Монголчууд бид арвин их үүх түүх, өв соёл, уламжлалтай ард түмэн. Бид энэ бүхнээ бүрэн судалж, мэдэж, өвлөн, ирээдүй хойчдоо өвлүүлж чадаж байна уу. Монгол түмэн юу юунаас илүү эрхэмлэн дээдэлж, бахархах учиртай зүйл юу вэ. Монгол бахархал гэж ер нь юуг хэлэх вэ. Энэ сэдвийн хүрээнд соёл судлаач Д.Ганпүрэвтэй ярилцлаа. “Алтай”, “Бөртэ” хамтлагийг үүсгэн байгуулсан тэрбээр алтай ятгыг археологийн олдвороос хөгжмийн зэмсэг болгон сэргээх ажилд гар бие оролцсон, нүүдэлчдийн соёл, хөгжмийн зэмсэг, өв уламжлалыг судлах, дэлхийд түгээн таниулах чиглэлд 20 гаруй жил ажиллаж, амьдралаа холбож яваа гавьяатан.
-Өнөөдөр Монгол бахархлын өдөр тохиож байна. Монголчууд бид юу юунаас илүү эрхэмлэн, хайрлаж явах учиртай бахархал таны бодлоор юу вэ?
-Монгол барархлын өдөр бол монгол хүн байх, Монгол өв соёл орших, цаашид өнө мөнх тогтвортой хөгжих, үнэт дархлаа болгон авч явах маш онцгой өдөр. Бахархал бол тухайн ард түмний, улс орны түүх, угсаа гаралтай холбоотой. Нийт монгол түмэндээ энэ сайхан бахархалт өдрийн мэнд хүргэе.
Бид заавал Их Монгол Улсын хэмжээний агуу орон зайд гэхээсээ илүү хувь тавилангийн зөрүүн дээр дахин оршиж, Богд хаант Монгол Улсаас өнөөдөр 3.4 сая болоод ингэж өсөн, бие даан оршиж буй нь хамгийн чухал. Энэ бол юу юунаас илүү онцгойлон бахархах зүйл мөн. Яагаад гэвэл, Монгол Улс 1900-ээд оны үед ямар нөхцөлд байлаа. Харийн бодлогоор Монголын дархлааг үгүй хийхийг олон зуун жил санаархсан, улс орны маань оршин тогтнох эсэх асуудал гадны нөлөөнд орсон, Чингисийн Монгол газрын хөрсөн дээр үлдэх үү, үлдэхгүй юү гэдэг асуудал яригдаж байсан гашуун түүх бий.
Үүний дараа түүхэн бас нэг завсар үед олон сайхан соён гэгээрүүлэгчдээ хэлмэгдүүлсэн нь харамсалтай. Энэ их хядлагын дараа бид өнөөдөр дахиж өндийгөөд, бүхэл бүтэн үндэсний хэмжээний бахархлыг яриад, 3,4 саяулаа Монгол Улсдаа, энэ сайхан газар нутгийнхаа эзэн нь болж яваа нь их хувь тавилан. Тиймээс бид Монгол дархлаа, өв уламжлал, соёлоо оюунаас оюунд, амнаас аманд дамжуулан, ахуй соёл, нүүдэлчдийнхээ дархлаагаар тээсээр ирсэн энэ урт хугацааг би хамгийн хүнд цаг үе гэж боддог.
Монголчууд бид цөөхүүлхнээ. Тийм атлаа олон, олон олимп, дэлхийн аваргууд мэндэлж байна. Монгол хүн шинжлэх ухаан, спорт, соёл урлаг гээд олон салбарт дэлхийд түүчээлж, манлайлж явна. Түүхийн маш ховор аз завшаанд өндийж боссон ард түмэн. Тиймээс бие биенээ хайрлахгүй байхын аргагүй. Монголчуудын хувьд хамгийн үнэ цэнтэй бахархал энэ юм болов уу гэж би боддог.
–Ер нь хаана ч нүүр бардам явах өв уламжлал, ёс заншил, үүх түүхтэй ард түмэн гэдгээ монголчууд бид мэддэг. Гэхдээ мэдсэн шиг мэдэж, судалсан шиг судалж, өвлөсөн шиг өвөлж, бахархсан шиг бахархаж чадаж байна уу?
