Хүн хаана ч төрж, өсөж болно. Харин хэн болох, аз жаргалтай амьдарч, амжилтад хүрэх эсэх зөвхөн өөрөөс нь л шалтгаалдаг. Үүнийг амжилт, үйлдлээрээ үлгэрлэж яваа эрхмүүдийн нэг нь Өлзийсайханы Батзул. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөх тэрбээр хоёрхон настайдаа “Энэрэл” асрамжийн газарт очин, тэнд өссөн ч хичээл, зүтгэлийхээ шимээр өнөөгийн өндөрлөгт хүрч, чамлахааргүй амжилт гаргаж яваагаар нь олон, олон хүн бахархдаг. “Бүжиглэдэг начин” гэдгээр нь олон түмэн илүү сайн мэдэх тэрбээр үндэсний бөх, чөлөөт бөхөөр хослуулан барилдаж, амжилтын төлөө зүтгэж яваа нэгэн.
Өөрт олдсон боломжоо чангаас чанга атгаж, хоёргүй сэтгэлээр зүтгэн, хичээсэн хүн л амжилтад хүрдгийг тодоос тод харуулж яваа түүнийг спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлэг онцоллоо. Амьдрал, дэвжээн дээр Ө.Батзулын өмнө олон, олон саад бэрхшээл тулгарсан ч түүртэлгүй даван туулж, өрсөлдөгчөө төдийгүй өөрийгөө ялан, улам өндөр “оргил”-д гарахын төлөө мацаж яваа тэр яах аргагүй ялагч.
ОРХОН АЙМГААС МЭНДЭЛСЭН АНХНЫ УЛСЫН ЦОЛТОН
-Хэдхэн хоногийн өмнө улсын начин цолныхоо найрыг хийлээ. Цолных нь найр сайхан болов уу?
-Улсын начин цолны маань найр сайхан боллоо. Зөвхөн найр гэхээсээ илүү намайг дэмжиж тусладаг, надтай бүхий л зүйл дээр хамт байдаг хамгийн эрхэм хүмүүстэйгээ талархлын нэгэн сайхан баярын үдшийг өнгөрүүллээ. Сайхан байна аа.
-Улаанбаатарт цас орсон, тэг зогсолттой өдөр найр нь болсон. Товлосон цагтаа эхэлж амжив уу?
-Харин тэглээ. Цолны найраа хийсэн өдөр Улаанбаатарт цас орсны улмаас тэг зогсолт боллоо. Зарим хүн гэртээ харих гэж 6-7 цаг түгжирсэн гэнэ лээ. Найранд маань уригдсан хүмүүс ч мөн адил олон цаг түгжирч ирнэ лээ. Тэг зогсолтын улмаас найраа товлосон цагтаа эхлүүлж амжаагүй. Нэг цаг, 30 минут орчим лав хойшлуулахаас өөр арга байсангүй.
-Та Орхон аймгаас мэндэлсэн анхны улсын цолтой бөх. Нэгэнт цолны найрных нь талаар ярьсных өнөө жилийн наадмын талаар ярилцлагаа үргэлжлүүлье.
-Тэгье ээ, тэгье. Бололгүй яах вэ.
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН БОЛСНООСОО ХОЙШ УЛСЫН ЦОЛ ХҮРТЭХ СЭН ГЭЖ Л ЗОРИЛОО
-Аймгийн харцага цолоо гурван удаа батласан, Орхоны наадамд хоёр жил дараалан түрүүлсэн хүчтэн, Та. Амжилт ахихын хэрээр улсын цол хүртэж чадна гэх итгэл уламх нэмэгдэж байв уу?
-Ёстой тэгдэг юм байна. Аймгийн хурц арслан болсноос хойш улсын цол хүртэх сэн гэж л зорьж, хөдөлмөрлөсөн.
Өнгөрсөн намраас хойш бэлтгэл сайтай, өнгөтэй байлаа. Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлсэн, улс, аймгийнхад нэлээд хэд шөвгөрсөн. Ер нь өөртөө их итгэлтэй байлаа. Өнөө жил улсын цол хүртэх бөхчүүдийн тоонд би зүй ёсоор багтаж байсан юм.
