Тунана гэдэг тун сайжирсных гэж бөхийн хүрээнийхэн ярьдаг. Улсын наадамд анх удаа зодоглохдоо тавын даваанд тунаж барилдаад, улсын начин цол хүртсэн бахдам амжилтын эзэн хуруу дарам. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх Энхтүвшингийн Батмагнай өнгөрсөн жил улсын наадамд анх зодоглохдоо дөрвийн даваанд улсын гарьд М.Бадарчийг, тавын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунаж барилдаад өвдөг шороодуулан, шуугиулсан. Улмаар 21-хэн насандаа улсын цолтон болсны сацуу 2022 оны наадмын хамгийн залуу начнаар тодорч, даага хөтөлсөн юм.
Дасгалжуулагч С.Мөнхдуулдахын шавь тэрбээр багаасаа тодорсон, аварга болох ирээдүйтэй бөх гэж үнэлэгдсэн хүчтэн. Э.Батмагнай үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аваргын гурван түрүүтэй. Ийм амжилт гаргасан дөрвөн бөхийн нэг нь. “Өрөг.мн” сайт Цагаан сарын баярыг тохиолдуулан зочин хоймортоо уран барилдаант залуу начныг урьж ярилцлаа.
САР ШИНИЙН ӨМНӨХ ӨДӨР ДОГДЛООД, НОЙР ХҮРДЭГГҮЙ БАЙЛАА
-Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сайхан битүүлж байна уу?
-Сайхан битүүлж байна аа. Юуны өмнө монгол түмэндээ битүүний өдрийн мэнд хүргэе. Та бүхэн минь сайхан битүүлж байна уу. Сар шинийн баярын дугаартаа урьж оролцуулсан “Өрөг.мн” сайтын хамт олонд баярлалаа.
-Монгол түмний уламжлалт, хамгийн дуртай баяруудын нэг яах аргагүй Цагаан сар. Та сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Би хүүхэд байхын Цагаан сарын баярт дуртай, их хүлээдэг байсан. Битүүний өдөр болонгуут шөнө нойр хүрдэггүй. “Маргааш шинийн нэгэн” гэж бодохоор бүр их догдолно. 23.00 цаг дөхүүлээд унтсан ч шөнө 02.00, 03.00 цаг гээд сэрчихнэ. Тэгээд сэрэхэд ээж минь гэрийнхээ ажлыг хийж л байдаг байлаа. Нэгэнт хулжсан нойр хэчнээн хичээсэн ч хүрэхгүй. Гүрийж хэвтсээр байгаад үүр цайнгуут босно. Шинийн нэгний өглөө эрт босоод, өглөө нар хараад явах ёстой сайхан.
Би малчин айлын хүүхэд. Мал дээр, хөдөөгийн Цагаан сарыг жинхэнэ утгаар нь тэмдэглэж өссөн.
-Сар шинийн баярыг хүлээдэг, догдолдог нь одоо ч хэвээрээ юү?
-Тэгэлгүй яах вэ. Одоо ч хэвээрээ. Өнөөдөр сайхан битүүлж байна. Маргааш шинийн нэгэн. Битүүнд хүн бүхэн сар шинэдээ бэлдээд, догдлоод хүлээдэг сайхан өдөр.
ЭНЭ ЖИЛ ААВ, ЭЭЖ ДЭЭРЭЭ ОЧИН, НУТАГТАА ШИНЭЛНЭ
-Начных хотод амьдардаг. Энэ жил Цагаан сараа хотод тэмдэглэх үү, нутагтаа шинэлэх үү?
-Аав, ээж минь Баянхонгор аймагт амьдардаг. Нутаг орондоо нэр хүндтэй, хөдөлмөрч сайхан малчин хүмүүс бий. Энэ жил нутагтаа очиж, аав, ээжтэйгээ хамт шинэлнэ. Сар шинээс өмнө эхнэр, хүүхэд хоёртойгоо хамт нутаг руугаа хүлгийн жолоо зална даа.
