрлэлийн оргил үед буюу 2028 онд 95,000 тоннд хүргэхээр зорьж буйгаа мэргэжилтнүүд хэллээ.
Ийнхүү 100 орчим жил ашиглах нөөцтэй “Оюу толгой”-н ил, гүний уурхайг өнөөдрөөс бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэллээ.