Бид энэ удаа залуу уран бүтээлч Г.Энхжин, Хулан нарын анхны үзэсгэлэн “Neo hybrid”-ийг онцолж байна. Тэдний хувьд урлаг зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийнх биш нийтийх байгаасай гэсэн хүсэлтэйгээр уран бүтээлээ гаргадаг. Залуу зураач Г.Энхжингийн хувьд гурван настайдаа зураг зурж эхэлжээ.
Айдасгүй, залуу, зоригтой байгаа үе дээрээ үзэсгэлэнгээ гаргах давуу талтай гэж ярих энэ охин хамтрагчтайгаа жил бүр үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин тэдний анхны үзэсгэлэн Neo hybrid энэ сарын 18-28 хооронд үргэлжилнэ. Ингэхдээ Улаанбаатар галлерей, цаашлаад кафе, CUE+ баранд үзэсгэлэнгээ тавих юм. Бид түүнээс үзэсгэлэнгээ яагаад баранд тавих болсон шалтгаан хийгээд уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.
МЭДРЭМЖ ГЭДЭГ БИДНИЙ АМЬД БАЙГААГИЙН БЭЛЭГ
Үзэсгэлэнгээ яагаад ингэж зохион байгуулах болсон гэхээр, урлаг гэдэг зөвхөн нэг хэсэг бүлэг хүмүүсийн зүйл болчхоод байгаа. Миний хүсэл сонирхол бол урлаг, уран зургийг хүн болгоных болгохыг хүсдэг. Европын орнуудад зүгээр л гудамжинд явж байгаа хүн урлаг хийж чаддаг шүү дээ. “Би ч ер нь хөлдүү хүн дээ. Би мэдрэмжгүй дээ” гэж хүмүүс урлагаас хойш суудаг. Гэвч хүн болгонд мэдрэмж байдаг.
Өнөөдөр маргаашийн стресс биш, бид яагаад амьдарч байгаа билээ. Бид амьдралаас юу мэдрэх ёстой билээ гэж өөрийгөө сонсох нь чухал. Хүн зөвхөн жаргалтай үедээ амьд байгаагаа мэдэрдэггүй. Маш их зовсон ч энэ зовлонгоос хүн амьд байгаагаа мэдэрдэг. Мэдрэмж гэдэг бидний амьд байгаагийн бэлэг гэж үздэг болохоор энэ олон мэдрэмжийг хүмүүст өгөх зорилготой. Энд байгаа зургуудыг харвал бүгд сайхан утгатай биш. Амьдрал цав цагаан биш шүү дээ. Гол нь бидний хүн гэдгийг хөндөх чухал.
БИД ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХАА БОЛЬСОН
Энэ зургаараа дэлхий бидэнд хэцүү байгаагаа хэлж чадахгүй байгаа ч хэцүү байгаа гэдгийг бусдад харуулахыг зорьсон. Ингэхдээ үүнийг нүдээр дамжуулж хэлэхийг хүссэн юм. Хүний нүд ярихгүйгээр ойлгуулдаг шүү дээ. Яг түүнтэй адил дэлхий нүдтэй бол нь яг л ийм байх байсан. Нүдний гол хэсгийг харах юм бол яг дэлхий шиг харагдаж байгаа. Эргэн тойрны судас гарсан байгааг нь харах юм бол, хүний нүднээс хэзээ ингэж айхтар судас гарч ирдэг юм. Маш их шаналж зовсон, өвдсөн тэр үед л ингэж судас нь ихээр гарч ирдэг шүү дээ. Зовхи нь хүртэл уйтгар гунигаа дийлэхгүй болтлоо унжчихсан. Энэ шаналалыг хүмүүст хүргэхийг маш их хүссэн.
Хэн ч дэлхийг хайрлахаа больсон санагддаг. Би өөрөө хөдөө өссөн хүүхэд. Хүмүүс хөдөө хог хаяхад л сэтгэл ихээр өвддөг юм. Тэр үйлдэл хүнийг ихээр доромжилж байгаа юм шиг санагддаг. Дэлхий надад яг л хүн шиг санагддаг.
НЭГНЭЭ ЗОВООН БАЙЖ ХАМТ БАЙХ БИШ, ХАЙРТАЙ ГЭДГЭЭ ЗӨВХӨН ӨӨРӨӨ МЭДЭРЧ БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ
Харин энэ зурагны нэр нь "Алтан мөч". Зурж байхдаа би маш олон удаа хайрын тухай бодсон. Хайр ямар байх ёстой юм бэ, хайр өвтгөдөг байх нь зөв юм уу. Хайр үргэлж аз жаргалтай байх ёстой юу, хайрын үнэ цэн нь яг юу юм бэ гээд л. Хайр бол аз жаргалтай байх зүйл биш. Тэгсэн хэрнээ нэгнээ зовоон байж хамт байдаг зүйл ч биш. Хайр гэдэг зүгээр л сэтгэлд оршдог зүйл юм байна гэдгийг ойлгосон. Хэн нэгнийг хажуудаа уяж байлгахдаа утга учир нь оршихгүй.
Тэр хүнийг хайрладаг гэдгээ би л мэддэг байхад энэ нь өөрөө хайр болдог юм байна гэдгийг мэдэрч байх үедээ зурсан болохоор цаанаасаа ургаад гарсан байсан.