ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад оруулаад байсан нүүрсний гэрээнүүдийг ил болгож, холбогдох албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхлээд буй. Оффтейк гэрээнээс анхаарал татах нэг зүйл нь “Бодь интернэшнл” компанитай байгуулсан, "Тавантолгой- Гашуунсухайт" чиглэлийн төмөр зам барих гэрээ байсан юм. Тэд 1 км төмөр замыг тэрбумаар хэмжигдэх, хэт өндөр дүнгээр барьсан, ажил гүйцэтгэснийхээ хариуд төлбөрөө нүүрсээр авахдаа хэт доогуур үнээр худалдаж авахаар гэрээлсэн гэдэг асуудал яригдаж байна. Энэ асуудлаар "Тавантолгой төмөр зам" компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг ч шалгаж байна. Тэгвэл төмөр замын ажлыг гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан гэрээний асуудлаар өнөөдөр /2022.12.19/ мэдэлээл өглөө. Түүний ярианы гол агуулгуудыг хүргэе.
- Манай компани 2019 оны сүүлчээр гэрээ байгуулахдаа 2013 оны буюу 7 жилийн өмнөх төслийн үнээр байгуулсан. Бидний анхны гэрээ 792 сая долларын өртөгтэй. ТЭЗҮ-дээ ямар ч өөрчлөлт оруулаагүй. Төмөр замын анхны ТЭЗҮ хил рүү очоогүй байсан. Хилээс 37 километрийн наана хүрэх төмөр зам байсан юм. Дараа нь төрийн байгууллагууд “80 км зам хил хүртэл тавина” гээд 213 сая ам.долларын ажлыг манайд нэмж өгсөн. Ингээд төслийн нийт өртөг 1 тэрбум 5 сая доллар болсон. Үүнд зургаан багц ажил багтаж байгаа. Үүн дотроос төмөр зам дангаараа 474,2 сая доллар буюу 1 км төмөр замыг 1 сая 460 мянган доллараар барихаар гэрээлсэн. Яг үүгээрээ л гэрээгээ байгуулсан. Энд ярьж байгаа бүх юм баримтаар нотлогдоно. Ярьж байгаа бүх зүйл минь гарын үсэг, тамга тэмдэгтэй учраас надад зохиосон юм байхгүй ээ гэдгээ хэлмээр байна.
- Энэ төмөр замын гэрээг нууцад авч, яаралтай барих шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар ярилцаж шийдсэн асуудал. Хэрвээ үүнийг ингэж шийдээгүй байсан бол одоог хүртэл энэ төмөр зам баригдахгүй байх байсан гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Яагаад манайх юм бэ гэж… Маш олон компани руу хандсан. Яг энэ хүнд нөхцөлөөр, 2013 оны төсвөөр нь барьж өгөөд, мөнгөө 60 сарын хугацаанд авах нэг ч компани олдоогүй юм шүү. Хятадууд 100 хувь урьдчилж мөнгөө аваад барьж өгье гэсэн санал хүртэл тавьж байсан. Өнөөдөр төмөр зам нь баригдчихсан, одоо дуусах гэж байгаа нөхцөлд ийм асуудал гарч ирж байгаа нь сайн гэж би бодож байгаа. Нууцад авсан цорын ганц шалтгаан бол шууд гэрээ байгуулах л байсан юм билээ. Түүнээс биш, нууцад аваад үнийг нэмээд, эсвэл нүүрсний үнийг хямдруулсан зүйл байхгүй шүү л гэж хэлмээр байна.
- 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Төмөр замын ажил эхэлсэн. Гэтэл 3 сарын 14-нд манай улс хилээ хаачихсан. Тэгээд манай бүх гэрээнүүд өөрчлөгдөөд, зарим нь цуцлагдаад, ажиллах хүч орж ирж чадахаа больсон. Манайх ганц юм л хүссэн. Төслийг саадгүй явуулахын тулд бүх талын дэмжлэг үзүүлээрэй гэж л хүсдэг байсан. Онцгой байдлаасаа, яамдуудаасаа, хил гээд бүх газраасаа ийм зүйл хүссэн. Тэр газрууд бүх дэмжлэг үзүүлж байсан гэдгийг хэлж, талархах хэрэгтэй. Тэгж байж энэ төсөл явсан шүү.
