Хүн бүрийн амьдралын зам мөр, амьдралд хандах хандлага харилцан адилгүй. Өчүүхэн хийснийгээ уулыг эргүүлж, усыг буцаасан мэт сайрхаж, алдар гавьяанд шунаж, мартагдах вий гэхээс айж явдаг хүн олон. Харин эсрэгээрээ хийх ёстойгоо тултал нь хийгээд чимээгүйхэн оршиж, даруухан аж төрж буй нь ч цөөнгүй. Тийм эгэл даруу амьдарч буй эгэл бус алдартнуудын нэг нь Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ.
Ямар сайндаа “Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулах сан гэж хүлээдэг үү” гэж түүнээс асуухад “Миний санаа зовдог, ичдэг” гэж даруухан хариулах вэ дээ. Түүнээс өөр хүн байсан бол юу гэх байсан бол. “Би энэ цолны хэмжээний амжилт гаргасан, хөдөлмөрлөсөн. Цаг нь болсон” гээд итгэлтэй нь аргагүй хэлэхэд хүн бүхэн санал нийлнэ. Гайхах, шүүмжлэх хүн гарахгүй нь ойлгомжтой. Харин тэр тэгээгүй. У.Мөнх-Эрдэнэ гавьяат тийм л хүн.
Монголын хамгийн даруухан, үлгэр жишээ алдартан хэн бэ гэж уншигч танаас асуувал олон хүн түүнийг онцлох нь гарцаагүй. Тэрбээр олонд тийм их хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлэгдсэн боксчин. Зүгээр нэг хүндлэгдэх бус төдийгөөс өдий хүртэл хугацаанд алдар хүндээ нэг ч удаа сэвтүүлэлгүй, элдэв асуудалд холбогдолгүй явсаар ирснээр нь бахархах, үлгэрлэх хүн олон. Үүний сацуу гаргасан амжилт, ур чадвар, 40 хүрсэн өдий насандаа өөрөөсөө 10, 20 насаар дүү тамирчидтай ач тач өрсөлдөж яваа нь олны бахархлыг бүр ч төрүүлж, хүндлэл хүлээдэг.
У.Мөнх-Эрдэнэ гавьяат өнгөрсөн жил дотоодын сорил тэмцээнд түрүүлж, ДАШТ-д оролцох эрх авсан, 2022 онд л гэхэд УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь ясны тамирчных нь илрэл. Түүний үеийнхэн аль хэдийн зодог тайлаад, “тэтгэвэр”-тээ гарчихсан байгаа шүү дээ.
Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, Монголын хамгийн шилдэг ширэн бээлийтнүүдийн нэг У.Мөнх-Эрдэнэ өдгөө тэмцээнд оролцохын зэрэгцээ өөрийн клубээ нээн, дасгалжуулагчаар ажиллаж байна.
Түүнтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд сонирхуулъя. У.Мөнх-Эрдэнэ гавьяат сүүлийн 10-аад жил хэвлэлд томоохон ярилцлага өгөөгүй, ховрын ховор зочин. Ер нь хэвлэлд төдийлөн ярилцлага өгдөггүй, нам жим амьдрахыг эрхэмлэдэг нэгэн. Тэр хэрээр түүний ярилцлага олны сонирхлыг үргэлж татсаар, хүлээлтэд байсаар ирсэн билээ.
26 ЖИЛИЙН ТУРШЛАГААРАА ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ТАМИРЧИН БЭЛТГЭХИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭНЭ
-Та клубээ нээгээд тун завгүй явна. Ер нь хэр эртэч вэ?
-Үнэнийг хэлэхэд ер нь унтах дуртай. Өглөө бэлтгэл хийхийн тулд л эрт босдог байсан. Одоо дасгалжуулагч хийх гээд амьдралын шаардлагаар эрт босдог болчихлоо. Эхний бэлтгэл 07.30 минутаас. Би 07.00 цагт клубтээ ирчихсэн байх ёстой. Тиймээс өдөр бүхэн 05,30 цагт босож байгаа.
-Дасгалжуулагч болж, клуб нээснээр таны амьдралд, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарав?
