Монголын чөлөөт бөхийн үе үеийн тамирчид хүнд жинд буюу 125 кг-д олимп, дэлхийн дэвжээнээс медаль авахыг зорьж, зүтгэсээр өдий хүрсэн. Өмнө нь ОУХМ Ж.Чулуунбат 2011, 2015, Н.Золбоо 2017 онд ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдан, медалийн үзүүрээс атгаад алдаад байв. Жингийнхээ ах нарын дутууг гүйцээн, монгол түмнийхээ хүслийг биелүүлсээр яваа түүнийг Мөнхтөрийн Лхагвагэрэл гэдэг.
Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем интэрнэшнл” компанийн тамирчин, ОУХМ тэрбээр өнгөрсөн жил дэлхийн дэвжээнээс хүнд жинд медаль авсан Монголын анхны бөх болж, түүхэн амжилт гаргасан. Улмаар ДАШТ-ээс хэдхэн сарын өмнө болсон олимпод анх удаа оролцохдоо V байрт шалгарсан, дутуугаа нөхсөн юм.
М.Лхагвагэрэл хэдхэн хоногийн өмнө болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, мөн анхдагч амжилтын эзэн боллоо. Учир нь түүнээс өмнө хүнд жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдсан монгол тамирчин үгүй.
23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга М.Лхагвагэрэл үндэсний бөхөөр давхар барилддаг.
Завхан аймгийн Яруу сумын харьяат тэрбээр энэ жил төрийн наадамд долоо даван, улсын заан цол хүртсэн. Ингэснээр нэг жилийн дотор дэлхийн аваргын мөнгөн медаль, улсын заан цол хүртсэн нь яах аргагүй давтахад бэрх амжилт.
Завхан нутгаас улсын наадмын түрүү хүртэх ирээдүйтэй бөх гэж түүнийг үнэлдэг, дээлийнх нь захыг мушгиж суудаг хүн олон. Олимпын дутуугаа дэлхийн дэвжээнд гүйцээн, шилдгүүдийн эгнээнд багтсан түүнтэй ярилцлаа.
-Дэлхийн дэд аварга болсонд нь баяр хүргэе. Монголдоо, гэртээ хурдан ирэх сэн гээд их догдлов уу?
-“Өрөг.мн” сайтыг үзэж байгаа Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэлгүй яах вэ. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Дэлхийн аварга дуусангуут их ядарснаа мэдэрлээ. Аль болох хурдан эх орондоо, гэртээ ирэх сэн, баярт мөчөө хайртай, дотны хүмүүстэйгээ хуваалцах сан гэж яарлаа.
Би өнгөрсөн жил Норвегийн Осло хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Токиогийн олимпод V байрт орсон. Жил жилээр амжилтаа ахиулж яваадаа баяртай байна.
-Хагас шигшээд олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гено Гено Петриашвилийг яллаа. Та түүнээс юугаараа илүү байв?
-Би цолтой нь бус биетэй нь барилдана. Тиймээс өөртөө итгэлтэй барилдахыг хичээлээ.Төлөвлөсөн барилдаан, яг тактикийнхаа дагуу барилдаад яллаа.
-Аваргын төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Таха Акгулд дийлдсэн. Барилдаанаа бүрэн гаргаж чадсан уу?
-Чадаагүй. Жаахан алдаа гаргаад ялагдчихлаа.
-Түүнд Токиогийн олимпод хүрэл медалийн төлөө ялагдаж байсан. Энэ удаа яг яаж барилдсан бол дийлэх боломжтой байв?
-Хоёр дахь довтолгоог нь зогсоосол бол ялах боломж надад байсан.
-Шагналын тавцанд зогсож байхад “ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ” гэх баяр, “Түрүүлж чадсангүй” гэх харууслын аль нь илүү их төрж байв?
-Би дэвжээн дээр гарахдаа медаль бодож барилддаггүй. Энэ спортод хайртай, дуртай. Дэвжээн дээр би сайхан барилдах гэж л гардаг. Ямар ч байсан өөрийнхөө дуртай юмыг хийж байна. Дэвжээн дээр гараад барилдах л миний хамгийн гол баяр баясал, жаргал байдаг.
Дэлхийн аваргаас хоёр дахь медалиа хүртэхэд аав минь их баярласан. Аавыгаа баярлуулсандаа их баяртай байна.
-Таны амжилт Гавьяат дасгалжуулагч Б.Адъяахүү, Б.Баттулга нартай салшгүй холбоотой. Ялангуяа, чөлөөт бөхийн амжилт, ур чадвар нь Б.Баттулга багшийн удирдлагад бэлтгэл хийдэг болсноос тань хойш бүр ч ахьсан. Б.Баттулга багшийн дасгалжуулалтын гол арга барил юу вэ?
