Монголчууд хандиваар л амьдардаг боллоо. Ингэхгүй л бол амьсгал тасарч, амьдрал сүйрнэ. Эх орондоо эмчлүүлэх боломжгүй гэдэг хариу сонссон зуу зуун хүн, балчир үрс амьд үлдэхийн тулд чадах бүхнээ л хийж байна. “Би, бид амьдармаар байна” гэж бусдаас аврал эрж байна.
2019 ОНД 498 ХҮН ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХЭД 48 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ
Манай улсад жил бүр 6000 хүн хавдартай гэж оношлогдож, 4000 хүн нас барж байна. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн нэг сумын хүн амаа ганцхан жилд бид хавдраар алддаг гэсэн үг. Сонсохоос ч цочирдом энэ тоо жил бүр өссөөр. Гэвч энэ мэт дийлэнх хүнд өвчнийг Монголд эмчлэх боломжгүй тул иргэд эцсийн аргаа шавхаад гадаад руу явах ганцхан сонголттой л үлдэж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар, зөвхөн 2019 онд л гэхэд манай улсын 498 иргэн гадны улсад эмчилгээ хийлгэх өртөг зардал нь нийт 48 тэрбум төгрөг болжээ. Хэдэн зуун саяын үнэтэй мэс заслыг ганц гэр бүл нугална гэдэг амаргүй. Байр машинаа зарж, хамаг байдгаа шавхсан ч ийм хэмжээний мөнгийг хаанаасаа олох билээ. Ингээд л хайртай хүмүүсээ аврах гэсэн хүмүүс эцсийн найдвараа тээн “Надад туслаач…” гэх хандивын аянг горьдлого тээн эхлүүлдэг. ЭМЯ-ны мэдээллээр, гадны улсад эмчлүүлэх иргэдийн ердөө дөрөвний нэг нь нэг эх үүсвэрээс эмчилгээний зардлаа бүрдүүлдэг. Харин дийлэнх нь зээл, хандив тусламжаар эмчилгээний зардлаа олж байна.
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН 5 ХУВЬ ИРГЭДЭД НЭМЭР БОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
2011 онд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтыг баталж, эмчилгээнд явах иргэдэд Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг үзүүлэх анхны эрх зүйн бичиг баримтыг баталж байжээ. Улмаар, энэ жагсаалтыг 2017 онд шинэчилсэн. Үүнд зааснаар, нийт 8 чиглэлийн 26 төрлийн өвчинг “Монголд эмчлэх боломжгүй” гэсэн жагсаалтад багтааж, нийт эмчилгээний зардлынх нь 5 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг төрөөс буюу Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг болгон олгоно” гэж заажээ. Харамсалтай нь, хоёр, гурван зуун саяын мэс засалд орох хүнд нийт төлбөрийн 5 хувь гэдэг төдийлэн нэмэр болж чадахгүй нь бодит үнэн. 100 саяын төлбөр шаардлагатай хүнд 5 саяыг нь л олгоно гэсэн үг. Тиймээс одоогийн хууль, эрх зүйн тогтолцоонд өөрчлөлт оруулж, Монголд эмчлэх боломжгүй, өндөр өртөгт эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зохицуулалт хийх шаардлагатай болжээ. 2016-2018 онд нийт 104 хүн ЭМЯ-наас буцалтгүй тусламж хэлбэрээр эмчлүүлсэн зардлынхаа 5 хувийг буцаан авсан судалгаа байна. Цаашид, төрөөс жил бүр Эрүүл мэндийн сайдын багцдаа 500 сая төгрөг төсөвлөөд өнгөрдөг биш, иргэд өвдсөн үедээ даатгалынхаа үр шимийг хүртдэг тийм тогтолцоо ус агаар мэт үгүйлэгдэж байна. Сүүлийн 5 жилийн судалгаагаар, эрхтэн шилжүүлэх суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас манай улсын 202 иргэн гадаад улсад эмчлүүлсэн байна. Үүнээс, 28,6 хувь нь БНСУ-д, 27,7 хувь нь БНХАУ-д, 22,8 хувь нь БНЭУ-д, бусад нь өөр улс оронд мэс засал хийлгэжээ.
ХЭЗЭЭ БОЛТОЛ ХАНДИВААР АМЬДРАХ ВЭ?
Өнөөдөр 50 гаруй хүүхэд гадаад улсад эмчлүүлэх шаардлага болж, эмчилгээний төлбөрөө олохоор хандив цуглуулж байна. Эцэг эхчүүд нь чадах бүхнээ хийж, тусламж гуйн суух дүр зурагтай хэд алхаад л тааралдана. Хэрэв өнөөдөр Монголд эрүүл мэндийн салбар хөгжчихсөн байсан бол, төр засаг хөгжүүлэх тал дээр анхаардаг байсан бол тэд ингэж зовж суухгүй байх байлаа. Харамсалтай нь, төр иргэдээ “Хандиваа эрээд, учраа ол” гээд хөсөр хаячихсантай ялгаагүй байна.
“Өнөөдөр төр Эрт илрүүлгийн аян зарлаж эхэллээ. Жилд 60 тэрбум төгрөг зарцуулна. Иргэдийнхээ эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн мэдэгдэж байна. Нэг талаас сайн хэрэг. Гэхдээ төр хууль эрх зүйн талаас нь шийдэл гаргаж, хүнд өвчтэй иргэдээ хөсөр хаяхгүй байх боломжийг ч давхар эрэлхийлмээр байна. Эхний ээлжинд хүнд өвчтэй хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, 50-аас дээш хувийн зардлыг нь төрөөс олгодог болмоор байна.
Хууль тогтоогчид үргүй зардал гаргаж, тэрбум тэрбумаар нь “идэж” суудаг хэрнээ насаараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар хураамжаа төлж ирсэн иргэддээ 5 хувийн төлбөр өгөхтэй үгүйтэй ханддаг байж боломгүй. Хууль санаачлах, батлах эрх ард түмний саналаар бүрдсэн УИХ,УИХ-ын гишүүдэд бүрэн бий. Хэзээ болтол бид хандив гуйж, амьд үлдэх вэ? Иргэд чинь цөхөрч, уйлж байна. Төр, төрийн түшээд юу бодож суугаа бол…