Ихэнх нутгаар цагаан зуд болж мал бэлчээрлэх боломжгүй болсон учраас малчид өвөлжөөн дээрээ малаа тэжээж буй талаар ХХААХҮ-ийн Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх хэлж байна. Нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байгаа энэ үед ХХААХҮЯ-наас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тодрууллаа.
-Танай яамнаас малчдын нөхцөл байдалтай танилцсан уу?
-Баруун аймгуудын малчидтай уулзсан. Ялангуяа Ховд аймгийн Үенч, Алтай сумуудад их хэмжээний цас орсон. Өнөөдрийн байдлаар зарим малчид нь хөр цаснаар нүүгээд эхэлжээ. 120см хүртэлх цастай байна гэсэн үг. Тухайн гурван сумын малчид бог малаа бэлчээрт гаргахгүй тэжээх нөхцөл байдал үүссэн. Бидэнд үүсэж байгаа хүндхэн нөхцөл байдал нь отроор явж байгаа малчдад хүрэхэд хэцүү байна. Малчид хэдийгээр бэлтгэлээ сайн базаасан ч гэсэн их хэмжээний цастай байгаа учраас ихэнх мал нь тэжээгдэж байна.
-Өвөлжилт хүндэрсэн газруудад дагаад хаваржилт хүндэрнэ шүү дээ. Ямар бэлтгэл ажил хангаж байна?
-Тийм нөхцөл байдал ажиглагдаж байна. Өнгөрсөн жил газрын гарц муу байсан учраас чийг багатай. Цастай байсан газар ч гэсэн эрсдэлтэй. Хавар цаг хүндэрнэ гэдэг нь өвс тэжээлийн дутагдал үүсэх нөхцөл байдалтай үүснэ гэсэн үг. Баян-Өлгий аймгийн зарим сумдад хар зуд болж байна. Сумын аюулгүй нөөцийг энэ нэгдүгээр сарын 15-наас малчдад гаргана.
-Яг нөхцөл байдалд хүндэрсэн малчдад ямар арга хэмжээ авч байна?
-УОК-оос хоёр аймгийн малчдад өвс тэжээлийг 50 хувь хөнгөлөх ажлыг зохион байгуулсан. Мөн хаагдсан зам харгуйг нээх ажлыг УОК-оос хийж байна. Малчдын зүгээс бид 4-5 сар хүртэл тэжээх боломжгүй гэдгээ хэлж байгаа. Тиймээс бид энэ асуудалд анхаарлаа хандуулна. Цаашдаа өвс тэжээл дутагдана. Бидний нөөц ч хүрэлцэхгүй байх. Тиймээс импортын тэжээл оруулж ирэх зохицуулалт хийгдсэн байгаа.