Цахим сүлжээнд МУГЖ М.Баярмагнай, “Нэгэн зүгт” хамтлагийн гишүүн, дуучин С.Заяа, ерөөлч Б.Пүрэвсүх зэрэг олны танил хүмүүс хонжворт сугалаа явуулж буй нь олон нийтийг хоёр хуваагаад байна. Учир нь ямар нэгэн сугалаа, хонжворыг сангийн сайдаас олгодог тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстой ба татвар төлөх учиртай. Зөвшөөрөлгүйгээр, татвар төлөхгүйгээр хонжвор явуулж байна, хүмүүсийг залилж байна гэх хүмүүс байгаа бол, аз од нь гийг хэмээгээд хонжворт сугалаанд орохоор мөнгөө илгээж байгаа хүмүүс ч байгаа юм.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн ахмад Г.Анар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг, өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосоны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа юм. Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой гэсэн үг. Түүнээс дурын хувь хүн, иргэнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодоггүй. Гэтэл цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж байгаа нь хууль юм. Эхлээд багахан хэмжээний мөнгө цуглуулж, багахан хэмжээтэй зүйлсээр азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад гар утас, мөнгөн эдлэл, сүүлдээ байр, машин, хурдан удмын адууны хонжвор хүртэл явагддаг болжээ. Манай иргэд ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөж байна. Цахим орчинд лайваар азтан шалгаруулахад азтаныг хэрхэн шалгаруулж байгаа үйл явцыг нь та хянах боломжгүй байдаг.
Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” гэж бий энэ хуулиар Монгол Улсад явуулахыг хориглосон үйл ажиллагааг зааж өгсөн байдаг, мөн зарим төрлийн үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу явуулах ёстой байдаг.
Тэгвэл энэ хуулийн 15.4.4 хэсэгт “Эд мөнгөний хонжворт сугалаа явуулах“ хэмээн тодорхой заасан байгаа. Тэгэхээр хуулийн хүрээнд бол дурын нэг иргэн фэйсбүүк, сошиал орчинг ашиглаж сугалаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл дээрх иргэд хууль зөрчиж байна гэсэн үг юм.
Үүнээс гадна хонжворт сугалаа гэдэг нь тодорхой нарийн шалгууртай. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулахын тулд Сангийн яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Харин тус яамнаас зөвшөөрөл авахын тулд тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой.
Үүнд:
- Сугалааны үйл ажиллагаа эрхлэх төсөл
- Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагаанд аудит оруулж санхүүгийн тайлан хийлгэсэн байх
- Татварын албанаас өр төлбөртэй эсэх талаар лавлагаа
- Санхүүгийн чадвартай байх
- Сугалаа гаргаснаар ямар хэмжээний борлуулалт хийж, ашиг олох талаарх судалгаа
- Баталгаажуулсан тасалбарын хэмжээ гэх мэт маш нарийн шалгууртай байдаг. Харин цахим орчинд явуулж буй дээрх сугалаанууд эдгээр шалгуурын нэгийг нь ч хангаагүй байдаг" гэлээ.
Иймд иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж хууль бус зүйлд хөрөнгө оруулахгүй байхыг хүсье.