Тамирчин бүхэн улсынхаа шилдэг болж, шигшээ багт харьяалагдахыг хүсдэг. Шигшээ багт л багтчихвал тодорхой цалин, хангамжтай болно гэж итгэдэг. Тэгвэл шигшээгийн тамирчин, дасгалжуулагчдын цалин, хангамж, урамшуулал хангалттай хүрдэг үү, хүрэлцдэг үү. Өнгөрсөн жил л гэхэд шигшээ багийн тамирчид 600.000 хүрэхгүй төгрөгийн цалин авдаг байсан. Одоо нэмэгдээд, нэг сая орчим төгрөг болоод байгаа.
Шигшээгийнхэн хангалттай хэмжээний цалин, урамшуулал авч чадаж байна уу. Бид энэ асуудлаар Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхантай ярилцлаа.
-Өнөөдөр шигшээгийн тамирчид нэг сая, дасгалжуулагч нар 1,2 сая төгрөгийн цалин авч байна. Та бүхний амьдралд хүрдэг үү?
-Яаж ч бодсон амьдралд хүрэхгүй, хүрэлцэхгүй нь тодорхой. Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч гээд хүмүүс их хүндэлдэг, “Өндөр цалин, хангамжинд байдаг” гэж боддог. Гэтэл үнэндээ тийм биш. Улсаас боломж, бололцооныхоо хэрээр л дэмжиж байгаа нь тодорхой. Шигшээгийн цалин ялангуяа залуу тамирчдад их нэмэр бололгүй яах вэ. Гэхдээ амьдралд хангалттай хүрч байна уу гэвэл тийм биш. Харин одоо нэмэгдчихээд байгаа нь энэ. Ноднин шигшээгийнхэн 600.000 төгрөгийн цалин авдаг байсан шүү дээ.
Өнөөдөр би менежер, мөнгө олдог хүн биш. Бэлтгэлийнхээ хажуугаар мөнгө хөөцөлддөг том ажилтай болчихлоо шүү дээ. Уг нь энд шигшээ багийнхныхаа бэлтгэлийг хийлгээд, бэлтгэл сургуулилалтад нь анхаарч, төвлөрч суух ёстой. Миний хийх гол ажил. Гэтэл “Тэр тамирчныхаа зардлыг олоод өгчих юм сан. Энэ шавиа аваад явах сан” гээд би гэлтгүй бүхий л шигшээгийн багш нар мэрийж явна.
-Өнгөрсөн жил ДАШТ-ээс медаль авсан тамирчид урамшууллаа авсан уу?
-Аваагүй. Өмнөх жил ДАШТ-ээс медаль авсан зургаан тамирчны Засгийн газрын шагналыг одоо болтол олгоогүй байгаа. Өгсөнгүй гэж манай тамирчид унжигнаагүй.
-Монголын шигшээгийн цалин бусад оронтой харьцуулахад хэр зөрүүтэй бол?
-Юуг нь нуух вэ, асар их зөрүүтэй. Шигшээ багийнхан гадаадад очихоор “Хэдэн төгрөгийн цалин авдаг вэ” гэж асуудаг. Цалингаа хэлэхээс ичдэг. Улсынхаа нэр хүндийг бодоод хэлдэггүй. Заримд нь “1,2” гэхээр “Ам.доллароор уу” гэж асуудаг. Тэгэхээр нь “Тийм ээ, 1200 ам.доллар авдаг” гэдэг. Тэгж хэлэхгүй, ямар үнэнээр нь хэлэлтэй биш. 1,2 сая төгрөг хэдэн ам.доллар болох билээ дээ.
Монголын шигшээгийнхний цалин бусад орноос үнэхээр зөрүүтэй. Манайхаар Төрөлжсөн сургалттай спортын сургууль шиг сургууль Буриадад олон. Тийм сургуулийн багш нар нь гэхэд 50.000 рублийн цалин авдаг гээд бодохгүй юу. Тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа биз.
-Ер нь улсаас жилд чөлөөт бөхийн шигшээд хэдэн төгрөг төсөвлөж өгдөг вэ?
