“Өрөг хэлэлцүүлэг” нэвтрүүлэг “Экспортын боломжийг ашиглаж эдийн засгаа сэргээе” сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг бэлтгэн, та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээ “Экспортын санхүүжилт ба олон улсын төсөл хөтөлбөрүүд” сэдвээр бэлтгэлээ.
Нэвтрүүлгийн зочдоор:
- Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт
- Экспорт олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг
- Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач
- Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих “GIZ progress” төслийн дарга Ютта Рехаг нар оролцлоо.
С.НАРАНЦОГТ: БОРЛУУЛАЛТЫГ НЭГ ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТ ТАВЬСАН
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт
-Монгол Улсын экспортын бүтцийг өнөөдрийн байдлаар харахад 93.6 хувь нь уул уурхайн экспорт, ердөө 6.4 хувь нь уул уурхайн бус экспорт эзэлж байна. Уул уурхайн экспортыг дотор нь задалж харвал, хоёр хувь нь аж үйлдвэрийн салбар, 4.4 хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна. Төрийн зүгээс эдийн засгаа солонгоруулъя, уул уурхайн бус экспортын дэмжье гэж олон жил ярьж байгаа. Энэ оны наймдугаар сард Монголбанкнаас судлагаа хийсэн. 2018 онтой харьцуулахад, уул уурхайн бус экспорт энэ онд 10 хувиар буурсан байна. Уул уурхайн бус экспорт хөгжихгүй байгаагийн гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Таны хэлсэнчлэн, экспортын бүтцэд уул уурхай хэт давамгайлсан байгаа нь үнэн. Уул уурхайн 93 хувийн экспортын 90 хувь нь ямар ч боловсруулаагүй, түүхий ашигт малтмал. Тэр чигээрээ хил даваад гарч байгаа. Энэ бол нэг онцлох үзүүлэлт байгаа. Уул уурхайн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлдэг хувь нь 1996 онд 11 хувь байсан. Одоо 26 хувьд хүрчихсэн байна.
Хөдөө аж ахуй дотоодын нийт бүтээгдэхүүний 46 хувийг эзэлдэг байсан. Одоо 16 хувь болтлоо буурсан. Үйлчилгээний болон бусад салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувийг эзэлдэг байсан бол одоо 29 хувь болсон байгаа. Ийм байдлаар эдийн засгийн бүтэц өөрөө ингэж өөрчлөгдсөн.
Мэдээж таны хэлсэнчлэн, Төр засгийн зүгээс уул уурхайн бус экспортыг дэмжье гэж олон жил ярьж, бодлого боловсруулан ажиллаж байгаа. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д Засгийн газар макро түвшний бодлого хэрэгжүүлнэ. Макро түвшинд Монголд эдийн засаг хөгжихгүй байгаад хэд хэдэн хязгаарлах хүчин зүйл байна гэж үзэж байгаа. Хил боомт, тээвэр ложистик, хүчин чадал, боломж. Монгол Улсаас экспортлох гэхээр боомтын хүчин чадал, тээвэр зохион байгуулалт нөлөөлдөг.
-Үйлдвэрлэлээ хөгжүүлье гэхээр манайх мөн ялгаагүй эрчим хүчний хязгаарлалтанд орчихсон. Энэ салбарт дотоодын тээвэр, ложистик, зохион байгуулалт чухал байдаг. Энэ чиглэл рүү “Шинэ сэргэлтийн бодлого”-д 94 бүтээн байгуулалтын төсөл зарлаад, хэрэгжүүлж эхэлж байна. 43 нь яг энэ асуудлуудыг шийдвэрлэх, авто зам, хилийн боомтын өргөтгөл гэх мэт ийм төслүүд хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, макро орчныг хянаж чадвал том боломж бидэнд байна.
Ирэх жилийн төсөвтэй холбогдуулаад, макро эдийн засгийн бодлогыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулаад хамт өргөн барьлаа. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх хэд, хэдэн чухал бодлого бий. Жишээлбэл, Боловсруулалтын түвшинг нэг шатаар нэмэгдүүлье гэсэн зорилт тавьсан. Үүний хүрээнд хийх бодит ажил бол татварын бодлого. Тиймээс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн гаалийн татварыг тэглэсэн, ирэх оноос. Үйлдвэрлэл явуулах орчинд тус нэмэр болж байна гэсэн үг.