-Мэдээж амьдралын хэмнэл өөрчлөгдлөө. Клубтээ өдөржин бужигнаж өнждөг боллоо. Тамирчин, дасгалжуулагч гээд спортын салбартаа байгаа учраас нэг их хүндрэл, өөрчлөлт алга. 50-60 хувь л өөрчлөгдсөн юм уу даа.
-Та Монголын шилдэг тамирчдын нэг. Харин хэр сайн дасгалжуулагч болох ирээдүйтэй гэж өөрийгөө дүгнэж байна вэ?
-Тэрийг цаг хугацаа л харуулна. Ард түмэн, тамирчид үнэлж, дүгнэх байх. Олон, олон тэмцээнд оролцлоо, өөрийн биеэр мэдэрлээ, туршлага хуримтлууллаа. Энэ талаасаа би өөрийгөө дажгүй гэж боддог.
Би 25, 30 нас хүртлээ бокс тоглосон бол тэр хэмжээний л зүйл ойлгоно. 40 нас хүрснийхээ дараа ч дэвжээн дээр өрсөлдөж яваагийн давуу тал их. Тэр хэрээр сурсан, туршлага хуримтлуулсан зүйлс минь их. 26 жилийн туршлагаараа өөрөөсөө илүү тамирчин бэлтгэхийн төлөө хичээнэ. Монгол хүүхдүүд авьяастай. Хамгийн гол нь туршлагатай, онолын мэдлэгтэй дасгалжуулагч л сайн бэлтгэх хэрэгтэй.
ХҮН ДУРТАЙ АЖЛАА ИТГЭЛТ НӨХДИЙН ХАМТ ХИЙХ ХАМГИЙН САЙХАН
-Одоо бүх анхаарлаа дасгалжуулагчийн карьер, клубтээ зориулах уу. Тамирны хувиар тэмцээнд оролцох уу?
-Би зодог тайлаагүй. Тиймээс ганц нэг тэмцээнд оролцоно. Дасгалжуулагчаа давхар хийгээд явна. Дасгалжуулагч, тамирчин гэж хэлж болно, яг өнөөдрийн байдлаар.
-Хүмүүжилтэй, даруухан, хөдөлмөрч тамирчин гэж таныг үнэлдэг, хүндэлдэг хүн олон. Ингэж төлөвшхөд тань хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?
-Миний амжилтад хамгийн нөлөөлсөн зүйл бол дур сонирхол. Би боксын спортод үнэхээр хайртай, дуртай. Жаахан байхдаа би нөгөө ангийн хоёр хүүхдийн хамт тэмцээнд оролцдог байлаа. Би тэмцээндээ 14, 21 хоног бэлтгэнэ. Нөгөө хоёр тэмцээний өмнө бэлдээд өрсөлддөг байв. Би тэмцээндээ аль болох сайн бэлдэх гээд чөлөө авчихдаг байсан юм. Боксын спортод илүү дуртай, сонирхолтой байсны маань илрэл.
Нөгөө талаар аз таарлаа гэж болно. Би бэлтгэлээс хамгийн сүүлд гарсан удаа бараг байхгүй. Хамгийн түрүүнд ирдэггүй. Багш нар “Мөөгий чи битгий хоцор. Бэлтгэлээс битгий түрүүлж гараад бай. Хүүхдүүд, тамирчид чамаас үлгэрлэнэ” гэдэг байв.
Түргэн сэргэлт авдаг нь миний давуу тал. Тамирчид бэлтгэлийн дараа бүтэн амарчихаад маргааш хийе гэж байхад би гялс амарчихаад дахиад нэг ч болтугай дасгал хийх гэж хичээдэг. Тухайн өдрийн бэлтгэл дуусахаас өмнө амжуулаад. Боксчид долоо хоногт таван өдөр бэлтгэл хийж байхад би зургаан хоног базаачих сан гэж зүтгэдэг. Бие бялдрын онцлог бий. Үүнийг л би аз таарлдаа гээд байгаа юм.
Тамирчны амжилтад сахилга бат, хүмүүжил их чухал. Спортоо, тэмцээнээ л боддог. Энэ нь эргээд сонирхолтой холбоотой. Хүн хамгийн дуртай, сонирхсон ажлаа итгэлтэй анд нөхдийн хамт хийх үнэхээр сайхан.
