Монголын чөлөөт бөхөд Батцэцэг гэдэг нэртэй тамирчин олон бий. Тэднээс шударга зан, шулуухан яриа, гаргасан амжилтаараа эрс ялгардаг нь Баатарзоригийн Батцэцэг юм. “Баавгай” хочтой түүнийг залуучуудын олимпын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Монголын анхны тамирчин гэдгээр нь уншигчид андахгүй. Тэрбээр одоогоос 12 жилийн өмнө буюу 2010 оны наймдугаар сарын 16-нд Сингапурт болсон залуучуудын олимпод түрүүлж, монгол түмнээ баярлуулсан юм. Түүний амжилт булган сүүлтэй байж ердөө зургаахан хоногийн дараа Г.Эрдэнэболд спортын гимнастикийн төрөлд түрүүлж, Монголын тамирчид хос алтан медальтай ирж байв. Б.Батцэцэг залуучуудын олимпын анхны аварга болсон түүхэн өдөр өчигдөр тохиолоо.
ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ ЧӨЛӨӨТ БӨХТЭЙ АМЬДРАЛАА ХОЛБОЖЭЭ
Налайх дүүрэгт төрж, өдгөө ч тэндээ амьдарч буй Б.Батцэцэг дасгалжуулагч Д.Мөнхбаярын унаган шавь. Багадаа мисс болохыг мөрөөддөг байсан тэрбээр тавдугаар ангид байхдаа Д.Мөнхбаяр дасгалжуулагчийн шавь болжээ. Багшийнхаа чөлөөт бөхийн дугуйланд төрсөн өдрөөрөө бүртгүүлэн, анх хичээллэсэн гэдэг. Дараа жил нь УАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ.
Б.Батцэцэг эхээс гурвуулаа. Эмэгтэй дүү нь мөн чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Түүний амьдралд хамгийн дурсамжтай, Монголын спортод тод мөрөө үлдээсэн тэмцээн бол яах аргагүй залуучуудын олимпын наадам. Залуучуудын олимпын анхны аварга болсноор нь монгол түмэн өдгөө ч бахархдаг.
ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПОД ТҮРҮҮЛСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН
Түүхэн амжилтынхаа талаар Б.Батцэцэг дурсахдаа “Манайх тийм ч хангалуун амьдралтай айл байгаагүй ээ. Аав уурхайд ажилладаг, ээж хөгжлийн бэрхшээлтэй. Залуучуудын олимпод оролцохынхоо өмнө тухайн үед гурван настай байсан дүүгээсээ “Эгч нь ямар медаль авах вэ” гэж асуухад “Хананд өлгөсөн медалиудыг харж байснаа алтан медалийг зааж билээ”. Сингапур явахдаа ээжид “Охин нь заавал олимпын аварга болж, таныгаа баярлуулна” гэж амласан юм. Шагналын тавцанд зогсож байхдаа монгол хүн болж төрснөөрөө их бахархсан. Ээжтэйгээ “Би чадлаа” гээд утсаар ярьж байснаа өчигдөр болсон мэт тод санаж байна. Тэгж би амлалтдаа хүрч, дүүгийн зөгнөл биелсэн” гэсэн юм.
Харамсалтай нь, тэрбээр алдарт тамирчдын залгамж халаа болох ирээдүйтэйгээ батлан, олны хүндлэлийг хүлээн, ид цахилж явахдаа бэртсэн. Хөлнийх нь бэртэл ужгирсаар өдий хүрсэн ч Б.Батцэцэг бууж өгөөгүй, дэвжээндээ эргэн ирэх мөрөөдлөө орхиогүй.
СПОРТЫН ЗАМНАЛЫГ НЬ БҮДГЭРҮҮЛСЭН БЭРТЭЛ
Бэртсэний дараа хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдсөн. Үл ойшоох, ашгүй бэртчихэж гэж байгаа юм шиг хандах л хамгийн хэцүү. Ингээд бүх зүйл дууслаа, барилдах боломжгүй боллоо гэж бодохоор харамсаад баршгүй. Шантармаар, барилдахаа больё гэмээр олон бэрхшээл тулгарсан ч даван туулсаар өдий хүрэхдээ би ээжийгээ л бодож, урам авсан. Ээжийгээ дахин баярлуулан, ачийг нь хариулахын төлөө ухарч болохгүй шүү гэж өөрийгөө өдөр бүр хурцалдаг. Одоо харин эрч хүч авах хүн нэгээр нэмэгдсэн нь миний охин. Хүүхэд минь амьдралд маань гэрэл гэгээ, утга учир нэмсэн. Анхнаасаа спортоор бус, өөр салбарт хүч сорьсон бол ийм эрсдэлтэй тулгарч, бэртэхгүй байсан гэж боддоггүй. Чөлөөт бөхөөр барилдан, тамирчин болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Миний л сонгосон шийдвэр, миний л амьдрал шүү дээ” гэлээ.
“Зарим тамирчин бусдад мартагдахаас айдаг. Та айдаг уу” гэж асуухад “Айдаггүй. Алдар нэр мөнх бус шүү дээ” гэж даруухан хариулсан.
Мартах учиргүй амжилт, мартагдах ёсгүй хүн гэж бий. Ийм гавьяаны эзэн бол яах аргагүй “Баавгай” Б.Батцэцэг.