Маш их хичээл, зүтгэл, ур ухаан гээд бүх зүйл бүрдэж, нэг зүйл дээр огтлолцож байж улсын цолны босго алхана, цаашлаад, амжилтаа ахиулах боломж бүрдэнэ.
-Тавын даваанд улсын начин Д.Хүдэрбулгатай барилдсан. Тантай адил чөлөөт бөхийн тамирчин, үндэсний бөх, чөлөөт бөхөөр хослуулан барилддаг. Нэгнийхээ барилдаан битгий хэл алхаа гишгээг ч андахгүй бөхтэй барилдахад хэр байв?
-Улсын цол хүртэх эсэхийг шийдэх хамгийн чухал барилдаан байлаа. Бид хоёр нэгнийхээ барилдааныг сайн мэднэ. Санасан мэхээ зоригтой хийгээд, өөртөө итгэлтэй барилдъя гэж бодсон. Яг тэр төлөвлөснийхөө дагуу барилдаад давлаа.
МОНГОЛ ТҮМНЭЭ ТЭГЖ ХУУРЧ, ҮНДЭСНИЙ БӨХИЙН НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭХГҮЙ
-Д.Хүдэрбулга начин таныг амлахад “Хоёулаа чөлөөт бөхийн тамирчин. Ер нь дүүгээ дэмжих нь” гэсэн хардлага олны дунд байсан. Үнэхээр тийм зүйл болсон уу?
-Үгүй ээ, юу гэж тийм зүйл байх вэ. Наадамчин олноо тэгж хуурч, үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээж болохгүй. Барилдаан таарах, давах хамгийн өндөр магадлалтай бөхөө л амладаг шүү дээ. Барилдаан таарна, давж чадна гэж бодоод л намайг амласан байх.
-“Өлзийсайханы Батзул улсын начин цолны болзол хангалаа” гээд цэнгэлдэх даяар зарлуулан, есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явахад юу бодогдож байв?
-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Нуруун дээрээс нэг хүнд ачаа аваад хаячих шиг боллоо. Олон жил хичээж, үнэнч шударга хөдөлмөрлөснийхөө үр дүнг харах сайхан байлгүй яах вэ. Их л сайхан байсан даа.
-“Улсын цолд хүрлээ” гээд арай эрт сэтгэл амарсан, амжилтдаа ханасан тал бий юү?
-Гайгүй ээ, ер нь тэгээгүй. Тайван байсан. Миний гол барилдааны онцлог бол хөл авах. Хамт бэлтгэл хийдэг тул Н.Золбоо ах миний барилдааныг хэн хүнээс илүү сайн мэднэ. Харгүй сайхан барилдаад тахим буулгасан даа.
Н.Золбоо ах бид 2012 оноос хойш танилцан, амжилтын төлөө хамт зүтгэж яваа. Улаанбаатарт хотод анх ирэхэд гэр орон байгаагүй. Оюутны байранд амьдардаг байлаа. Оюутны байр оюутнуудыг оруулах болоогүй үед ахындаа байдаг байсан. Ахынхаа гал тогоонд ор засаж унтан, хоолоо хувааж идэн, одоо ч хамт бэлтгэл хийж явна. Үргэлж нэг зангаараа байдаг Н.Золбоо ахдаа маш их баярлаж явдаг.
-Улсын харцага цолны чухал даваанд тийм эрхэм, хүндэлдэг хүчтэнтэйгээ барилдах ямар байв?
-Өө, зүгээр шүү дээ. Бэлтгэл сургуулилалт сайн, илүү бол давна. Давах хэмжээнд хүрээгүй бол унана.
УЛСЫН ЦОЛ АВСАНДАА ИХ БАЯРЛАН, ОГШООД ӨӨРИЙН ЭРХГҮЙ БҮЖИГЛЭЧИХСЭН
-Начин болсныхоо дараа бусад бөхчүүдийн хамт Цэнгэлдэх хүрээлэнг тойрон алхаж явахдаа бүжиглэсэн, сэтгэл хөдлөлөө ил гаргасан тань олны талархлыг ихэд хүлээсэн. Сэтгэл тань үнэхээр их хөдлөөд, өөрийн эрхүй тэгж гаргав уу?
