Жил жилийн улсын наадмын дараа допингийн асуудал нэлээд маргаан дагуулдаг болоод удаж буй. “Тэдэн бөхөөс допинг илэрлээ” эсвэл “Илрээгүй” гээд зарладаг ч үнэн эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Баяр наадмыг зохион байгуулах хороо, Допингийн эсрэг үндэсний төвийнхөн ажил хийдэг, допинг илрүүлдэг гэж харагдахын тулд танилгүй, мөнгөгүй ганц нэг бөхөөр “туг тахиад” өнгөрдөг гэх хардлага олны дунд бий. Үнэндээ хэдэн бөхөөс допинг илрээд, хэдийг нь хав дараад өнгөрч буйг хэн ч мэдэхгүй.
Өнөө жил л гэхэд улсын наадмын бөх, харваач нийлсэн 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Гэтэл эхлээд 74, дараа нь гурван шинжилгээний хариу ирсэн. Яагаад ч юм бэ, одоо гурван шинжилгээний хариу ирэхгүй байгаа. Үнэхээр ирээгүй юү. Ирснийг нь ирээгүй гээд, цаана нь цаг хожиж байгаа ч юм бил үү.
Допингийн олон улсын ямар ч лаборатори “Өнөөдөр тэдийг, дараа нь төчнөөнийг явуулна” гэдэггүй. Адил цаг хугацаанд илгээсэн дээжийн хариу ижил өдөр л ирэх учиртай. Гэтэл улсын наадмын допингийн шинжилгээний хариу ингэж уван цуван ирж буй нь цаанаа “но”-той байх үндэслэлтэй.
“БНСУ-аас допингийн шинжилгээний хариуг Монгол руу илгээлээ” гэх мэдээлэл цацагдангуут дээр, дооргүй бужигнадаг. “Манай нутгийн бөхөөс арай илэрчихээгүй байгаа” гээд олон түмэн ч түгшээстэй. Дуншиж, дуншиж “Тэдэн бөхөөс допинг илэрлээ” гэж зарлангуут араас нь бөөн маргаан өөрийгөө өмөөрсөн, асуудлаас бултсан тайлбар өрнөдөг. Ер нь шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрсөн, буруугаа хүлээсэн бөх үгүй, Н.Батсуурь аваргыг эс тооцвол. Олонх нь “Миний шээсийг сольчихлоо. Намайг хорлочихлоо” гэдэг. “Санамсаргүй эм уутал допингийн төрлийн эм, бэлдмэл агуулсан байж. Мэдээгүй хэрэглэсэн, би буруугүй” гээд өөрийгөө өмөөрдөг.
Нөгөө талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо, МҮБХ бөхчүүдэд харилцан адилгүй шийтгэл оногдуулж, өөгшүүлдэг. Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва хоёроос допинг илрэхэд яалаа даа. Ардын хувьсгалын 100 жилээр барилдуулахын тулд 11-хэн сараар эрхийг нь хасаад өнгөрсөн.
Дараа нь МҮБХ нэр бүхий таван бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан ч шийтгэлийн хугацаа нь дуусаагүй байхад буюу энэ жил наадмын өмнө гэнэт сэргээсэн. Шийтгэл бол шийтгэл. Хүнд бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Гэтэл энэ мэт харилцан адилгүй шийтгэж, хандаж буй нь допингийг улам өөгшүүлж, гааруулсаар байгаа юм.
За, энэ ч яах вэ. Гол асуудалдаа оръё. Допингийн шинжилгээний хариуг үнэн, бодит зарлаж буйг цэгцлэх, маргаангүй болгох нэг арга байна. Үнэндээ энгийн гаргалгаа л даа. Допингийн шинжилгээний хариу ирэнгүүт задлахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж, ил тод зарладаг болъё. Тэгвэл бөхчүүдийн дунд элдэв маргаан үүсэхгүй, олон түмэнд “Допинг илэрсэн хэн нэгнийг зарлаагүй үлдээчихээгүй байгаа” гэх эргэлзээ төрөхгүй. Нөгөө талаар танил талтай, бэлтэй бөхчүүд ч “Хэдэн төгрөг өгөөд допинг хэрэглэснээ аргалуулчихъя, хав даруулъя” гэх боломжгүй болж, башир арга нь мухардах нь лавтай.