“Монгол улсын уул уухайн салбар-100 жил” чуулга уулзалт долоо хоног үргэлжилнэ. Уулзалтаар уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдлүүдийн талаар хэлэлцэх юм.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
Монголын уул уурхайн салбарынхан Засгийн газар болон ард иргэдийн тавьж байгаа шаардлагад онцгой анхаарч ажиллах ёстой. Энэ бол ард иргэдийн шаарддаг хариуцлагатай уул уурхай. Манай салбарын хөгжил юунаас болж удааширдаг вэ гэхээр уул уурхайн салбар нь бүрэн дүүрэн хариуцлагатай байж чадаагүйгээс болсон. Өнгөрсөн хугацаанд үүнээс шалтгаалж доголдол үүссэн юм. Орон нутгийн ард иргэд уул уурхай дээр онцгой ач холбогдол өгдөг. Тэгвэл уул уурхайгаас олж байгаа орлогыг орон нутгийн ард иргэд шууд хүртдэг байх боломжийг бүрдүүлэх тал дээр уул уурхайн салбар, монголын төр анхаарлаа хандуулж ажиллах ёстой. Үүний хажуугаар боловсруулалт хийгдсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд экспортлоход засгийн газар анхаарна гэлээ.
Харин УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:
Чуулга уулзалтын зорилго нь хариуцлагатай уул уурхайг дэмжихэд оршино. Хоёрдугаарт гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлэх явдал. Гуравдугаарт орон нутгийн иргэд болоод засгийн газрын оролцоо ямар байх шийдэл хайх нь чухал юм. Манай улс бол баялагтай улс. Томоохон баялагтай улсуудын тоонд багтдаг. Гадны хөрөнгө оруулагчид манай уул уурхайн салбарыг ихээр сонирхдог. Яагаад хөрөнгө орж ирэхгүй байгаа шалтгаан нь, нэгдүгээрт хууль эрх зүй тогтворгүй байна. Хоёрдугаарт иргэдийн эсэргүүцэл их байна. Аль аль цэгийг нь олохын төлөө өнөөдрийн чуулга уулзалт явагдаж байгаа юм гэв.
Мөн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш М.Дагва чуулга уузалтын талаар ярилаа. Тэрбээр:
Монгол улс анх удаа уул уурхайтай холбоотой хэлэлцүүлгийг нэг долоо хоногт багтааж үзэж байна. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх дотоод гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг сэргээх хэрэгцээ байдаг. Олон улсад өрсөлдөж байгаа уурхайнууд өндөр ашигтай ажиллаад, өөртөө тулгарч буй бүх сорилтуудыг даван туулах чадвартай байдаг. Тэгвэл олон улсын энэ жишгээр хангалттай хэмжээний хөрөнгө оруулж байгаад өндөр чадавхтай боловсон хүчин ашиглаж, өндөр технологоор үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байгаа юм. Ард түмэн бол хийж чадвал хийгээд, чадахгүй бол больчих л гэж байгаа гэсэн юм.