-Тэгсэн. Улсын цол хүртвэл ингээд бүжиглэнэ, баяраа хуваалцана, олныг огшооно гэж боддог байлаа. Тэр бодол, хүсэл минь биелсэн. Улсын цол хүртээд, наадамчин олныг баясгаад явах үнэхээр сайхан байлаа. Олон түмэн баяр хүргээд, шуугихаар сэтгэл хөдлөөд, эмоцио ил гаргачихсан л даа.
Үндэсний уламжлалт хэв маягийг орчин үе хэв шинжтэй хослуулж, үндэсний бөхийг арай өөр өнцгөөс харуулсан гэж боддог.
Бусад хүмүүсээс би арай өөр юм шиг байгаа юм. Өөрийнхөөрөө, сэтгэл хөдлөлөө ил гаргадаг, чөлөөтэй байж чаддаг.
-Тэгж тойрч явахдаа наадамчид рүү очин, нэг хүнийг үнссэн. Эхнэр, хүүхэд нь мөн үү?
-Мөн, мөн. Эхнэр, охин хоёр маань улсын наадмыг гэрээсээ үзсэн юм. Намайг улсын цол хүртэхэд баярлаж, догдлоод цэнгэлдэхэд оччихсон байсан юм билээ. Цолоо авсныхаа дараа тойрч явах нь эхнэр, хүүхэд хоёр минь сууж байв. Би бөөн баяр. Эхнэр, хүүхэд хоёроо хараад, үнссэн минь тэр. Үнэхээр сайхан мөч. Баярт мөчөө хайртай хүмүүстэйгээ хуваалцах шиг жаргал гэж юу байх вэ. Өчигдөр болсон мэт тод санаж байна.
Ямар ч үед миний талд зогсож, намайг ойлгож, дэмждэг, хайрладаг ханиараа үргэлж бахархдаг. Хайртай гэж үргэлж хэлдэг. Ярицлагаараа дамжуулан “Сайхан хүү төрүүлж өгсөн чамдаа маш их хайртай шүү. Олон, олон жилийг хамт туулан, аз жаргалтай амьдарна аа” гэж хэлье.
БЭЛЭГНИЙ БАЙРАНДАА ХУРДАН ОРОХ СОН ГЭЭД ДОГДОЛЖ СУУНА
-Эхнэртэйгээ танилцаад хэдэн жил болж байгаа билээ?
-Долоон жилийн өмнө танилцсан. Одоо хань, хүүтэйгээ хамт түрээсийн байранд амьдардаг. Хүү минь мэндэлсний дараа би улам их хичээх урам авсан. Миний амжилт ч тэр хэрээр ахьсан.
-Улсын цол хүртсэнийх нь дараа Орхон аймаг танд байр бэлэглэсэн. Байрандаа хэзээ орох вэ?
-Одоохондоо хараахан орж амжаагүй байна. Оны дараа шинэ байрандаа орох гээд сэтгэл догдлон хүлээж сууна, бид гурав. Надад хүндлэл үзүүлж, амжилтыг минь үнэлсэн Орхон аймгийн зон олон, эрдэнэт хотынхондоо маш их баярлаж явдаг.
-Та бусад үед, амьдрал дээр ч тийм нээлттэй, эмоцитой байж чаддаг уу?
-Чаддаг. Амьдрал дээрээ ч яг тийм хүн. Өөрийнхөөрөө, байгаагаараа байгаа минь л тэр. Түүнээс биш бусдад таалагдах гэж би хичээгээгүй. “Улсын цол авсныхаа дараа бүжиглэвэж олны анхаарлыг татна” гэж бодоогүй.
-Багын бөхийн спортод хорхойтой, дуртай байв уу. Эсвэл хэн нэгний зөвлөсний дагуу хичээллэсэн үү?