КОРОНАВИРУС ТУСААД ДАШТ-Д ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙДЭЭ ХАРАМСААГҮЙ
-Энэ жил УАШТ-д өрсөлдсөнөөсөө хойш тэмцээнд оролцсон бил үү?
-Оролцоогүй. Сүүлийн жилүүдэд тэмцээнд цөөхөн өрсөлдлөө. 2014 оноос хойш өөрөө зардлаа олоод олон улсын гурван тэмцээнд хүч сорьсон. Өнгөрсөн жил сорилго тэмцээнд түрүүлж, эрхээ аваад ДАШТ-д оролцохоор очсон.
-Коронавирус туссаны улмаас оролцож чадаагүй.
-Тэгсэн. Тэнд очсоныхоо дараа коронавирус туссан. Амтлах, үнэрлэх чадвараа алдаагүй ч бусад тамирчдаа эрсдэлд оруулахаас болгоомжлон шууд Монгол руугаа буцсан.
-Найман жилийн дараа ДАШТ-д өрсөлдөх эрх авсан ч оролцож чадсангүй гэж харамссан уу?
-Харамсаагүй. Хүндээр хүлээж аваагүй. Эрүүл мэнд чухал л гэж бодсон. Мэдээж хүнд зорилт, зорилго байлгүй яах вэ. Гэхдээ бүр аймар том зорилго тавьчихаад түүндээ хүрэх гээд шаналаад байвал хэцүү шүү дээ. “ДАШТ-д түрүүлж, амжилтаа ахиулах байсан юм. Боломжоо алдчихлаа. Яагаад ийм юм болчихов” гэж бодвол би өөрийгөө л нервитүүлэхийн нэмэр. “Болохгүй” гээд өөрийгөө тайвшруулчихаар өөрийгөө огт зовоолгүйгээгээр тэр үеийг даваад гарчихаж байгаа юм.
-Олимп, дэлхийгээс дахиад медаль авах сан гэсэн амбиц танд бий юү?
-Сүүлийн 7, 8 жил миний тэмцээний форм холдчихлоо. Энэ жил УАШТ-д өрсөлдөхдөө алтан медалийн төлөө ОУХМ Б.Чинзоригт ялагдсан. Нэг онооны зөрүүгээр л дийлдсэн байна лээ. Ер нь дажгүй тоглосон гэж бодож байгаа.
-Таны үеийн боксчид зодог тайлчихсан. Одоо та өөрөөсөө 10, 20 насаар дүү тамирчидтай өрсөлдөж байгаа. Формоо ингэж олон жил хадгалж буйд юу хамгийн их нөлөөлдөг вэ?
-Мэдээж байнгын бэлтгэл, бие бялдрын онцлогтой холбоотой. Би өөртөө бий болгосон бэлтгэлийн систем, ачаалал даах чадвар гээд олон зүйл үүнд нөлөөлдөг. Энгийн зүйл өөрөө агуу гэж хүмүүс ярьдаг. Энгийн атлаа хүмүүс төдийлөн анзаардаггүй зүйлс надад байгаа.
ТЭДЭН НАС ХҮРТЛЭЭ БОКС ТОГЛОНО ГЭЭД ТОДОРХОЙ БОДСОН ЮМ АЛГА
-Зодог тайлах талаар заримдаа бодогдох юм уу?
-Хүний нөөц, боломж хязгааргүй. Хэдэн нас хүртлээ ч бокс тоглож магадгүй. Энийг би өөрөө ч мэдэхгүй. Тиймээс би тэдэн нас хүрээд зодог тайлна гэж хэлж чадахгүй. Боломж гарвал тэмцээнд оролцоод л байна.
Ер нь сонирхогчдын боксын тэмцээнд 41-ээс дээш настай тамирчин оролцохыг хориглодог. Тухайн тамирчин саналаараа 2-3 жил тоглож болдог. Тэгж тоглоод дэлхийн аварга болсон боксчин бий. Би одоо 40 настай. Юу болох нь уу, байдлыг харъя. Өмнөх шигээ ачаалалтай бэлтгэл хийж, формоо барьж чадах уу, үгүй юү. Энэ их чухал. Тэмцээнд оролцоод явахад болохгүй юм байхгүй. Яг тэгээд сүрхий бодож, төлөвлөсөн юм алга, одоогоор.