-Миний анхны дасгалжуулагч бол Б.Адъяахүү багш. Б.Адъяахүү багш маань чөлөөт бөх рүү оруулаад, Б.Баттулга багшийн шавь болгосон. Тулгаа багш маань намайг 2017 онд анх шигшээ багт авч байсан. Өндөр түвшинд амжилт гаргана гэж итгэж, намайг холоос харсан шиг байгаа юм. Би өөрөө ч итгээгүй байхад багш олимп, дэлхийн дэвжээний талаар яриад явдаг байсан. Тэр нь надад их итгэл өгсөн. Тулгаа багшийн арга барил гэвэл, сэтгэл зүйг нь бэлддэг. Тухайн тамирчныхаа холыг хардаг хүн л дээ.
-Энэ жил улсын заан цол хүртсэн. Заан цолоо дэлхийн аваргын медалиар ижилсүүлээд улам их урамшив уу?
-Тэглээ. Долоогийн даваанд тунаж барилдах их сайхан юм билээ. Улсын харцага Зоригтбаатартай барилдахдаа өөртөө итгэлтэй байсан. Тэгээд л давсан.
-Гарьд цолны даваанд П.Бүрэнтөгс аваргад өвдөг шороодсон. Цолдоо ханасан тал бий юү?
-Байхгүй. Бэлтгэл сургуулилалт сайтай байсан болохоор дээшээ л барилдъя гэж зорьсон. Олимп, дэлхийн аваргын дэвжээнд барилдаад үзчихсэн, арай өөр сэтгэл зүйтэй байдаг юм шиг санагдсан. Ер нь тайван байсан.
Наймын даваа их чухал барилдаан байлаа. Сайхан аваргатай барилдаад өвдөг шороодсон доо. Аварга бэлтгэл сайтай байсан. Хийгүй сайхан барилдаад намайг давсан.
Олимп, дэлхийн аваргын дэвжээ үзсэн, арай өөр сэтгэл зүйтэй байдаг юм шиг санагдсан. Ер нь тайван байсан.
-Улсын заан цол хүртээд, есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явахад юу бодогдож байв?
-Монгол хүн болж төрсөндөө л их баярласан. Олон хүн ингэж наадамд барилдаад, цол аваад, цэнгэлдэх дэвээд явахгүй шүү дээ. Маш их баяртай байсан.
Барилдах, бөх хүн болно гэдэг чинь олон хүний дэмжлэг, туслалцаагаар амжилт гаргана. Тэднийхээ итгэлийг алдахгүй, улам дээшээ барилдахыг зорьж байгаа.
-М.Лхагвагэрэл үндэсний бөх, чөлөөт бөхөөр давхар барилддаг. Чөлөөт бөхийн спортоор хэчнээн жил хичээллээд энэ амжилтад хүрэв?
-Аав минь аймгийн арслан цолтой. Би үндэсний бөхөөр 10 настайдаа барилдаж эхэлсэн. Чөлөөт бөхөөр 2013 оноос хойш барилдаж байна.
-Танай удамд ааваас нь өөр бөх хүн бий юү?
-Өвөө минь аймгийн начин цолтой. Ээжийн талд улсын начин цолтой хүн байдаг гэнэ лээ. Би өөрөө улсын заан цолтой.
-Цаашид аль нэгийг нь дагнаж барилдах уу. Амжилтын төлөө хослуулаад өрсөлдөх үү?
-Чөлөөт бөх, үндэсний бөхөөр хослуулж барилдана. Аль нэгээр нь дагнахгүй. Хоёулангаар хослуулж барилдахын давуу тал их. Үндэсний бөхөөр давхар өрсөлдсөнөөр лав барьцнаас сайн барилдаж сурсан. Энэ нь чөлөөт бөхөөр барилдахад давуу тал болдог. Чөлөөт бөх мэдрэмж, хурд сайжруулдаг.
-Үлгэрлэж явдаг бөх бий юү?
Өмнөх үеийн бөхчүүд, Завхан нутгийнхаа хүчтэнүүдээс үлгэр дууриалал авч явдаг.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?
-Ойрын тэмцээн гэвэл арванхоёрдугаар сард Дэлхийн цом байгаа. Өөр зорилгынхоо талаар одоо яриад яах вэ. Зорилгодоо хүрчихээд харуулъя гэж боддог. Зорилго, мөрөөдлийнхөө талаар нэг их яриад байх дургүй.
Төгс хүн гэж байхгүй. Тийм учраас хүн болгонд дутагдал байгаа. Би ч гэсэн өөрийнхөө дутагдлыг анзаараад, түүн дээрээ ажиллаад, алдаагаа дахиж давтахгүй байхыг хичээдэг. Тулгаа багш “Боломжгүй зүйл гэж байдаггүй” гэж хэлдэг. Намайг үргэлж дэмждэг “Даян” дэвжээ, “Жэм интернэшнл” компани, хилийн цэргийн 0208 дугаар анги, “Хилчин” спорт хорооныхоо хамт олонд бүгдэнд нь маш их баярлалаа.