Хүний амьдрах, үхэхийг шүдэнз асааж унтраахтай зүйрлэвэл, эмч хүний эрхэм үүрэг шүдэнз асаахад оршино. Харин эмч хүн үүргээ биелүүлэхэд эрүүл мэндийн тогтолцоо сайн байх хэрэгтэй. Манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаараа тэргүүлж буй энэ үед ХСҮТ ачааллаа дийлэхгүй гээд бусад төрөлжсөн, шаардлага хангасан эмнэлгүүд хавдрын мэс заслыг хийж болохоор зохицуулсан. Гэтэл эдгээр эмнэлгүүд мэс засал хийхээс цааш хавдрын цогц эмчилгээ хийдэггүй. Хүний нөөцийн асуудалтай байдаг. Энэ тогтолцооны асуудлаас үүдэн нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон өвчтөний ар гэрийн төлөөлөл бидэнд хандан, гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Иргэн А өнгөрсөн намар нэгдүгээр эмнэлэг дээр бүдүүн шулуун гэдэсний хагалгаанд яаралтайгаар оржээ. Хорт хавдартай гэж оношлогдоод байсан тэрбээр үүнээс гурван сарын дараа хавдар нь бусад эрхтэнд тархсан гэх шалтгаанаар ХСҮТ дээр таван эрхтнээ тайруулж хүндхэн цаг хугацааг өнөөдрийг хүртэл туулж байна.
Энэ талаар өвчтөний эгч ярихдаа, “Миний харамсаад байгаа зүйл юу гэхээр, манай дүүд хавдар үлдсэн эсэхийг оношлолгүйгээр хагалгааг дуусгасанд байна. Нэг ёсондоо азыг нь үзсэн гэж болно. Ингэх шаардлага байсан юм уу гэж бодоод байгаа. Хавдрын хагалгааг зөвхөн хавдрын эмнэлэгт хийдэггүй юм аа гэхэд хавдраар мэргэшсэн эмч, тоног төхөөрөмж нь бусад эмнэлэгтээ байх хэрэгтэй” гэв.
Бид иргэний энэ гомдлын дагуу ХСҮТ-ийн захирал Т.Эрдэнэхүүгээс хавдрын эмчилгээ хийхэд яагаад мэргэжлийн баг бүрэлдэхүүн, хавдраар мэргэшсэн эмч байх шаардлагатай талаар тодрууллаа. Ингэхэд тэрбээр, “Хэрвээ хавдрын мэс заслын хагалгаанд орж байгаа бол хүний амийг аврахын зэрэгцээ дараагийн тавилан, амьдралын чанарыг бодох үйл ажиллагаа байх хэрэгтэй. Хавдрын тусламж үйлчилгээг хөгжүүлнэ гэж байгаа бол тэнд хамгийн түрүүнд хавдрын эмч, судлаач эмч байх ёстой. Ингэж байж төгс эмчилгээ, эсвэл оновчтой шийдвэр гаргаж чадна” гэсэн юм. Мөн бид түүнээс улсын томоохон эмнэлэгт хавдрын эмчилгээ хийлгэн, хүндрээд ирж байгаа хэчнээн өвчтөн байдаг талаар тодруулахад, нэгээр хязгаарлагдахгүй олон байгааг хэлсэн юм.
Манай улсад жил бүр 6000 хүн хорт хавдраар оношлогдож 4000 хүн хавдрын улмаас нас барж байна. Өнөөдөр 24 мянган хүн хорт хавдартайгаа тэмцэж буй талаар ЭМЯ-наас хэлэв. Ачаалалтай үед ХӨСҮТ дээр бүх ачааллыг төвлөрүүлэлгүй бусад эмнэлэг хавдрын мэс засал хийж буй нь сайн хэрэг ч, бусад эмнэлгүүд цогц эмчилгээ хийж чадахгүй байгаад гол асуудал байна. Тогтолцоонд асуудал буйг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хэлж байна.
Тэрбээр, Хавдрын мэс засал, хими, туяан, хөнгөвчлөх, хянах эмчилгээг дан ганц ХСҮТ барахгүй. Жишээлбэл бид хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг аль нь байх вэ гэдгийг сонгохдоо хавдрын эмчтэй байх ёстой гэдэг шаардлага эмнэлгүүдэд тавьдаг.
Нэгдүгээр эмнэлэгт хавдрын эмч байгаа байх гэж бодож байна. Мэдээж манай салбарын асуудал байгаа. Түүнийг үгүйсгэхгүй. Хүний нөөцийн асуудал байгаа. Хүмүүсээ төрөлжүүлж мэргэшүүлэх шаардлага байгаа гэв.
Энэ оны эхний эхний найман сарын байдлаар УНТЭ-т 948 хүн хавдрын оношоор хэвтэн эмчлүүлсэн. Үүнээс 478 нь мэс засал хийлгэжээ. Эмнэлгүүдэд хавдрын эмчилгээ хийх зөвшөөрөл өгөхдөө хавдраар мэргэшсэн эмч шаарддаг гэж ЭМЯ-наас мэдээлсэн бол нэгдүгээр эмнэлэгт л гэхэд цусны хавдраас бусад хавдрын эмчилгээг цогц хийж чадахгүй байгаа юм. Бид нэгдүгээр эмнэлгийн удирлагаас асуудал юунд байгаа талаар тодрууллаа.
Энэ талаар УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Б.Доржханд, Чи яагаад Монголын тогтолцооны асуудлыг надаас асуугаад байгаа юм. Манай бүх мэс заслын эмч нар бүгд хавдрын хагалгаанд орно. Харин цусны хавдрын эмч байгаа. Үүнийг илүү өргөжүүлэхийн тулд хавдрын дараах хими эмчилгээгээ авдаг болохоор зорьж ажиллаж байна гэсэн юм.
Хавдрын мэс засал хийж байгаа л бол хавдрын эмч, судлаач эмчилгээний бүрэлдэхүүнд зайлшгүй байх ёстой талаар ХСҮТ-ийн захирал Т.Эрдэнэхүү хэлж буй. Иймд ЭМЯ хавдрын эмчилгээ хийж байгаа бусад эмнэлгүүдийг цогц эмчилгээ хийж болох орчин нөхцлөөр хангах нэн шаардлагатай байна.