Би дасгалжуулагчийн карьераа эхлүүллээ. Тиймээс дасгалжуулагчийн ажлаа нэгдүгээрт тавина.
-Аливаа зүйл цаг хугацаатай. 40 нас хүрэхээр ачаалал даах чадвар, хүч тэнхээ тань өмнөх шигээ байх юм уу. Чаддаг байснаа чадахгүй болох, ядрах ч юм уу тиймэрхүү зүйл анзаарагдах юм уу?
-Тийм зүйл огт анзаарагддаггүй. “Би өмнөх шигээ байж чадахгүй байна” гэх мэдрэмж мэдрээгүй. Надад ёстой асуудал байхгүй. Яг залуугийнх шигээ, өмнөх шигээ байгаа.
Харин залуу тамирчид “Мөөгий ах 40 насандаа улсын аваргад финалдчихлаа. Хөөх” гэхээр надад сэтгэл зүйн хувьд нерьвитэй байдаг. Ичмээр.
“Би УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн” гээд шигшээ багт орчихвол ичмээр байхгүй юу. Хууль, дүрэм яриад явбал болохгүй юм байхгүй.
-Та улсын аваргын түрүүг өдий насандаа булаалдаж байгаа нь Монголын боксын ундарга, залгамж халаа муу байгаагийн илрэл мөн үү?
-Биш ээ, би тэгж бодохгүй байна. Доороос олон сайн тамирчин төрөн гарсаар байгаа. Залуу тамирчид муу байгаагүй. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү, би сайн байсан.
-Өнөөгийн гаргаад буй амжилтдаа хэр сэтгэл хангалуун явдаг вэ. Тэгсэн бол гээд сэтгэл дундуур явдаг зүйл бий юү?
-Миний үзүүлсэн тодорхой хэмжээний амжилт миний хувьд аягүй амархан санагддаг. Үзүүлэхэд болчихоор, тийм өндөр гэж боддоггүй.
Олимп, дэлхийн аваргын медалийнхаа тоог ахиулж, өнгийг нь хувиргах боломж надад байсан уу байсан. Нөгөө талаас нь харвал, огт медаль авахгүй ч байж болох байсан. Томоохон бүх тэмцээнээс медаль хүртлээ, азтай байлаа. Мэдээж сэтгэл хангалуун байлгүй яах вэ. Хүссэн тамирчин бүхэн гаргаж чадах амжилт биш шүү дээ.
Бэлтгэл хийж байсан, үеийнхээ тамирчдын төлөөлөл болж өнөөгийн амжилтад хүрсэндээ баяртай явдаг. Олон, олон тамирчин, дасгалжуулагч, найз нөхдийн минь хөлс, хөдөлмөр, дэмжлэг миний амжилтад шингээстэй бий.
Энэ ташрамд, би нэг хүнийг тодотгож ярьмаар байна. ОУХМ, Азийн аваргын медальтай Б.Баянмөнх гэдэг тамирчин бий. Бид хоёр багаасаа рингэн дээр өрсөлдсөн. Баянаа бэлтгэл аймар хийнэ. Бид хоёр нэгнээ их хурцална. Миний амжилтад их нөлөөлсөн хүн. Тийм сайн анд, өрсөлдөгчтэй байсандаа баярлаж явдаг. Олон жил бокс тоглосон болохоор олон сайн өрсөлдөгч бий. Бүгдийнх нь нэрийг дурьдаж амжихгүй нь.
Мөн энд заавал дурдах учиртай хүн бол яах аргагүй Ц.Амаржаргал багш минь. Багшдаа үнэхээр их баярлаж явдаг.
ХҮН ЧАНАРТАЙ АМЬДРАХЫГ ЧУХАЛЧИЛДАГ
-Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
-Тийм айхтар лоозон байхгүй ээ. Хүн чанартай л амьдрах хэрэгтэй. Аль болох хүн чанартай амьдрахыг чухалчилдаг.