-Байгалиас заяагдсан давуу тал бидэнд бий. Газар нутаг, хөдөө аж ахуй гэх мэт. Эхний ээлжинд хөдөө ахуйн салбарын боловсруулалт, экспортод тулгарч буй дэд бүтцийн асуудал дээр анхаарч байгаа юм.
Юун түрүүнд тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөллөө. Дараа нь экспортод бодитой гарах боломжтой бүтээгдэхүүний түүхий эдийн орцон дээр анализ хийж эхэлж байгаа. Цаашид голлох экспортын бүтээгдэхүүний орцны татварын бодлого дээр анхаарна.
Д.ОЮУНБИЛЭГ: МОНГОЛ БРЭНДИЙГ ОЛОН УЛСАД ХЭРХЭН ХУДАЛДАХ МАРКЕТИНГ ОРХИГДООД БАЙНА
Экспорт олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг
-Монголд нэг хэвшмэл хандлага бий. Уул уурхайн бус экспорт гэхээр “Бид тийм их хэмжээгээр гаргаж чадахгүй. Үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй. Олон улсын стандартад нийцэж чадахгүй” гэсэн хэвшмэл хандлага одоо хүртэл байх шиг санагддаг. Танай байгууллага боломж байгааг харуулаад байна. Уул уурхайн бус экспортын өсөлт бага байгаа шалтгааныг эрэмбэлээд хэлээч гэвэл ямар шалтгаануудыг хэлэх вэ?
-Монгол Улсын хувьд уул уурхайн бус экспорт гэхээр илүү нэмүү өртөг шингээгээд жижиг дунд үйлдвэрүүд маань хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээрээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргах зайлшгүй хэрэгтэй. Төр засаг, олон улсын байгууллага, зээлийн санхүүжилт гээд олон зүйлээс дэд бүтэц, суурь тодорхой түвшинд бий болсон.
-Ноос, ноолууран бүтээгдэхүүний 600 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Арьс, ширэн бүтээгдэхүүний 200 гаруй үйлдвэр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэтэл хэвшмэл ойлголттой, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадахгүй, уул уурхайн бус бүтээгдэхүүний хувьд боломж байхгүй гээд байна. Гэтэл харин ч эсрэгээрээ уул уурхайгаас илүү боломжтой.
-Олон улсад нэмүү өртөг шингээгээд гаргана гэдэг нь өөрөө маш олон жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчид, мал аж ахуй эрхэлж буй бизнесээ дэмжинэ.
Бидний хувьд зорилтот зах зээлд хамгийн гол нь нэмүү өртөг шингээгээд, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдээ олон улсын чанар, стандартад нийлүүлээд, худалдааг нь дэмжсэн ажлуудыг хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгэх юм бол уул уурхайн бус салбарын экспорт тийм хол биш, ойрхон.
-Манай үйлдвэрүүд “Самурай”, “Чингис” зэрэг олон бонд, Хөгжлийн банкны зээлээр тоног төхөөрөмжөө харьцангуй сайжруулсан. Яг экспортод зориод үйл ажиллагаа, хөгжүүлэлтээ хийгээд явж буй маш олон үйлдвэр байдаг. Тэдгээрийн маань бүтээгдэхүүнүүд харьцангуй чанар, стандарт нь нийцээд явж байна. Дээр нь тодорхой стандартуудыг хангахад бидэнд илүү ойрхон байна.
Төсөл хөтөлбөрүүдийн хувьд, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк чадавхжуулах хөтөлбөрүүдийг маш их хийж байна. Үүний үр дүн байгаа. Гол нь бодлого, санхүүгийн хувьд дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Одоо ерөөсөө олон улсад хэрхэн худалдах нь үлдчихээд байна. Худалдааг дэмжсэн, худалдааг хөнгөвчлөх, гадаад зах зээлийг зорьсон маркетингийн ажлууд дээр л одоо хоцроод, орхигдоод байна гэж харж байна.