-Өнөөгийн зарим залуус сар шинийн баярт төдийлөн ач холбогдол өгдөггүй. “Ингэж өргөн дэлгэр тэмдэглэх шаардлагагүй” гэх бодолтой явдаг хүн ч цөөнгүй. Энэ талаар начин ямар бодолтой явдаг вэ?
-Би хүүхэд байхаасаа Цагаан сарын хүсэн хүлээж, өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн болоод ч тэр үү тийм бодолтой хүмүүсийг ойлгодоггүй юм. Монгол түмэн дээр үеэс сар шинийн баярыг тэмдэглэсээр ирсэн. Монголын уламжлалт баяраа тэгж үл тоож, үгүйсгэх нь буруу гэж боддог. Залуус өв соёл, уламжлалаа хүндэлдэг байгаасай.
АЙМГИЙН НААДАМД УНАСАН МИНЬ УЛСЫН НААДМЫН ӨМНӨХ ТОМ ГИШГҮҮР БАЙСАН ЮМ БИЛЭЭ
-Та өнгөрсөн жил улсын наадамд анх удаа зодоглоод начин цол хүртсэн. Ер нь анх удаа барилдсан тул улсын цол авна гэх итгэл хэр байв?
-Цар тахлын улмаас 2021 онд улсын наадам болоогүй. Гэхдээ улсын наадмын энтэй 512 бөхийн барилдаан Хүй долоо худагт болсон. Тийм томоохон барилдаанд би анх удаа барилдсан минь тэр. Гурав даваад, дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболд ахад өвдөг шороодсон. Тухайн үед “Улсын наадамд барилдвал амжилт гаргах боломж надад байгаа юм байна” гэсэн бодол төрсөн, их урамшиж билээ.
-Тэр барилдаанд танд их урам, хөшүүрэг болж. Улсын наадмын өмнө Баянхонгор аймгийнхаа наадамд барилдаад тавын даваанд унасан нь таныг улам хурцалсан уу?
-Ёстой тэгсэн. Аймгийн заан цолтой байсан тул зөвхөн түрүүлэх л зорилготой очсон. Гэтэл тавын даваанд уначихсан. Тухайн үед мэдээж харамссан, хор шар хөдөлсөн л дөө. Аймгийн наадмын тэр унаа улсын цол авахын өмнөх том гишгүүр байсан юм билээ. Улсын наадмын өмнө миний урд байсан нэг унаа юм болов уу. Долдугаар сарын 9-нд аймгийнхаа наадамд тэгж уначхаад, хоёрхон хоногийн дараа буюу 11-нд нь улсын цол хүртсэн.
Би хэрвээ аймгийнхаа наадамд түрүүлж, арслан болчихсон байсан бол улсын наадмаар тэгж барилдаа ч уу, үгүй ч үү. Намайг илүү хурцлаад, дотор байсан хүнийг минь сэрээж өгсөн.
ХҮҮГИЙН МИНЬ ӨЛГИЙНД ЗӨГИЙ ҮҮРЛЭХЭД НЬ “УЛСЫН ЦОЛ АВАХ НЬ” ГЭЭД ИХ БЭЛГЭШЭЭСЭН
-Аймгийнхаа наадмаас буцаж явахад таны хүүхдийн өлгийд зөгий үүрлэчихсэн гэсэн. Үнэн үү?
-Үнээн. Аймагтаа барилдчихаад Улаанбаатар руу буцаж явах шөнө манай хүүхдийн хувцсанд зөгий ороод, үүрлэчихсэн байсан. Зөгий зөнтэй амьтан, цол авахыг бэлгэддэг гэж бөхчүүд бэлгэшээдэг. Би ч мөн адил бэлгэшээж байлаа. Учир нь би сумын заан цолтой байхад наадмын өмнө миний өрөөнөөс зөгий салахгүй байсан юм. Тэр жил би аймгийн заан болсон. Тэрийгээ ч мөн бодсон, “Энэ жил улсын наадамд цолоо ахиулах боломж надад байгаа юм байна” гэж бэлгэшээж байлаа.
-Төрийн наадмын дөрвийн даваанд улсын гарьд М.Бадарчийг өвдөг шороодуулсан. Гарьдтай өмнө нь барилдаж байсан бил үү?
