Шатарчин Даваахүүгийн Мөнхзул Румын улсад болсон шатрын өсвөр үеийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болсон билээ. 16 настай тэрбээр 2014 онд дэлхийн аварга болж байсан. Ийнхүү дэлхийн аваргад төрийн дууллаа хоёр дахь удаагаа эгшиглүүлсэн Монголын анхны шатарчин болсон юм. Монголын хамгийн ирээдүйтэй шатарчдын нэг Д.Мөнхзул сурагчдын дэлхийн хошой аварга, Азийн аварга. Түүнтэй ярилцлаа.
-Дэлхийн хошой аварга болсонд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Дэлхийн хошой аварга болсондоо баяртай байна. Би 2014 онд дэлхийн аварга болж байсан. Дахиад түрүүлэх юм сан гэж зорьсондоо найман жилийн дараа хүрлээ.
-Та наймдугаар өргөөс тэргүүлж эхэлсэн. Тэргүүллээ хадгалах чухал мөчид юу бодогдож байв?
-Дэлхийн аваргад тав дахь удаагаа оролцлоо. Өрөг бүхэн чухал тул хичээсэн. Аль болох тайван байж, тоглолтдоо л анхаарлаа хандуулсан. Би наймдугаар өргийн дараа би 7.5 оноотой тэргүүлж байсан. Ард минь яваа тамирчин зургаан оноотой байлаа. Би 1.5 оноогоор илүү. Гурван өрөг дутуу байхад дахиад 1.5 оноо авбал түрүүлэх болзол хангахаар байлаа. Би хичээж тоглож байгаад 1.5 оноо аваад түрүүллээ.
Дэлхийн хошой аварга болоод, Төрийн дууллаа эгшиглүүлэхдээ их баярлаж, догдоллоо. Манай улсын төрийн дуулал үнэхээр гоё.
Нээрэн, дэлхийн аваргын цом маань энэ байна. Гоё байгаа биз.
-Тийм байна. Гардаж авахдаа “Хөөх” гэж бодсон уу?
-Тэгсэн. Хаалтын ёслол дээр шагналаа гардаж авсан. Надад аваргын цомыг гардуулахад “Хөөх, ямар том юм бэ. Ямар гоё цом бэ. Гэр рүүгээ яаж авч явна аа” гэж бодсон. Ийм том цомыг гадаадаас онгоцоор Монгол руу авч ирэхэд хэцүү байдаг л даа.
-ДАШТ-д түрүүлэхдээ эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг шууд хүртсэн. Улам их урам авсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолны нэг нормативыг биелүүлэх байх гэж бодож байлаа. Тэгсэн чинь би шууд хүртлээ. Тэгнэ гэж ер бодоогүй. Дэлхийн аварга болоод, олон улсын мастер цол хүртээд ёстой үлгэрийн юм шиг гоё байсаан. Олон улсын мастер цол авсандаа бүр их баярласан.
Энэ жил би дэлхийн аваргад ээж, аавынхаа төлөө тоглосон. Аав, ээж хоёр минь миний төлөө бүхнээ зориулдаг. Миний тэмцээний зардалд санаа зовоод жаахан стресстэй үлдсэн юм л даа. Тиймээс дэлхийн хошой аварга болж, ачийг нь жаахан ч болтугай хариулъя, баярлуулъя гэж бодсон юм.
-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
Би 33 дугаар сургуулийн арваннэгдүгээр ангид. 16 настай. Санхүү эдийн засагт сонирхолтой байгаа. Энэ чиглэлээрээ сурна гэж боддог.
-Санхүүгийн мэргэжил эзэмшихийн зэрэгцээ шатраараа үргэлжлүүлэн хичээллэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Цаашдын зорилго маань насанд хүрэгчдийн тэмцээнд сайн тоглох. Энэ жил аравдугаар сард болох насанд хүрэгчдийн Азийн аваргад оролцоно. Их мастер болох зорилготой байна. Намайг үргэлж дэмждэг Б.Гүндаваа багшдаа, шатар зааж байсан бүх багш нартаа, Төрийн банк, 33 дугаар сургуульдаа, аав, ээждээ баярлалаа. Мөн сая дэлхийн аваргад оролцоход замын зардал даасан “Skytel” компанидаа талархаж буйгаа илэрхийлье.
Г.ДАВААХҮҮ: ОХИН МИНЬ НАЙМАН ЖИЛИЙН ДАРАА ДЭЛХИЙН АВАРГАА БАТЛАСАН НЬ ГАЙХАМШИГ
Д.Мөнхзулын аав Г.Даваахүү охиноороо бахархан ийн ярьлаа. Тэрбээр “Охин минь найман жилийн дараа дэлхийн аваргаа батлана гэдэг гайхамшиг. Энэ амжилтыг би найман жил хүлээсэн. Их баяртай байна. “Аварга хүн аваргаа хамгаалж байж жинхэнэ аварга болдог” гэж би охиноо анх түрүүлэхэд нь хэлж байсан юм. Охин нэг ярилцлагадаа миний захинсыг мартаагүй, дандаа санаж явдгаа хэлсэн байв. Энэ удаа хоёр дахиа түрүүлж, жинхэнэ аварга боллоо.
Охин минь өсвөр үе, сурагчдын дэлхийн аваргад тус бүр хоёр удаа түрүүллээ. Азийн аварга боллоо. Шатарчид өсвөр насандаа гарха боломжтой бүх амжилтыг үзүүлж байгаад эцэг, шатрын спортод зүрх, сэтгэлээ зориулж яваа хүний хувьд туйлын их баяртай байна.
Аав, ээж хоёр жаахан стресстэй байсан гэж сая охин минь хэллээ. Охиноо амжилтад хүргэх сэн гэж дэмжээд олон жил явахаар хүн шантардаг юм байна. Мэдээж хөрөнгө санхүүтэй холбоотой. Бүх юмаа зарна, зээл тавина. Янз бүрийн байдлаар болгоод явж байна. Мэдээж зардал мөнгөн дээр тусладаг компани, найз нөхөд байдаг.
Европын тэмцээнд оролцоход нэг хүний зардал багадаа 10 сая төгрөг болдог. Бид эхэндээ гурван охиноо дагуулаад, тавуулаа тэмээн рүү байлаа. Санхүүгийн хүндрэлэс шалтгаалан өөрсдөө явахаа болилоо. Санхүү мөнгөний хувьд үргэлж хүндрэл тулгардаг. Тэр талаасаа шантрах үе гардаг. “Хэцүү юм, больчихдог юм бил үү” гэсэн үе зөндөө. Энэ бүхнийг охин минь давж гарсанд үнэхээр баяртай байна” гэлээ.