–Ер нь гадна, дотнын зөвлөхүүд Монголд ирээд, үйлдвэрлэгчидтэй уулзаад үнэхээр гайхдаг. Японы зөвлөхүүд Монголын арьс, ширний үйлдвэрүүдийг хараад гайхах жишээтэй. “Японд байхгүй тоног, төхөөрөмжүүд танай үйлдвэрүүдэд маш ихээр байна. Энд ажиллаж буй хүний нөөцийг хөгжүүлэх, боловсруулах, худалдааг нь дэмжих, худалдааны төвүүдийг олон улсад байгуулах, тэр эргэлтийн хөрөнгийг, түүхий эдээ бэлтгэх, санхүүгийн дэмжлэг дутмаг байна” гэдэг. Би ч мөн тэгж хэлэх гээд байна.
Жишээ нь, “Хос аз” гэдэг брэнд бий. Тус брэнд маш том үйлдвэрийг сая ашиглалтад оруулсан. Гутал нь хаана ч гологдохгүй. Японы зөвлөхүүд ирээд захиалгаар гутлаа үйлдвэрлүүлдэг. Япондоо бол хоёр сар хүлээгдэж байгаад 1500-гаар авдаг хэмжээний гутлыг үйлдвэрлэж чадаж байна. Гэтэл тэрийг зарах зах зээл байхгүй. Уг нь, үйлдвэр нь үйлдвэрлэж чадаж байна. Зарах зах зээл дээр нь суваг алга. Маркетинг хийдэг газар алга байна. Дээр нь түүхий эд, арьсаа бэлтгэж авах, бэлтгэсэн арьсыг нь худалдаж авах зэрэг эргэлтийн хөрөнгө алга.
-Гаднын ченжүүд Монголын малын арьсыг хагас боловсруулсан байдлаар, дөнгөж нэг угаагаад аваад гарчихаж байна. Дотоодын үйлдвэрүүдэд түүхий эд үлдэхгүй байна. Жилд Монголд 14 сая шахам малын арьс бэлтгэдэг гэж байгаа боловч үүнээс дотоодын үйлдвэрүүдэд хэр чанартай, сайн нь үлдэж байна вэ. Энэ бол асуудал. Энэ жил Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гээд хөтөлбөрөө баталсан. Энд батласан зүйлүүдээ хэрэгжүүлээсэй, тийм ээ.
Монголд гоё, гоё хөтөлбөрүүд гардаг. Гол нь бодлогын залгамж чанар үргэлжлэх зайлшгүй шаардлага байна.
-Бид гадаад зах зээлийг туршиж үзэж байна. Тэр дундаа АНУ-ыг сонгоод, ажиллаж байна. Яагаад АНУ вэ гэвэл, илүү хэрэглээний зах зээл. Тэгэхээр энэ зах зээлд бид амжилттай нэвтэрч чадах боломж байна гэж үзээд, 2020 онд “Mongolian gallery” буюу Монголын жижиг, дунд бизнесүүдийн худалдааг дэмжих төвийг тэнд нээсэн. Одоогоор 10 гаруй аж, ахуй нэгж гурван жилийн хугацаанд туршилтаа хийгээд, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэн, хэрэглэгчээ судлаад явж байна. Эхний жил коронавирусийн улмаас бид дөрвөн сар л ажилласан. Тухайн үед 30-аад мянган ам.долларын борлуулалт бодитоор хийж чадсан. 2021 онд найман аж ахуй нэгж 100 гаруй мянган ам.долларын борлуулалт хийсэн.
Энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 12 брэнд 128 мянган ам.долларын борлуулалт хийгээд байна. Ямар, ямар бүтээгдэхүүн худалдаалж байна вэ гэвэл, ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн болон гар урлалын бүтээгдэхүүнүүд. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн улирлын чанартай бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэж байна. Жишээлбэл, “Баба” брэнд хоёр удаагийн туршилтаар шоп ажиллуулаад 20 гаруй мянган ам.долларын борлуулалт хийсэн байх жишээтэй.