-Энэ жил манай шигшээ багт 305 сая төгрөг төсөвлөж өгсөн. Ганц тэмцээний зардалд ч хүрэхгүй мөнгө л дөө. Токиогоос Парисын олимпод сойх чөлөөт бөхийн шигшээ баг тодорч, тамирчин, дасгалжуулагчдаа шинээр бүрдүүлснээс хойш бид ганцхан тэмцээнд оролцоод байгаа. Тэр нь энэ жилийн ДАШТ. Улсаас энэ жил төсөвлөж өгсөн 305 сая төгрөг дэлхийн аваргад ч хүрээгүй.
-Тэгэхээр энэ жил төсөвлөж өгсөн мөнгө нь ДАШТ-д оролцоход дуусчихаж. Эрэгтэй, эмэгтэй шигшээ баг удахгүй Дэлхийн цомд оролцоно. Зардлаа хэрхэн босгох вэ?
–Дэлхийн цомд эрэгтэй, эмэгтэй баг оролцоход 550-иад сая төгрөг шаардлагатай. Монголын чөлөөт бөхийн холбоо, БТСУХ-ноос боломж, бололцоогоороо бүрдүүлээд өгнө гэсэн.
Манай чөлөөт бөхийн шигшээ баг энэ жил ДАШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа ДАШТ-д IV байрт шалгарч, Дэлхийн цомд өрсөлдөх эрх аван, бахдам амжилт гаргалаа.
Энэ бол маш олон хүний хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн үр дүн. Эвт шаазгай буга барина гэгчээр бид эвтэй байж, хамтран ажиллавал ямар ч том амжилтыг гаргаж чадна гэдгийг нотлон харууллаа. Дэлхийн аваргын турш биднийг уухайлан дэмжсэн монгол түмэндээ баярлалаа.
Үндэсний шигшээ багт хамтран зүтгэж буй Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Б.Батзориг, С.Мөнхдуулдах, өмнөх олимпын цикльд хамтран зүтгэсэн Б.Баттулга, А.Цэдэнсодном, Р.Ууганбаяр нарын маань хөдөлмөр, зүтгэл үр шимээ өгсөөр байгаад баяртай байна.
Мөн энэ авъяаслаг тамирчдыг бөхийн А үсгээс эхлэн заан сургаж, шигшээ багт ортол нь хөгжүүлсэн анхан, дунд шатны нийт багш, дасгалжуулагчиддаа баярлалаа. МЧБХ-ны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, дэд ерөнхийлөгч Я.Содбаатар тэргүүтэй Удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр ахлагчтай ажлын алба, “Хасу мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, Д.Жаргалсайхан даргатай БТСГ-ын хамт олон, байнга дэмжиж ирсэн гавьяат тамирчин Б.Болд, Н.Бүргэдаа, Дархан–Уул аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн Б.Азжаргал болон аймаг, аймгийн бөхийн холбооны тэргүүнүүд, чөлөөт бөхийн төлөө сэтгэлтэй бүх хүнд баярлаж явдгаа илэрхийлье.
Үүний сацуу Токиогоос Парисын олимпын цикльд чөлөөт бөхийн үнэхээр сайн баг бүрдсэнд баяртай байгаа. Ийм ур чадвартай, сэтгэлтэй тамирчин, дасгалжуулагчдаар шигшээ баг бүрдсэнд сэтгэл хангалуун байна.
Энэ жил ДАШТ-д оролцохдоо нэг зүйлийг анзаарлаа. Тэр талаараа ярьж болох уу?
-Бололгүй яах вэ.
-Манай холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн гуай ДАШТ-ий өмнө “Медаль авсан тамирчинд байр өгнө” гэж амласан. Энэ нь тамирчдад их урам өглөө. Урамшуулал, шагнал нь тодорхой бол тамирчид үнэхээр урам зоригтой, тэмүүлэлтэй байдаг юм байна. “Медаль авчихбал байртай болно” гээд улам урамтай, өөрийгөө дайчилж барилдлаа. Тэгэхээр тамирчдад цалин, урамшуулал үнэхээр чухал. Өгч, авахдаа гол нь бус амьдралын баталгаа байхгүй юу.