-“Энэрэл” асрамжийн төвд байхаасаа л би барилдах дуртай, бөхөд хорхойтой байсан. Батсайханы Идэрсайхан багшийнхаа удирдлагад чөлөөт бөхөөр хичээллэн, энэ спорттой амьдралаа холбож байв.
ЦААШИД Ч ҮНДЭСНИЙ БӨХ, ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ХОСЛУУЛАН БАРИЛДАНА
-Үндэсний бөхөөр нэлээд хожуу хичээллэсэн. Бараг 2016 оноос байх, тийм үү?
-Тийм ээ. Би 2016 оноос хойш “Их богд” дэвжээнд харьяалагдан, үндэсний бөхийн бэлтгэл хийж байгаа.
Тэр жилээ Орхон аймгийнхаа наадамд зургаа давж шөвгөрөн, аймгийн харцага болсон. Дараа нь харцага цолоо гурван удаа батласан. 2021 онд аймгийн арслан болсон, дараа жил нь дахин түрүүлж, хурц арслан цол хүртсэн юм. Тэгээд энэ жил улсын начин боллоо.
Одоо үндэсний бөх, чөлөөт бөхөөр хослуулан барилдаж, хоёулангаар нь амжилт гаргахын төлөө жигд хичээллэж явна.
-Чөлөөт бөхийн 97 кг-д барилддаг. Үндэсний бөхөд жижиг биетэй, жин багатайдаа орно. Энэ дутуугаа юугаараа нөхдөг вэ?
-Чөлөөт бөхөөр хичээллэдгийн давуу тал бий, сул тал ч бий. Хоёр хөлийг тэнцүүхэн авдаг нь миний давуу тал. Барцнаас ааглаад, бярдаад барилдаж чаддаггүй нь сул тал болдог.
-Үндэсний бөхчүүд зөвхөн Монголдоо л амжилт гаргадаг. Олимп, тив, дэлхийд амжилт гаргасан тамирчдыг бөхчүүдээс доогуур үнэлдэг, харилцан адилгүй шагнаж урамшуулдаг гэх шүүмжлэл багагүй гардаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Амжилтаа таниулах, өөрийгөө ойлгуулах, сурталчлах энэ бүгд хувь хүнээс шалтгаалдаг. Үндэсний бөхчүүд бусад спортынхны адил маш олон жил хичээллэж, хөдөлмөрлөж байж амжилтад хүрдэг. Өдөр бүр бэлтгэл хийнэ, бэртэж гэмтэх эрсдэл үргэлж отно. Хувийн амьдралаа хойш нь тавин, маш олон зүйлийг золиослон хөдөлмөрлөсний хүчинд л амжилт гаргадаг.
Хөшиний ард чимээгүй хөдөлмөрлөж яваа мянга, мянган залуус бий. Тэднээс хуруу дарам нь л амжилтад хүрдэг. Бүгдийнх нь сэтгэл, итгэл, хөдөлмөр, урмыг хугалмааргүй санагддаг. Бөхчүүд олон арван жилийн хөдөлмөрөө үнэлүүлж байна гэж ойлгон, зөв өнцгөөс харах хэрэгтэй.
БИ ЗАРЧИМЧ, ШУДАРГА БУС ЗҮЙЛТЭЙ ЭВЛЭРЭХ ДУРГҮЙ
-Үлгэрлэж явдаг бөх бий юү?
-Цөөнгүй бий. Гэхдээ бусдыг дуурайж, үлгэрлэхээс илүү би өөрийнхөөрөө, өөрөөрөө л байхыг хичээдэг. Батзул гэдэг хувь хүн, дахин давтагдашгүй. Ер нь шударга, зарчимч. Шударга бус зүйлтэй эвлэрэх дургүй. Шууд л хэлчихдэг. Зарим хүнд ад болно. Олон хүн миний ийм занд дуртай. Шударга хэлчихдэг, үзэл бодлоо шулуухан илэрхийлдэг ийм л хүн дээ.
-Энэ жил ДАШТ-ий дараа чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхантай маргалдаж буй бичлэг цацагдсан. Тухайн үед ер нь юу болсон юм бэ?