-Үүний хажуугаар бид өөрсдийгөө сурталчлах, таниулах, гадаад зах зээлд нэгдэж, нийлж гарах зорилгоор “Экспорт Монгол”, “Монголд үйлдвэрлэв” зэрэг жижиг арга хэмжээнүүдийг хийдэг. Өнөөдөр гэхэд бэлэн бүтээгдэхүүнээс гадна соёлын бүтээлч үйлдвэрлэлийн борлуулалтын боломж байна гэж хараад, тэнд уран зураачдын бүтээлийн үзэсгэлэн, худалдааг явуулж байгаа.
Өнгөрсөн жил эмэгтэй уран бүтээлчид маань хоёр өдрийн дотор дөрөв гаруй мянган ам.долларын борлуулалт хийсэн. Ер нь туршиж үзэх, хийх, үүнийгээ цааш нь дэмжих чухал.
-Одоо аж ахуйн нэгжүүд ямар нэгэн нэмэлт дэмжлэггүйгээр явж байна. Энэ маань тодорхой амжилттай байгаа, цаашид маркетингаа зөв хийгээд явбал бүр ч илүү боломж байна. Манай худалдааны төв X, XI, XII сард 300-400 мянган ам.долларын борлуулалт хийнэ гэж төлөвлөсөн, аж ахуйн нэгжүүд маань бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Цахимаар зэрэг худалдах гэх мэт хөгжүүлэлтийн ажлуудаа хийн, зарим төсөл, хөтөлбөртэй хамтарч ажиллаж байна. “Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих” төслийн хүрээнд цахимжих тал дээр биднийг олон талаар дэмжиж байгаа.
-Америк өөрөө дэлхийн хэрэглээний хамгийн том зах зээл. Дэлхийн бүхий л үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ тийшээ нийлүүлж байна. Бидэнд хол юм шиг хэрнээ ойрхон зах зээл. Нэгдүгээрт, гуравдугч хөршийн хамтын ажиллагаатай. Үүнийг манай төр, засгийнхан хийгээд өгчихсөн байна.
Дээр нь, бид 3700 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дээр татвар, тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэ цаашид нэр төрлөөрөө задраад, аяга байлаа гэхэд бэлэг дурсгалын болоод ирэхээрээ татваргүй болдог ч юм уу. Гэх жишээтэй задрахаараа бараг 10 гаруй мянган нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүний татварын хөнгөлөлт байна.
Хоёрдугаарт, Америк өөрөө жижиг дунд үйлдвэрийг маш сайн дэмждэг зах зээлтэй. Манай гол нэмүү өртөг шингээсэн, экспортын бүтээгдэхүүнүүд болох оёмол, арьс ширэн, гоо сайхны, соёлын бүтээгдэхүүнүүд бүгд АНУ-д татвар, тарифын хөнгөлөлттэй байдаг. Тэгэхээр бид АНУ-ын зах зээлд амжилттай нэвтэрч чадах юм бол тэр хэрээр бусад зах заал илүү ойртоно. Америкт гарчихсан бүтээгдэхүүн Японд юм уу өөр оронд хамаагүй нэр хүндтэй, хэрэглэгчээ татах нэр хүндийн баталгаа болдог.
ЮТТА РЕХАГ: БИД ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАРЧМЫГ БАРИМТАЛДАГ
Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих “GIZ progress” төслийн дарга Ютта Рехаг
-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг манай улсад экспортыг дэмжих төсөл, эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслүүдийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа. Эдгээр төслүүд зорилго хүрэх хэмжээний үр дүн үзүүлж чадаж байна уу?
-Германы хамтын ажиллагааны нийгэмлэг одоогоор хэд, хэдэн чиглэлээр ажиллаж байгаа. Худалдаатай холбоотой болон хэд хэдэн жижиг дунд үйлдвэрийн төсөл гэж хэлж болно. Одоогоор бид хоёр төсөл хэрэгжүүлж байгаа. Яг одоо бид Монгол, Хятад, Вьетнам гэх мэт таван улсад анхааран ажиллаж байна. Эдгээр улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, дэмжих зорилготой гэж хэлж болно. Мөн эдгээр улс хоорондын худалдаанд анхаарч байна. Тэгэхээр энэ тал дээр шууд утгаараа худалдаа хийх, сайжруулах нөхцөл дээр ажиллаж байгаа гэж хэлж болно. Эдгээр таван улсын хоорондын худалдаанд ахиц дэвшил гаргахад төвлөрдөг төсөл.