Шигшээ багийн бид зургаан багш гар нийлээд сайхан ажиллаж байна. Чөлөөт бөхийн холбоо сайн дэмжиж байна. ДАШТ-д үзүүлсэн амжилт, энэ гарааг хадгалбал бид Парисын олимпод хүссэн амжилтаа гаргаж чадна. Туслалцаа, дэмжлэгээс бүх зүйл шалтгаална. Хэрвээ дэмжихгүй, улсаас дөмөгхөн тойглохгүй бол яаж ч доошоо унаж мэдэх хутагны ирэн дээр явна. Зөвхөн манай чөлөөт бөхийн бус бусад спортын ч мөн адил.
-Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувьд та 2024 оны Парисын олимпод ямар зорилготой оролцох вэ. Хэчнээн медаль авахаар төсөвлөж байна вэ?
-Мэдээж нарийн тооцоо, бэлтгэл, сургуулилалтын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Түрүүн хэлсэнчлэн, бид хүсвэл ямар ч амжилт гаргаж, олимпын аваргатай болох нөөц, боломжтойг энэ жил ДАШТ-д харлаа. Одоо яг энэ тооцоо, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж чадах эсэх улсын дэмжлэг, эдийн засгаас шалтгаална.
Токиогийн олимпод оролцсон шиг байвал бид тооцоолсон, төлөвлөснөө хийж чадахгүй. Одоо Монголын эдийн засаг ямар байгаа билээ. “Байхгүй, байхгүй” гэдэг үг л сонсож байна.
Өнөөдөр жишээлбэл, манай эмэгтэй баг хөдөө явах гэж байна. Н.Бүргэдаа ах бидэнд нэг үхэр өгсөн юм. Тэрийгээ төхөөрөөд, яваад ирэг. БНСУ-ын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа юм, тэд нар маань.
Би өмнөх олимпын цикльд ажиллаж үзсэн хүн. Ямар байдгийг нь сайн мэднэ. Гуравдугаар сар хүртэл “Төсөв байхгүй” гээд зогсдог шүү дээ. Тийм байвал би төлөвлөснийхөө дагуу ажиллаж, зорьсон амжилтдаа хүрч чадахгүй.
-Шигшээ багийн тамирчдын сэтгэл зүй, амжилтад энэ байдал хэр нөлөөлдөг вэ?
-Ямар ч тамирчны амжилтад ийм зүйл их нөлөөлнө. “Тэр ах, энэ компани, байгууллага дэмжих болов уу” гэж бодно. Тэмцээнд оролцоод медаль авч чадахгүй байлаа гэхэд өнөө дэмжсэн хүнийхээ нүүрийг харахаас санаа нь зовно. Бэлтгэл дээр бодол нь тэс өөр газар, “Нутгийнхаа ах дээр очоод гуйвал туслах болов уу” гэх үе ч бий. Бэлтгэл дуусангуут ум хумгүй хувцсаа өмсөөд, даргын үүд сахих гээд алга болно. Тэмцээн, бэлтгэлийн зардалд санаа зовохгүй зөвхөн бэлтгэлдээ төвлөрөөд хичээвэл амжилтад их нөлөөлөх нь ойлгомжтой.
-Тамирчдын амжилт, спортын хөгжилд улсын дэмжлэг, цалин, хангамж чухал гэж та онцоллоо. Төр засагт, харьяа байгууллагадаа хандаад нэмж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Чулуу шидлээ гэхэд хаана очоод буухыг нь манай шигшээгийнхэн мэддэг болчихлоо. Мэргэн бууч хүн хаана буудахаа мэддэгтэй адил. Одоо бид тийм зиндаанд очлоо. Гэхдээ тэнд очсон, тийм медаль авна гээд шууд хэлж болохгүй шүү дээ. Яагаад гэвэл тамирчдын амжилт улсын дэмжлэг, эдийн засаг, хоол унд, витаминжилт зэрэг олон зүйлээс шалтгаалдаг учраас. Энэ бүхэн байхгүй бол яах билээ. Спортынхны амжилт зайлшгүй улсын дэмжлэг, эдийн засагтай холбоотой байхгүй юу.