-Өмнө нь “Алдар”-ын нэг барилдаанд барилдаад давж байсан.
ТАВЫН ДАВААНЫ ӨМНӨ М.БАДАРЧ ГАРЬД “АХЫН ДҮҮ САЙН БАРИЛДААРАЙ” ГЭХЭД НЬ САЙХАН САНАГДСАН
-Тэгэхээр “Дахиад давж чадна” гэсэн итгэл илүү байв уу. Ер нь яг тэгж суйлна гэж төлөвлөөд барилдсан уу?
-“Биетэй нь барилдахаас цолтой нь барилдахгүй. Санасан, бодсоноо хийгээд барилдъя” гэж бодсон. Өнгөрсөн жил заал танхимын барилдаанд хамгийн сайн байсан бөхчүүдийн нэг нь яах аргагүй М.Бадарч гарьд. Тухайн үед суйлаад тэгж давна гэж бодоогүй. Хөлд нь нэг орж үзье гэсэн бодол бол байлаа. Хөлд нь дутуу орсон чинь М.Бадарч гарьд элэг бүс авсан. Би сэнжгийг нь ухаад, хойшоо хоёр, гурав алхсан чинь зүүн хөл нь нэлээд цөмрөөд ороод ирлээ. Тэгэнгүүт нь суйлаад, араар нь хашаад давсан.
Тухайн үед М.Бадарч гарьд надад юм хэлээгүй. Тахимаа сайхан өгчхөөд явсан. Тавын даваа эхлэхийн өмнө хүрч ирснээ “За, ахын дүү сайн барилдаарай” гэсэн.
-Улсын наадмын түрүү бөхөөр яригдаж байсан бөх тийм сайхан цагаан сэтгэлээр амжилт хүссэн нь танд их сайхан санагдаж, урам өгсөн үү?
-Тэгсэн. “Намайг унагаачихлаа. Уначихлаа” гэж бодолгүй тийм сайхан цагаан сэтгэлээр амжилт хүсэхэд нь их урамшсан. Их сайхан санагдсан. М.Бадарч гарьд их сайхан бөх. Би хүндэлж явдаг.
БАГШИЙНХАА ДАВТУУЛСАН МЭХЭЭР О.НАРАНБААТАР АРСЛАНГ ДАВСАН
-Тавын даваанд аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунасан. Ер нь тунана гэж таамаглаж байв уу?
-Ёстой тийм таамаг надад байгаагүй. Дундуур ч юм уу амлуулах байх гэсэн бодол байлаа. Тавын даваа эхлэх гэж бараг хоёр цаг шахуу болсон. О.Наранбаатар ахтай анх удаа учраа тааран барилдсан минь тэр.
С.Мөнхдуулдах багш “Чи залуу бөх. Сайхан гараад барилд. Унасан ч, давсан ч чамд зөндөө боломж байгаа. Өөрийнхөө санасан, бодсоныг хийгээд барилдчих” гэсэн. Багш зөвлөгөө намайг ёстой сайхан болгосон. Тэрнээс хойш “Би давчихвал улсын цол авна. Уначихвал яах вэ” гэсэн айдас ер байгаагүй. Ер нь тавын давааны нерви ёстой мэдрэгдээгүй.
Хөлд орох бол миний давуу тал. Энэ мэхээ хийнэ гэж бодож байлаа. О.Наранбаатар ахыг давсан тэр хавирааг С.Мөнхдуулдах багш өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш давтуулаад байсан юм. Багшийнхаа давтуулсан мэхээр давж, улсын цолтон боллоо.
-Тавын давааны дараа сэтгэл хөдлөлөө нэлээд гаргасан, эмоци ихтэй байсан. Сэтгэл хөдлөлөө дарж чадаагүй тал бий юү?
-Байгаа. Ер нь энэ миний алдаа болсон. Зургаагийн даваанд Ц.Бямба-Отгон ахтай тунасан. Дан авбал намайг хавирах нь тодорхой. Нэг бол баруун хөлийг нь авна. Нэг бол давхар авна гэсэн төлөвлөгөөтэй. Бүр болохгүй бол золгоод сайхан барилдчихъя гэж бодсон.