-Тэр хүнийг буруутган, өөрийгөө зөвтгөмөөргүй байна. Тэр хүний характер, байр байдлыг чөлөөтийнхөн надаар хэлүүлэлтгүй мэддэг. Тэгдэг, ингэдэг гээд би ярих илүүц. Өөртийнхөө арга барил, харизмаар надтай ярилцах гэж оролдсон. Тэр хандлага нь надад таалагдаагүй. Би бусдад дээрэлхүүлэх дургүй.
-Тамирчин хүнд ёс зүй чухал. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийнхаа урдаас тэгж авирласан нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?
-Тамирчдын ёс зүйг дагаад багшийн ёс зүй давхар яригдах асуудал л даа.
ХОЁР НАСТАЙДАА АСРАМЖИЙН ГАЗАРТ ОЧСОН, ТЭНД ӨССӨН
-Та “Энэрэл” асрамжийн газарт өссөн юм билээ. Хоёр настайдаа тэнд очсон бил үү?
-Тийм ээ. Би төрсөн аавыгаа сайн мэддэггүй юм. Эгчийнхээ хамт би “Энэрэл” асрамжийн төвд ирсэн, тэнд өссөн. Тухайн үед ээж минь эрүүл мэндийн шалтгааны улмаас эгч бид хоёрыг өсгөх, харж хандах боломжгүй байсан. Хүүхдүүдээ байнга эргэж ирдэг байсан л даа, ээж минь.
-Эгч танаас хэдэн насаар эгч вэ?
-Хоёр насаар эгч. Дүүгээсээ би нэг насаар ах.
-Тэгэхээр асрамжийн газарт та хоёр, эгч нь дөрвөн настайдаа ирсэн юм байна.
-Тийм ээ. Хоёр жаахан хүүхэд асрамжийн газарт очиж байлаа. Жаахандаа очсон болоод ч тэр үү нэг их хэцүү санагдаж, гадуурхагдан, шаналж байгаагүй. Яах вэ, ахлах ангид орох үед бага сага гадуурхагдах хандлага анзаарагдаж байсан. Би тоогоогүй. Ер нь багын сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг хүүхэд байсан. Хүнд, хэцүү байгаагүй. Өдий зэрэгтэй яваа минь “Энэрэл” асрамжийн газартай салшгүй холбоотой. Үнэхээр буянтай сайхан байгууллага байдаг юм.
Улсын цол хүртчхээд “Энэрэл” асрамжийн газарт очих үнэхээр сайхан байлаа. Хүн ямар хүн байснаа, юу туулснаа хэзээ ч мартаж болохгүй.
Нээрэн, улсын цол гэснээс начин болсныхоо дараа ээж дээрээ очоод, үнсүүлэхэд хэчнээн сайхан байсан гэж санана. Ээж минь инээгээд, их баярлана лээ.
ЭЭЖИЙГЭЭ ЭМНЭЛГЭЭС ГАРГАН, ЭРДЭНЭТ ХОТОД БАЙШИН БАРЬЖ ӨГНӨ
-Ээжийг нь бүрэн эмчлэх, эдгээх боломж бий юү?
-Их бага хувьтай, бараг байхгүй л дээ. Ээж минь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн, эмчлүүлдэг. Өвчинтэй ч хүүгээ эрүүл саруул төрүүлсэн нь л чухал. Одоо эсэн мэнд амьдарч байгаа нь л надад хангалттай. Намайг төрүүлсэн ижийгээсээ би өөр илүү юу хүсэх билээ дээ.
Ээжийн минь бие сайжирч байгаа. Эмнэлгээс гарган, Эрдэнэт хотод аваачаад сайхан байшин барьж өгөхийг хүсэж байна.
-Таныг их сайхан дуулдаг гэж сонссон. Ээждээ зориулаад дуулж өгөх боломж байна уу?
-Тэгье ээ, бололгүй яах вэ.
Ингэж хэлээд тэрбээр
“Эргээд ирдэггүй цагтаа
Эргээд нэг л очихсон доо ээж ээ
Энхрий дотнохон ээж тандаа
Энгэрт тань нэг л хөлбөрөх сөн ээж ээ
Буцаад ирдэггүй хорвоод
Бодлыг минь тэгшилжээ та минь
Будрын чулуунд хүү нь цуцаагүй
Буян тань иржээ ээж ээ” гэж дуулав.
