Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар түрүүлж, монгол түмнээ баярлуулаад буй. Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Японы алдарт Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялж, дэлхийн аварга болсон юм. Ингэснээр “Токио-2020” олимпын наадмын хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аварга Ц.Цогтбаатар дэлхийн дэвжээнд түрүүлсэн тав дахь монгол жүдоч болов.
Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар 2009, Хөдөлмөрийн баатар, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг 2013, Гавьяат тамирчин Г.Болдбаатар 2014, Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа 2017 онд дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж байсан юм.
Үүний сацуу Ц.Цогтбаатар өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд гурвуулангаас нь медаль авсан Монголын анхны жүдоч боллоо.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) шинэхэн дэлхийн аварга, Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь Ц.Цогтбаатарыг онцоллоо.
IJF Ц.Цогтбаатарын тухай нийтлэлээ “Монголын үнэт эрдэнэ” гэж гарчиглажээ. Мөн “Жүдо бөх сонирхогчид Японы төрийн дууллыг цээжээрээ мэддэг. Ташкентын ДАШТ-ий эхний хоёр өдөр Японы төрийн дуулал дөрвөн удаа эгшиглэсэн. Гурав дахь өдөр Ц.Цогтбаатар эрэгтэйчүүдийн 73 кг-д түрүүлж, япон жүдоч Төрийн дууллаа дөрөв дараалж эгшиглүүлсэн амжилтыг зогсоолоо. Тэр Монголын жүдогийн том төлөөлөл. Цаашид илүү өндөр амжилт гарган, Монгол Улсын төрийг дууллыг цээжилтэл олон тэмцээнд түрүүлэх боломжтой” гэж тодотгожээ.
Ц.ЦОГТБААТАР ГЭЖ ХЭН БЭ
Бөхийн өргөөний гадаа уйлж суусан хүү их спортод
Одоогоос 15 жилийн өмнө үндэсний бөхийн “Аваргын гараа” тэмцээний бүртгэлээс хоцорчихоод уйлж суусан хүү өөрийгөө өдгөө ийнхүү “Дэлхийн аварга, олимпын медальтан болно” хэмээн төсөөлөөгүй явсан байх. Тэрбээр өнөө цагийн олон шилдэг бөхчүүдийг их спортод хөл тавиулж буй дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэвээр энэ спортын “А” үсгээ заалгаж байсан юм. Жүдогийн кимоно өмссөнөөс хойш арав гаруйхан хоногийн дараа болсон “Олимпийн гараа” тэмцээний 27 кг-д зодоглон, хүрэл медаль хүртсэнээр амжилтын салхиа хагалжээ.
Өсвөрийн ДАШТ-ий медальт Монголын анхны жүдоч
Ц.Цогтбаатар 2013 онд өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын жүдогийн спортын түүхэн дэх анхны медальтан болсноор бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлсэн. Дараа нь залуучуудын ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэн, амжилтаа ахиулсан.
Тэрбээр 2015 оны залуучуудын ДАШТ-ээс хэдхэн хоногийн дараа болсон “бага” ДАШТ хэмээн үнэлэгддэг Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж монголчууд биднийг баярлуулсан. Хоорондоо хэдхэн хоногийн зайтай болсон хоёр том тэмцээнд ийм өндөр амжилт үзүүлнэ гэдэг амаргүй. Энэ нь түүнийг ирээдүйд олимп, дэлхийн аваргуудын залгамж халаа болох хэмжээний жудоч гэдгийн илрэл.
Нэр хүнд, чансаагаараа ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг “Их дуулга”-д 19-хөн настай хүү дэлхийн шилдгүүдийг “сөхрүүлсээр” дэд байрт шалгарсан нь ямар хэмжээний тамирчин бойжиж буйг нь илтгэж байлаа.
Ц.Цогтбаатар Болгарын Я.Герчев, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Мудранов, хүрэл медальт М.Игорь, өнгөрсөн жилийн ДАШТ-ий дэд аварга Р.Ибраев, Узбекистаны Д.Урозбоев нарыг ялсан ч шигшээд Гүржийн алдарт бөх А.Папинашвилид вазари үнэлгээгээр дийлдсэн. Эл тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр IJF-ийн ерөнхийлөгч М.Визер “Мөнгөн медаль авсанд баяр хүргэе. Чи шилдэг нь байлаа. Амжилт хүсье” хэмээн Цогтоод тусгайлан баяр хүргэсэн гэнэ лээ. Энэ нь түүний нэр хүнд, барилдааны арга барил дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж эхэлсний илрэл байв.
ТОКИОГИЙН ОЛИМПЫН ДЭВЖЭЭНД “ТОНГОЧСОН” НЬ
2016 оны олимпод ДАШТ-ий алт, хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нарын олон шилдгийг бус Ц.Цогтбаатарыг оролцуулсан нь тухайн үедээ олныг ихэд талцуулсан. Ялагдалдаа харамсан, уйлж суугаа Ц.Цогтбаарын зургийг одоо ч харахад сэтгэл өвдөм.
Тэр бүх хэцүү, бэрхийг даван туулаад Токиогийн олимпын дэвжээнээс хүрэл медаль хүртсэн, Цогтоо. “Уг нь ёстой нэг авьяастай, ирээдүйтэй хүүхэд байгаа юм. Олимпын медаль аваасай” гэж дэмжиж, дээлийнх нь захыг мушгисан олны төдийгүй өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэн юм. Ц.Шийрэв багшийнхаа ч мөн олимпын медальт шавьтай болох мөрөөдлийг Ц.Цогтбаатар биелүүлсэн.
Токиогийн олимпын дараа түүнд Гавьяат тамирчин цол олгох болов уу гэсэн хүлээлт олны дунд байлаа. Цогтоод ч мөн байсан нь мэдээж. Гэхдээ түүнийг гавьяат цолоор шагнаагүй. “Шагналд ханаж мэднэ” гэж болгоомжилсон ч байж мэднэ. Одоо тэр нүүр бардам Гавьяат тамирчин цолоо хүртэхээр боллоо. Шагнал, урамшуулалд оновчтой цаг хугацаа гэж байдаг л юм бол тэр одоо мөнөөс мөн.
Ц.Цогтбаатар дэлхийн аварга боллоо. Одоо түүнд олимпын дэвжээнд түрүүлэх л үлдлээ.