- Манай гэрээ 2019 онд байгуулагдсан. 10 сард билүү дээ. Нэмж 80 км төмөр зам барих гэрээ нь 2020 оны зургаан сард байгуулагдсан. Тэр нь 213 сая долларын өртөгтэй. Гашуунсухайтын хоёр гэрээ ярьж байна шүү дээ. Нэг нь бол 10 сард байгуулагдсан, нөгөө нь нэмж өгсөн гэрээ. Бид нарт сонгууль, энэ тэр хамаагүй байсан шүү. Ажлаа л хийсэн.
- Биднийг нүүрсний тээврээр хөлжсөн мэт буруу ойлголт яваад байна. Нэгдүгээрт, бид нүүрсний тээвэр огт хийдэггүй гэдгээ хэлмээр байна. Хоёрдугаарт, манайхтай эхэлж гарын үсэг зурсан 796 сая долларын үлдэгдэл төлбөр дээр манайд урьдчилж 110 сая доллар төлөөд, үлдсэнийг нь нүүрсээр төлөх гэрээ байгуулсан. Тэгэхээр тусдаа мөнгө авсан асуудал байхгүй шүү. Бид нийт төслийн 15 хувийг бэлнээр аваад, үлдсэнийг нь нүүрсээр авч байгаа юм.
- Манайхыг нүүрсээ хямд үнээр авахаар тохирсон гэж буруутгаж байна. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Байнга л 60 ам.долларын өртгөөр нүүрс авах гээд байгаа юм шиг ойлгож байгаа нь буруу. Тонн нүүрсийг заримдаа 140 ам.доллараар ч авч л байсан. Нүүрсний үнэ өсвөл бага авна. Буурвал их авна. Ийм байдлаар л явсан.
- Төмөр замаа нарийнаар барьчих юм бол манай нүүрс манай ашигт малтмал шууд Хятадын хил рүү нэвт гараад, гурав дахь зах зээл рүү ороод Тяньжинь, Бугат, Шанхай орно гэж ихэнх бодоод байдаг байхгүй юу. Яагаад Хятадын замтай нийлүүлээд нарийн төмөр зам барьчихаагүй юм? Энэ бол гэмт хэрэг, буруу гэцгээдэг. Өнөөдөр БНХАУ төмөр замаар зургаан оронтой хиллэдэг. Тус улс гадны хөдлөх бүрэлдэхүүнийг өөрийнхөө нутаг руу хэзээ ч оруулдаггүй. Ижилхэн царигтай байсан ч оруулдаггүй. Хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, аюулгүй байдал. Монголд засвар үйлчилгээг нь хийдэг Монгол бүртгэлтэй вагон Хятадын нутгийн гүн рүү орно гэсэн үг шүү дээ, хүмүүсийн ойлголтоор бол… Хятадууд бол хэзээ ч тэгэхгүй. Бүх ачааг нь нурмагч ачаа байсан ч, энгийн ачаа байсан ч хилийн боомтон дээрээ буулгаад, дахиж ачиж байгаа юм. Тэгэхээр бид нар тийшээ өргөнөөр орно уу, нарийнаар орно уу, ямар ч хамаагүй болчихож байгаа юм.
- Манай захиалагч бол Тавантолгой төмөр зам компани. 500-аад ажилчинтай. Ихэнх нь инженер техникийн ажилтнууд. Тэднийх бол төмөр замын ажилд төрийн өмнөөс хяналт тавьж байгаа компани. Тус компанийг шалгаж байгаа асуудлаар манайхаас ямар нэгэн тодруулга аваагүй.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.