-Ээжид зориулагдсан юм шиг үнэхээр сайхан дуу.
-Энэ дуугаа ээждээ дуулж өгч байв уу?
-Дуулж өгч байгаагүй. Одоо эргэж очихоороо ээждээ дуулж өгнө өө.
-Та хүүгийн аав. Он цаг өнгөрөхийн хэрээр аавын орон зай үгүйлэгдэх юм уу?
-Асрамжийн газарт байхаас минь нэг сайхан сэтгэлт хүн намайг хүүгээсээ дутахгүй хайрласан, аавын орон зайг дүүргэж өгсөн. Тийм сайхан хүний ач, хайраар би аавын хайраар огт дутдаггүй.
БОЛОМЖ ХЭНИЙГ Ч Л ЯЛГАДАГГҮЙ
-Хүн ямар ч орчин нөхцөлд, хаана ч өсөж болно. Хэн болох, хэрхэн амьдрах нь зөвхөн тухайн хүнээс шалтгаалдаг гэдгийг та үлгэрлэж явна. Би танаар бахархаж байна.
-Баярлалаа. Заавал тансаг амьдралд өсөж, боломж, бололцоотой айлын хүүхэд болж төрвөл л сайхан амьдрахгүй, амжилтад хүрэхгүй. Боломж хэнийг ч ялгадаггүй. Зүгээр л өөрөө хичээх, хоёргүй сэтгэлээр зүтгэх, зөв бодолтой, зөв амьдрах чухал. Миний боломж бол бөхийн спорт байсан. Би дуртай, хайртай зүйлээ хийгээд, хичээллээд, хөдөлмөрлөөд амжилтад хүрч яваа жирийн л тамирчин.
-Амжилт гэснээс та чөлөөт бөхөөр ямар, ямар амжилт гаргаад байгаа билээ?
-Улсын гурван удаагийн аварга, Азийн аваргын хоёр мөнгөн медальтай. ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдан, V байрт шалгарсан. Олон улс, гран при тэмцээний нийт 12 медаль хүртээд байгаа.
Дэлхийн спорт гэдэг тэс өөр. Өдөрт гурван удаа бэлтгэл хийлгэнэ. Хүнийг ядраана, туйлдуулна. Өдөр бүр өндөр ачаалал шаардана. Нэг мэхийг хэдэн зуун удаа давтаж байж өөрийн болгоно. Зүрхний ажиллах чадварыг маш өндөрт байлгах хэрэгтэй болно. Хүчилтөрөгчгүй орчинд бэлтгэл хийнэ. Маш их цаг хугацааг зарцуулж, уйгагүй хичээж, хөдөлмөрлөсний үр дүнд тэр өндөр мэдрэмжүүдийг өөрийн болгодог. Тэгж байж л чөлөөт бөхөөр амжилт гаргах боломж бүрдэнэ.
-Цаашид юуны төлөө зорьж, зүтгэх вэ. Өмнөө тавьсан зорилгоосоо хуваалцана уу?
-Эв нь таарвал улсын наадмын түрүү хүртэх, том цол авах хүсэлтэй. Тэр хүсэл минь биелэхэд ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Надаас л шалтгаална.
Чөлөөт бөхийн хувьд, барилдах цөөхөн жил үлдлээ. Энэ хугацааг сайн ашиглаж, дутуугаа гүйцээх хүсэлтэй. Авч чадаагүй медалиудын маань оосор ойрхон байгаа гэдэгт мөн итгэлтэй байна.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. “Ялагч” нэвтрүүлгийн зочноор оролцон, илэн далангүй ярилцсанд тань баярлалаа.
-Баярлалаа. Танай нэвтрүүлэгт уригдсандаа их баяртай байна. Ажлын өндөр амжилт хүсье. Намайг үргэлж дэмждэг бүх хүнд, гэр бүлийнхэндээ баярлалаа.