-Амьдралаас, спортоос авдаг хамгийн гоё мэдрэмж тань юу бол?
-Маш олон бий. Ганц нэгхэн зүйлийг дурдах боломжгүй. Амьдрал эгэл тусмаа сайхан гэдэг шиг энгийн зүйлсээс гоё мэдрэмж, кайф авахыг хичээдэг. Гудамжинд улиас тарьчихсан байхад ногоороод их гоё харагддаг. Өдрөөс өдөрт өндөр урган, ногоорч буй улиасыг харахад гоё мэдрэмж төрдөг. Хамгийн эхний жишээ энэ. Би дуртай, хайртай спортоороо хичээллэн, дасгалжуулагч хийгээд клубтээ ингээд зогсож байгаа минь хэчнээн сайхан бэ.
Та хэдэд ярилцлага өгөөд, ингээд зогсож байгаа минь ч гэсэн надад таатай мэдрэмж төрүүлж байна.
-Та ер нь дотогшоо юм шиг санагддаг. Хэр нээлтэй вэ?
-За, яах вэ, ер нь дунд зэрэг л байх. Гэр бүлийнхэн, дотны найзуудтай нээлттэй, илэн далангүй байж чаддаг.
-Хамгийн тэвчдэггүй зан тань юу вэ?
-Өө, зөндөө бий. Би бусдыг алдаа, дутагдалтай талаас нь аль болох харахгүйг хичээдэг. Гэрэл, сүүдэртэй зүйлсээр энэ ертөнц дүүрэн. Бүх зүйлийг гэгээлэг талаас нь харахыг хүсдэг.
-Монголын боксын спортод оруулсан гавьяа гэвэл та юу, юугаа онцлох вэ?
-Би, би гээд ярих онцгүй. Бокс ганцаарчилсан төрлийн бокс. Гэхдээ багийн амжилтаас асар их шалтгаалдаг. Баг хамт олон эв нэгдэлтэй байгаа үед өндөр амжилт гаргадаг.
Спортыг бүхлээр нь харвал би нэг хэсэг нь. Миний тодорхой хэмжээний өчүүхэн амжилт бол мэдээж маш олон хүнтэй холбоотой. Өрсөлдөгч нар, баг хамт олон, Ц.Амаржаргал багш маань маш тус болсон.
-Амжилт тодорхой хэмжээнд сааран, нам гүм амьдрахын хэрээр олны хандлага өөрчлөгдөх юм уу?
Албан ёсоор шигшээ багт байхгүй ч гэсэн албан бус шигшээд түрүү жил хүртэл бэлтгэл сургуулилалт хийгээд явсан. Түрүүн хэлсэнчлэн аль болох гэгээлэг талаас нь харахыг хичээдэг. “Хүмүүс намайг юу гэж бодож байна. Хандлага нь өөрчлөгдөж байна уу” гээд бодвол би тэр талаас нь л харна. Хүмүүсийн хандлагыг мэдрэлгүй яах вэ. Зүгээр л ач холбогдол өгөхгүй байхыг хичээдэг.
БИ МАРТАГДАХААС АЙДАГГҮЙ
-Олонх алдартан мартагдахаас, хэн нэгэн өөрийг тань дурсахгүй, ярихгүй байхаас айдаг. Та мартагдахаас айдаг уу?
-Айдаггүй. Зүгээр л хийх ёстойгоо хийгээд, бусдын адил амьдрахыг, энгийн, эгэл байхыг хүсдэг. Нэг зүйлийг хүмүүс жаахан буруугаар ойлгоод байдаг юм байна лээ. Бокс миний хувьд амьдралын минь салшгүй нэг хэсэг. Маш том орон зай эзэлдэг. Зүгээр л амжилт гаргах, шагнал авах, цалингийн төлөө би бокс тоглодоггүй. Миний хамгийн дуртай, сонирхдог зүйл, ажил минь гэдэг талаас нь их бодож явдаг.
Хүн бүхэн цалин авах гэж ажил хийдэг. Би хэзээ ч санхүүг нэгдүгээрт тавихгүй. Хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй зүйл. Хэрэггүй гэж туйлшрахгүй. Гэхдээ нэгдүгээрт тавих зүйл биш. Зүгээр л цаас шүү дээ. Хэрэгтэй үедээ хэрэгтэй. Хэрэггүй үедээ хэрэггүй.
ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ЗҮЙЛ МААНЬ МИНИЙ ГЭР БҮЛ
-Та манай уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу. Хэдэн хүүхэдтэй билээ?
-Хамгийн үнэ цэнтэй зүйл маань миний гэр бүл. Бүр надаас ч чухал. Бүх юмны тэргүүнд би гэр бүлээ л тавьдаг. Хамгийн үнэ цэнтэй зүйл минь учраас энэ талаар бусдад дэлгэмээргүй байна. Нууц хэвээрээ үлдэг. Уучлаарай, ойлгоорой.
-За, та санаа зоволтгүй ээ. Гэр бүлээ гэсэн сэтгэлийг тань хүндлэлгүй яах вэ.
-Баярлалаа.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛОХ СОН ГЭЖ БОДОЖ БАЙГААГҮЙ
-Танд Хөдөлмөрийн баатар цол олгох цаг нь болсон гэж дэмждэг хүн олон. Энэ талаар та өөрөө ямар бодолтой явдаг вэ?
-Би энэ талаар хэзээ ч бодож, Хөдөлмөрийн баатар болох сон гэж хүсэж байгаагүй. Хүмүүс энэ талаар ярихаар ичдэг. Эмч, цагдаа, онцгой байдлын ажилчдыг хамгийн түрүүнд энэ цолоор шагнах нь зүйтэй.
Надад Хөдөлмөрийн баатар цол олгох ёстой гэж дэмжиж явдаг хүмүүст баярлалаа. Гэхдээ дахиж битгий тэгж яриарай. Надад ичмээр санагдаад байдаг юм. Харин тэгэхийн оронд спорт, ажилд минь хүсээрэй гэж хэлмээр байна.
Ер нь Хөдөлмөрийн баатар цолны талаар ярьсан хэсгийг хасчихвал зүгээр юм биш үү. Би энэ цолыг авах байтугай энэ талаар ярихаас ч ичээд байдаг юм л даа.
-Ярилцлагадаа оруулсан нь зүгээр санагдаж байна. Хөдөлмөрийн баатар болохыг хүсэж явдаг эсэхийг тань хүмүүс сонирхож байгаа нь мэдээж.
-Тийм үү, тэгвэл өөрөө л мэд дээ. Би ер нь шагнал урамшуулалд нэг их ач холбогдол өгдөггүй. Дайнд баатар байдаггүй гэж ярьдаг шүү дээ. Тэгж байгаад нэг нь баатар болчихдог. Спорт үүнтэй төстэй байхгүй юу.
-Хөдөлмөрийн баатар болох хэмжээний хөлс, хөдөлмөр, амжилт гаргасан гэж та өөрийгөө боддог уу?
-Би өөрийгөө дүгнэх дэмий. Өөрийгөө магтаж байгаа юм шиг эвгүй санагдаад байдаг юм. Хүмүүс намайг юу гэж дүгнэдэг нь л чухал шүү дээ.
-Та их даруухан юм. Энэ нь заримдаа дутагдал болох юм уу?
-Хүн хаана ч, хэний ч дэргэд өөрийнхөөрөө байх чухал. Дүр эсгэж амьдрах муухай. Би байгаагаараа л байх дуртай.
УЛИАС МОД ТАРИАРАЙ ГЭЖ ЗАЛУУСТАА ЗӨВЛӨЕ
-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Залууст хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Хотод улиас их суулгавал зүгээр санагдаад байдаг юм. Боломж гарвал улиас мод суулгаарай гэж залуустаа зөвлөе, уриалъя. Энэ ярилцлагыг уншиж буй бүх хүнд сайн сайхныг хүсье. Тэр тусмаа Цэрэндоржийн Амаржаргал багшдаа баярлаж, талархаж явдаг шүү. Миний өчүүхэн амжилт багштай минь холбоотой. Багшдаа сайн сайхныг хүсье. Намайг үргэлж дэмждэг, урам өгдөг монгол түмэндээ талархаж явдгаа илэрхийлье.