-Монголчууд оюун санааны хувьд нүүдэлчдийн соёлоос алсарч байна. Нүүдэлчин монголчуудын үг хэллэг, эдлэл, хэрэглэлийг суурин газар өсөж буй хүмүүс төдийлөн мэддэггүй. Өв соёлоосоо холдож буйн шинж. Монголын өв соёл, уламжлал нүүдэлчин ахуйтай нягт холбоотой. Суурин, хотын соёлд уусахын хэрээр олон зуун мянган жил тээсэн, өвлөсөн соёл, уламжлал устах эрсдэл үүснэ. Энэ өнцгөөс нь харвал, өнөө цагт бид өв соёл, уламжлалдаа эзэн нь байж чадаж байгаа юу гэдэг эргэлзээтэй асуулт яалт ч үгүй үүснэ. Нүүдэлчдийн соёлоо авч үлдэхэд хүн бүрийн оролцоо чухал.
Би “Агуй О2” өргөөнд сурагчдад зориулж түүх, өв соёлын танин мэдүүлэх тоглолт “Алтай” хамтлагийн тусламжтай хийдэг. Уртын дууг нэг бадаг бус хагас түрлэг явахад өнөөгийн хүүхдүүд үгийг нь мэддэггүй. Ахуйгаасаа холдчихсон болохоор монголоор сэтгэж чадахгүй байна л даа.
Нөгөө талаар монгол соёл, угсаатны соёл сэргэх хандлага тод анзаарагдаж байна. Өнгөрсөн зун гэхэд Захчины Тонжоо наадам, Урианхайчуудын өв соёлын наадам боллоо. Соёлын яамнаас хоёр жил дараалан “Соёлын наадам”-ыг зохион байгуулж, бүхий л угсаатан нэг дор цугларч, өв соёлоороо бахархлаа. Цаашид угсаатнууд өв соёлоо сэргээх нь зөв.
Монголын бахархал бол бүтэн соёлтой монгол хүн. Эх хэлээ бүрэн сурсан, өв соёл, уламжлалаа бүтэн өвлөсөн монгол хүн бидний бахархал.
-Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр монголчууд бид харийн соёлд уусаж, ахуйгаасаа алсраад байх шиг. Харийн соёл л гоё, бусдын юм л тансаг гэх хандлага багагүй гардаг болчихлоо. Ийм цаг үед яах, хэрхэх нь хамгийн зөв гаргалгаа вэ?
-Монголчуудын түүх өөрөө дэлхийн түүх. Бид Хүннү гүрэн, Их Монгол Улсынхаа түүхээр бахархдаг. Тухайн цаг үе өнөөдрөөс өөр. Тийм хүчирхэг гүрнийг байгуулсан Чингисийн Монгол өнөөдөр ямар байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд бид оюун санааныхаа маш том хүчүүдийг алдсан ч өнөөдөр хүчирхэг хэвээрээ л байгаа нь маш онцгой чанар.
Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум өчигдөр боллоо. Маш чухал бодлогууд гарч байна. Үүнийг дагаад бодлогын эко системийг бүрдүүлж чадаж байна. Бид өнөөдрийг хүртэл гол бодлогоо барьж авч чадалгүйгээр 30 жил явлаа. Дэлхийн хөгжлийг дагаад, даяарших тал руугаа хөгжөөд ирсэн ч өнөөдөр хүний эрх чөлөө гэхээс илүү хувь хүний, Монгол Улсын соёлын дархлаа үнэ цэнтэй, чухал гэдгийг улсын бодлогын хэмжээнд ойлгож, Соёлын яамыг байгуулан, соён гэгээрлийн бодлогуудыг ярьж байгаа нь сайшаалтай.
-Дэлхийн хөгжмийн түүхэнд чухал нөлөөлсөн монгол хөгжим бий юү?
-Байлгүй яах вэ. Аливаа хөгжлийн шалгуур нь язгууртаа оршдог. Өнөөдрийн Монголын түүхийн цаг хугацаанд эргүүлээд харвал, бидний язгуурын олон соёл үгүй болсныг үгүйсгэхгүй. Цаашдаа улсынхаа дархлааг тодоор харъя гэвэл, заавал судлагаа хийх хэрэгтэй болно.
Монголын хөгжим дэлхийн хөгжмийн түүхэнд нөлөөлсөн нөлөөллийг бид харж чадахгүй байгаа зүйл анзаарагддаг. Жишээлбэл, хил хуур 3300 жилийн түүхтэй, нүүдэлчдийн анхдагч хөгжмийн зэмсэг яалт ч үгүй мөн. Хил хуур хөгжим МЭӨ 13 дугаар зуунаас өнөөг хүртэл ийм том соёлыг дэлхий дахинд бий болгосныг мэдэх хэрэгтэй. Дээд, доод Уралын кама соёлоор дамжуулан, Герман руу хөгжүүлсэн гэдгийг судлагаагаар бараг нотлосон. Дэлхийн судлаачид үүнийг хүлээн зөвшөөрдөг. Бид хил хуураараа дэлхийн хөгжмийн түүхийг бичсэн ард түмэн.