Ганц дайчин гарцаардахгүй гэдгийг хичээл зүтгэл, амжилтаараа үлгэрлэж яваа тамирчдын нэг нь Пүрэвцогийн Энхманлай. Пара хөнгөн атлетикийн тэргэнцэртэй гүйлтийн тамирчин тэрбээр ОУХМ цолтой. Эл төрлөөр хичээллэдэг хуруу дарам тамирчдын нэг. Тэргэнцэртэй гүйлтээр үндэсний шигшээ багт багтсан цорын ганц тамирчин нь тэр. Паралимпийн наадамд, ДАШТ, Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон туршлагатай П.Энхманлай энэ жил Бүх ард түмний наадмаас ээлжит түрүүгээ хүртлээ. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Бүх ард түмний наадамд хоёр дахиа түрүүлж байгаа тань энэ бил үү?
-Тийм ээ. Бэлтгэлээ сайн хийн, хичээж байгаад Бүх ард түмний наадмын хошой аварга боллоо.
-Тэргэнцэртэй гүйлтийн төрөлд танд редордыг эзэмшдэггүй зай бий юү?
-Байхгүй. Тэргэнцэртэй гүйлтийн 100 метрээс 42 км хүртэлх зайн рекордыг эзэмшдэг. 100, 200, 400, 1500, 5000 метр, 42 км-ын Монгол Улсын дээд амжилтууд миний нэр дээр байдаг.
-Спортоор хичээллэн, амжилтын төлөө зүтгэснээр хөгжлийн бэрхшээлтэй танд ямар, ямар боломжууд нээгдсэн бэ?
-Хоёр настай байхдаа золгүй явдлаар жижигхэн аваарт ороод, нуруу нугасны гэмтэлтэй болсон. Тэр цагаас хойш буцаж сэргээгүй. Нугасны гэмтэл гэсэн оноштой. Би пара хөнгөн атлетикийн тэргэнцэртэй гүйлтээр тасралтгүй найман жил хичээллэж байна. Азийн наадам, паралимп, ДАШТ-д тус бүр нэг удаа оролцсон. Паралимпэд өрсөлдөхдөө VII байрт шалгарсан. Улсын 10 удаагийн аварга.
Спорт хүнийг үргэлжийн мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй, зорилготой, юмыг ялна гэсэн сэтгэл зүйг байнга өгч байдаг. Тиймээс зөвхөн амжилтын төлөө бус амьдралдаа ч бас энэ зарчмаа хэрэгжүүлээд, өөрийгөө хөгжүүлээд өдий дайтай явж байна.
Спортоор хичээллэснээр би эрүүл хүнээс дутахгүй, хичээвэл илүү ч байх боломжтой гэсэн итгэл, урам авсан, өдөр бүр хичээгээд мацах зорилго, мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөлтэй байна гэдэг хүн амьд яваагийн хамгийн том утга учир гэж боддог.
Спортоор хичээллэсний ач тус, давуу тал олон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор хичээллэж, амжилт үзүүлэхээс гадна нийгэмд бие даах чадвар сайжирдаг.
-Тэргэнцэртэй гүйлт олон техник, хэрэгсэл, зориулалтын зам, орчин шаарддаг спорт. Шантармаар үе заримдаа гарах юм уу?
Хүйтрэхээр бэлтгэл хийхэд хүнд, хэцүү үеүд тулгардаг. Нэгэнт байгаль цаг уур маань ийм юм чинь хүнд гэж бодолгүй, даван туулахын төлөө бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Шантармаар, больё гэж надад нэг их бодогддоггүй.
Үнэхээр шантармаар зүйлүүд бол, тив, дэлхийн тэмцээнд очоод яалт ч үгүй бэлтгэлжилт, техник хэрэгсэл дутмаг байхаар л жаахан шантардаг.
-Энэ төрлөөр хичээллэдэг тамирчин Монголд хэр олон байдаг вэ?
-Пара марафоны төрлөөр уралддаг нэлээд хэдэн тамирчин Монголд бий. “Ахиллис” клуб дээр.
-Үндэсний шигшээ багт харьяалагддаг нь та ганцаараа юу?
-Тийм ээ, би ганцаараа. Тэргэнцэртэй гүйлтээр хичээллэдэг тамирчин цөөн, шигшээд би л ганцаараа байгаа нь нөгөө техник хэрэгсэл, бэлтгэл сургуулилалтын орчинтой холбоотой. Тэргэнцэр, техник хэрэгсэл нь өндөр үнэтэй учраас олон хүн хичээллэхэд хүндрэлтэй байдаг.
-Энэ спорт таныг өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй болгосон гэж түрүүн хэллээ. Таны хамгийн том зорилго, мөрөөдөл юу вэ?
-Тэргэнцэртэй гүйлтийн төрлөөр дэлхийн хэмжээнд өрсөлдөх баг бүрдүүлэх мөрөөдөлтэй явдаг. Тэгээд тэр багаараа паралимп, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцоод, х орныхоо нэрийг гаргаад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ төлөөлөл болж, тэднийхээ сэтгэлд нь гал асаагаад явахыг хүсдэг.