Зөвхөн Монголын жижиг дунд үйлдвэрлэлд Германы яамнаас санхүүжүүлдэг. Энэ талаар Ерөнхий сайд дурьдсан байгаа. Мөн бид чадавхийг нэмэгдүүлэхийг санал болгож байгаа эдгээр төслүүд Монголын жижиг дунд үйлдвэрүүдэд зориулагдсан.
-Албан байгууллагуудтай хамтран ажиллахад хэцүү биш. Хамтын ажиллагаа, хамтарч ажиллах нь хамгийн чухал. Бид техникийн хамтын ажиллагааны зарчмыг баримталдаг. Хоёр төсөл хоёулаа техникийн хамтын ажиллагаа бөгөөд санхүүгийн хамтын ажиллагаа биш. Эдийн засаг, хөгжлийн яамтай стратегийн түвшинд хамтран ажилладаг. Хэрэгжилтийн тухайд, микро болон бүс нутгийн түвшинд ажилладаг. Тиймээс бид бизнесийн дэмжихэд анхаарч, CCI зэрэг зохион байгуулалттай улс орнууд эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл шиг эсвэл Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв зэрэг газруудтай хамтран ажиллах төслүүдийг дэмждэг. Бид тэдний чадавхийг нэмэгдүүлснээр Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зам бий болдог. Энэ бол маш үр өгөөжтэй зүйл. Бид хамтран ажиллаж буйдаа маш их талархаж байна.
ХАННЕС ТАКАЧ: МАЛЫН ГАРАЛТАЙ МАШ ӨВӨРМӨЦ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ БОЛОМЖ ДҮҮРЭН БАЙНА
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач
-Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголд олон төрлийн төсөл хэрэгжүүлдэг. Ногоон бизнесийг дэмжих төсөл, Жижиг дунд бизнесүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлдэг. Би нэг судлагаа хэлье. Монголбанк энэ оны наймдугаар сард экспортод гардаг 540 аж ахуй нэгжийн 30 хувьд нь судлагаа хийхэд ердөө гурван хувь нь “Олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдаж чаддаг. 60 хувь нь банк болон санхүүгийн байгууллагаас санхүүжилтээ шийддэг” гэсэн байна. Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд жижиг дунд үйлдвэрүүдийг хэрхэн нэмэх боломжтой вэ?
–Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ экспортлох боломж маш их байгааг харах хэрэгтэй. Харамсалтай нь, үүнийг дутуу ашиглаж байна. Маш богино хугацаанд экспортод бэлэн болох гэж оролдож байна. Миний хүлээлт, уул уурхайн бус салбар юуг хүсэж байна вэ гэвэл, бага хэмжээний ч хамаагүй брэндүүдтэй компаниуд өөрсдийн хэтийн төлвийг экспортод зориулах хэрэгтэй. “Энэ компани манай бүс нутагт байгаа, экспортлох боломжтой юу” гэж асуувал “Тийм ээ, боломжтой” гэж хариулахад бэлэн байх хэрэгтэй.
IP экспортын хөгжлийн стратегийг компаниудад зориулан захиалгаар хийсэн. Тиймээс компани бүрд тохирох найрсаг худалдааг хийдэг. Орон нутагт зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 20 зөвлөх байгаа. Тэд дотоодын компаниудыг дэмждэг, экспортын стратеги боловсруулж байна. Хөрөнгө оруулалтын компаниуд эдгээрийг бүгдийг нь хийдэг. Экспортын модулийг нэмэгдүүлснээр жилийн 60 хувиар өснө гэж тооцож байгаа. Энэ үзүүлэлтэд хүрвэл гайхалтай.