Би чөлөөт бөхөөр давхар барилддаг. Ц.Бямба-Отгон ахын хөл нь ойрхон санагдаад, дохьсон чинь гар хүрчихсэн. Тэрэн дээр шунаж аваад алдчихлаа. Тухайн үед улсын цол авчихлаа гээд баярлан, харцага цолны даваанд унасандаа харамсаагүй. Хоёр, гурван сарын дараагаас харамсах сэтгэл төрдөг юм билээ.
-Та хоёр наадмаас хойш дахиж учраа таарсан бил үү?
-Таараагүй. Дөрөвдүгээр сард “Алтан цом”-д Баянхонгор, Өвөрхангай аймгийн баг барилдана. Тэр барилдаанд бид хоёр учраа таарна.
ТӨРИЙН НААДАМД АНХ УДАА БАРИЛДААД УЛСЫН ЦОЛ ХҮРТЛЭЭ
-Улсын цол хүртэн, залуу начны даагаа хөтлөөд явж байхад юу бодогдож байв?
-Үнэхээр сайхан юм билээ. Бөх болсны хамгийн гоё жаргалыг мэдэрсэн. Улсын цолтны эгнээнд багтана гэдэг өөрөө их том хувь заяа. Улсын наадамд анх удаа зодоглоод улсын цолтны босго алхсандаа маш их баяртай байна. Улсын начин болоод аав, ээждээ үнсүүлэх их сайхан байлаа.
Хүү минь улсын наадмаас сарын өмнө мэндэлсэн. Бөхчүүд “Хүүхэд мэндэлбэл цол ахьдаг” гэж бэлгэшээдэг. Би ч мөн хүү минь аавдаа улсын начин хэмээх эрхэм цолыг дагуулж ирсэн гэж бэлгэшээж явдаг.
-Залуу начны даага нь аавынх нь адуунд бий юү?
-Тийм ээ. Наадмын дараа нутагтаа аваачсан. Манай нутагт бий.
-Таны амжилт С.Мөнхдуулдах багштай салшгүй холбоотой. Багшийнхаа талаар ярихгүй юу?
-Гавьяат тамирчин Ц.Нацагдорж багш Баянхонгор аймагт “Байдрагийн хүчтэн” дэвжээг байгуулсан. Ийм сайхан клуб байгуулсан нь намайг бөхийн спортоор хичээллэх, амьдралаа холбоход их нөлөөлсөн. Би багаасаа С.Мөнхдуулдах багшийнхаа удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж явна. Бүхий л үед зааж, зөвлөж, түшиж явдаг багшдаа баярлаж явдаг.
ПАРИСЫН ОЛИМП ХҮРТЭЛ ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ДАВХАР БАРИЛДАНА
-Цаашид үндэсний бөх, чөлөөт бөхөөр хослуулан барилдах уу. Эсвэл аль нэгийг нь дагнах уу?
-Ямар ч байсан 2024 оны Парисын олимп хүртэл чөлөөт бөхөөр барилдана. Олимп, дэлхийн аварга болох зорилго тээн, бэлтгэлээ хийж байна. Үүний сацуу улсын начин цолоо ахиулж, бүр дээшээ барилдахын төлөө хичээнэ ээ.
Ар гэртээ санаа зоволгүй бэлтгэлээ л сайн хийх боломжоор ханган, намайг үргэлж дэмждэг ханьдаа баярлалаа. Мөн аавынхаа амьдралын бүх утга учир хүүхдэдээ хайртай шүү. Эхнэртэй мөн зөндөө их хайртай.
-Начин энэ жилийн Цагаан сарын барилдаанд зодоглох уу?
-Би шагайны бэртэлтэй байгаа. “Алтан цом”-ын барилдаанд гүрийгээд барилдаж байгаа. Бэртлээ эдгээн, формоо илүү сайн тохируулж байгаад Цагаан сарын дараагийн барилдаанаас зодоглоно.
Намайг дэмждэг монгол түмэндээ, баянхонгорчууддаа баярлаж явдгаа уламжилъя. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь ивээн, юу санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Сар шинийн мэнд хүргэе.