Мэдээж хэрэг үүнийг бид ярьж байна. Энэ бол жижиг хэмжээний экспортын модуль юм. Гэхдээ энэ бол эхлэлийн цэг. “Яг ямар бүтээгдэхүүн гаргах вэ”. Энэ бол дэлхийн хэмжээнд экспортын талаар санаа зовдог зүйл. Мөн бид үйлчилгээний талаар ярьж байна. Учир нь экспортын хүрээнд хамгийн их ашгийг үйлчилгээгээр дамжуулж олдог. “Ямар бүтээгдэхүүн экспортлох боломжтой вэ” гэдгээ бодолцох хэрэгтэй. Химийн бодисгүй, органик байх чухал.
Хүмүүсийн дараагийн үйлчилгээ өргөн хэрэглээний бараа байж болно. Чацаргана, ноолуур, гоо сайхан, мал аж ахуй гэсэн дөрвөн кластерт зөвлөдөг. Орон нутагт их хэмжээгээр бэлтгэх нь асуудал болдог. Экспортод тэнцэх, өндөр чанартай бүтээгдэхүүнийг сонгож, кластер байдлаар ажиллах нь чухал. Засгийн газартай хамтран ажиллах боломжид бид маш их талархаж байна. Амжилттай экспортлох компанид зөвшөөрөл олгох зэрэг ажлыг маш их дэмждэг. Монгол Улсад хийж буй гол хүчин чармайлтын үр дүнд экспорт сэргэх хандлагатай байна.
Япон, БНСУ мэдээж БНХАУ руу уул уурхайн экспорт гарч байгаа. Гэхдээ үүнээс илүү их боломж байгаа. Жишээлбэл, Европын холбоотой худалдааг нэмэх тохиролцоонд хүрсэн явдал юм. Монгол Улсын олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Европ руу татварын хөнгөлөлттэй экспортлох боломжийг олгосон байгаа. Маш олон төрлийн худалдаа хийх боломж байгаа ч бүрэн ашиглагдаагүй байна. Энэ бол том өсөлтийн боломж юм. Тодорхой багц бүтээгдэхүүн дээр тулгуурлан, энд үйлдвэрлэсэн гарааны бүтээгдэхүүнийг багцална гэж үзэж байна.
Компанийн тухай асуудал маш чухал ойлголт. Монголын компанийн хэмжээ, хүчин чадал үнэхээр жижиг байна. Экспортод амжилт гаргахад хамтын ажиллагаа чухал. Өмнө нь сонсож байсан байх, санхүүгийн чадавхын хувьд ч мөн адил. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай салбарын хөрөнгө оруулалтаар 2.2 тэрбумын хөрөнгө оруулалт байгаа. Бид эргэлтийн хөрөнгө оруулалтаар хангаж байгаа. Компаниудад экспортын зах зээлийг амжилттай шийдвэрлэх үнэхээр их боломж байгаа. Экспортын бүтээгдэхүүн тухайн улсын нүүр царай болдог.
Жишээлбэл, органик ноолуур. Энэ яг тохирсон бүтээгдэхүүн. “Говь” компани, үүнтэй адил жижиг дунд үйлдвэрүүд байгаа. Органик гоо сайхны томоохон аж ахуй нэгжүүдээс “Lhamour” брэнд байна. Энэ бол зөвхөн хоёрхон жишээ. Үүнтэй адил бүтээгдэхүүнтэй маш олон орон бий.
Мөн тухайн улсыг зөвөөр харуулах хамгийн чухал. Одоогоор Монголыг экспортогч орон гэж харахгүй байна. Учир нь ихэнх бүтээгдэхүүнийг импортоор авдаг. Монгол Улсын бодлого, брэнд энэ дүр төрхөд чухал нөлөөтэй. Монгол ямар бүтээгдэхүүн гаргадаг вэ гэвэл, түүхий эд, ноосон утас. 90 сая орчим малтай. Гэхдээ мал аж ахуйгаас яг юуг нь экспортолж байна вэ. Маш өвөрмөц бүтээгдэхүүн экспортолж болохоор байна. Сарлагийн сүү, тэмээний хоормогийг экспортолж байгаа. Гэвч эдгээр бүтээгдэхүүний талаарх дэлхий нийтийн ойлголт, мэдлэг бага байна. Оновчтой, зөв мэдээлэл түгээх, таниулах маш чухал.